Logo

УИХ-ын 2024 оны сонгуулиар сонгогчдын саналын 60.3% нь гээгджээ

Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан нам эвсэл, нэр дэвшигчдийн авсан санал болон сонгогчдын ирцийн мэдээллийг нэгтгэж харвал саналаа өгсөн сонгогчдын 60.3%-ийнх нь санал гээгджээ.
Datastory · 2024-07-01 · Уншсан: 1416

Парламентын 9 дэх удаагийн сонгуулиар сонгогчдын санал хамгийн их гээгдсэн үр дүн харагдаж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан нам эвсэл, нэр дэвшигчдийн авсан санал болон сонгогчдын ирцийн мэдээллийг нэгтгэж харвал саналаа өгсөн сонгогчдын 60.3%-ийнх нь санал гээгджээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр (2024.7.1-ний өдөр) УИХ-ын гишүүний үнэмлэхээ авч буй 126 гишүүн нь нийт санал өгсөн иргэдийн 39.7%-ийн саналаар төрийн эрх барих дээд эрх мэдэлд суулаа. 

УИХ-ын ардчилсан анхны сонгууль болсон 1992 оноос хойшхи үр дүнг сонгуулийн холимог тогтолцоо ашигласан үед сонгогчдын санал хамгийн их гээгддэг зүй тогтол байна. Тухайлбал, 2012 оны сонгуулийг мөн дийлэнх олонх (мажоритар) болон хувь тэнцүүлсэн (пропорциональ) тогтолцоог хослуулан хийж байсан бөгөөд саналаа өгсөн иргэдийн 58%-ийнх нь санал гээгдсэнийг Азийн сангаас гаргасан “Монгол Улсын сонгууль 1992-2021” эмхэтгэлд дурджээ. 

Энэ жилийн УИХ-ын сонгуулийг ч мөн 2012 оныхтой адил холимог тогтолцоогоор хийсэн. Ингэхдээ тойрогт буюу 78 гишүүнийг сонгоход мажоритар, үлдсэн 48 гишүүн буюу нам эвслийн жагсаалтыг сонгох сонголтыг пропорциональ системээр явуулсан. Сонгуулийн үр дүнгээс харвал, тойрогт нэр дэвшигчид саналаа өгсөн иргэдийн 40%, жагсаалтаар нэр дэвшигчид саналаа өгсөн сонгогчдын 86%-ийн саналаар УИХ-ын гишүүн болж байна. 

Судлаачдын хэлж буйгаар мажоритар тогтолцооны үед сонгогчдын санал гээгддэг сул талтай ч Засгийн газар тогтвортой ажилладаг давуу талтай аж. Харин пропорциональ тогтолцоо нь сонгогчдын санал гээгддэггүй давуу талтай боловч Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад халгаатай байдаг байна. 

Түүхийг эргэн санавал, 2012 оны сонгуулийн үр дүнд Н.Алтанхуяг тэргүүтэй хамтарсан Засгийн газар байгуулагдсан хэдий ч 2014 оны 11 дүгээр сард Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын халаагаа өгсөн.