Logo

Сонгогчдын санал парламент дахь суудалтай дүйдэггүйн учир

Азийн сангаас эрхлэн гаргасан "Монгол Улсын сонгууль 1992-2021" эмхэтгэлээс парламентын 8 удаагийн сонгуулийн үр дүн, түүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн талаар бэлтгэн хүргэж байна.
Datastory · 2024-06-14 · Уншсан: 1968

Парламентад эзэлж байгаа суудлын тоо нийт сонгогчдын өгсөн саналын хувьтай дүйхгүй байгаа нь эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд сонгуулийн тогтолцоог өөрчилдөг байсантай холбоотой гэж Монгол Улсын сонгууль 1992-2021” эмхэтгэлд дүгнэжээ.

 

 

Азийн сангаас гаргасан тус эмхэтгэлд дүгнэснээр 1992 оноос хойш Монгол Улс парламентын нийт 8 удаагийн сонгууль хийсэн бөгөөд үүний тэн хагаст нь МАН/МАХН УИХ дахь суудлын 80-аас дээш хувийг эзэлж үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Гэтэл энэ нь нийт сонгогчдын саналын дунджаар 57.1%-ийг л төлөөлж байв.

 

 

 

 

Манай улс 2020 он хүртэл сонгуулийн тогтолцоог нийт 7 удаа өөрчилжээ. Ялангуяа сонгуулийн хуулийг сайжруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр 1992, 1996, 2005, 2011, 2015, 2016, 2019 онд буюу ихэнх өөрчлөлтийг сонгуулиас өмнө хийсэн аж. Өөрөөр хэлбэл, энэхүү өөрчлөлтийг тухайн үеийн улс төрийн байдал болон сонгуулийн тогтолцоонд ямар нэг зарчим, үнэт зүйл баримтлах гэхээс илүү эрх баригч намд ашигтай байдлыг тооцож хийж ирсэн гэж тус эмхэтгэлийг боловсруулсан судлаачид дүгнэжээ.

Ашиглаж буй сонгуулийн тогтолцооноос хамаарч жижиг намуудын УИХ-д суудалтай болох боломж нь хязгаарлагдсаар ирсэн байна.

Уг нь 8 удаагийн сонгуулийн үр дүнгээс харвал хоёр том намд өгч буй саналын хувь буурч байгаа чиг хандлага ажиглагдаж байна. Ялангуяа УИХ-ын сонгуульд АН-аас илүү МАН-ын авах дэмжлэг буурч, гуравдагч хүчин болон бие даан нэр дэвшигчдийн авах саналын хувь нэмэгдэж буй аж.

 

СОНГУУЛИЙН СИСТЕМ

  • 1992 он: Томсгосон мажоритар (1 тойрог - олон мандат)
  • 1996 он: Жижигсгэсэн мажоритар (1 тойрог - 1 мандат)
  • 2000 он: Жижигсгэсэн мажоритар (1 тойрог - 1 мандат)
  • 2004 он: Жижигсгэсэн мажоритар (1 тойрог - 1 мандат)
  • 2008 он: Томсгосон мажоритар (1 тойрог - олон мандат)
  • 2012 он: Мажоритар ба пропорциональ хослуулсан (48 мандат, 28 жагсаалт)
  • 2016 он: Томсгосон мажоритар (1 тойрог - олон мандат)
  • 2020 он: Томсгосон тойрог бүхий мажоритар (1 тойрог - олон мандат)
  • 2024 он: Мажоритар ба пропорциональ хослуулсан (Бүсчилсэн 13 тойрог бүхий 78 мандат, 48 жагсаалт)

 

Энэ жилийн тухайд сонгуулийн холимог тогтолцоогоор парламентаа бүрдүүлнэ. Холимог тогтолцоог манай улс 2012 онд ашиглаж байсан бөгөөд үүний үр дүнд парламентад улс төрийн хүчнүүд тооны хувьд харьцангуй тэнцвэртэй бүрдэж байсан байна.