Logo

Ш.Байгалмаа: Уул уурхайн төслийн нөлөөллийг хүний эрхийн өнцгөөр харахад улс орнууд санал нэгдсэн

Учир мэдэх ээлжит зочноор Монгол Улсын зөвлөх инженер, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-ны хамтран үүсгэн байгуулагч Ш.Байгалмааг урьж, уул уурхайн төсөл болон орон нутгийн харилцааны сэдвээр ярилцлаа. Тэрбээр 2005-2021 онд Оюутолгой ХХК, "Энержи ресурс" ХХК зэрэг уул уурхайн томоохон компаниудын шавыг тавилцаж, дэд бүтэц, тогтвортой хөгжил, ХАБАЭ, орон нутгийн харилцааны асуудлуудыг хариуцан ажиллаж байсан туршлагатай юм. Гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-12-31 · Уншсан: 846

Энэхүү ярилцлагаас та дараах сэдвүүдийн талаар илүү тодорхой ойлголттой болно гэж найдаж байна.

-Уул уурхайн төслийн нийгмийн лиценд

-Компани ба орон нутгийн харилцаанд оролцогч талуудын хувь нэмэр

-Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэлцэл

-Хүний эрхэд учруулах бизнесийн нөлөө

Унших хугацаа 19 мин.

 

Эх сурвалж: Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо ТББ

 

-Том төсөл болгон нийгмийн, орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарах нь жам ёсны үзэгдэл үү эсвэл Монгол шиг хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулагчдын туулдаг зам уу?

-Уул уурхайн компани, иргэд хоорондын зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх, ямар арга зам байгааг 2022 онд Женев хотод болсон Уул уурхай, эрдэс баялаг, тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум (IGF)-д оролцогчид их хөндөж ярьсан. Форумд BHP, Rio Tinto зэрэг уул уурхайн үндэстэн дамнасан корпорац, Африкийн орнуудын төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд миний хувьд Оюутолгойн уурхайн орон нутгийн иргэдийн зөрчлийг шийдвэрлэсэн “Гурван талт зөвлөл”-ийн туршлагыг хуваалцах боломж олдсон юм. Уул уурхайн төсөл болон орон нутгийн иргэдийн ойлголцын асуудлыг тэнд цугласан улс орон бүрийн төлөөлөл ярьсан, асуусан. Үүнд үндэслэн, улс орны хөгжлөөс үл хамааран талуудын үл ойлголцол, зөрчилдөөн тодорхой хэлбэрээр өрнөдөг нь ердийн үзэгдэл гэсэн дүгнэлт хийж болж байгаа юм.

 

Нөгөө талаар, канад гаралтай латин америкийн эрдэмтэд болох Роберт Бутильер, Иан Томсон нарын дэлхийн 20 гаруй улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн 50 гаруй төслийн нийгмийн лицензийн талаар хийсэн судалгаанаас харахад уул уурхайн төсөл болон нутгийн иргэдийн харилцаа тухайн төслийн хөгжлийн мөчлөг бүрд харилцан адилгүй байдгийг харуулж байна.

 

Эхний үе шат буюу эрэл хайгуулын түвшинд нутгийн иргэдийн хандлага эерэг байдаг мөртлөө бүтээн байгуулалтын үе эхлэх буюу амьдарч байсан газар нутгийг нь хөндөөд эхлэхээр л сөрөг хандлагатай болдог. Улмаар олборлолтын үед сөрөг хандлага нь багасдаг зүй тогтолтой юм байна. Гэтэл Монгол Улсад хэрэгжиж буй хувийн хөрөнгө оруулалттай төслүүдийн хувьд орон нутгийн оролцогч талууд хүлээн зөвшөөрөхгүй, шууд эсэргүүцлээс эхлэж байгаа нь нийгмийн лицензийн уламжлалт чиг хандлагаас ялгаатай байгаа юм.

 

-Үүний шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?

-Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйлс байгаа. Юун түрүүнд, төсөл хэрэгжүүлэгч этгээд орон нутгийн иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хүндэтгэж төслийн мэдээллийг хүртээмжтэй боловсруулж цэгцлээд, ил тод нээлттэй хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх, талуудын оролцоог хангах, эргэх холбоо тогтоох процесс хангалтгүй байгаа юм. Дээрээс нь төрийн институцуудын уялдаа холбоо сул, эрх зүйн тогтолцооны хувьд уул уурхайн төслөөс нийгэмд үзүүлэх эрсдлийг тодорхойлоход хийдэл ихтэй байдал, мөн глобал шинжтэй олон зүйл нөлөөлж байна. Глобал шинжтэй асуудлуудад юуны өмнө геополитикийн нөхцөл байдал, баялгийн тэнцвэртэй хуваарилалтын асуудал яригддаг. Уул уурхайн үндэстэн дамнасан корпорациудын хувь нийлүүлэгчид нь голдуу хөгжилтэй орнуудын тэтгэврийн сангууд, тэдний эрх ашгийг төлөөлж, илүү их өгөөжийг хувь нийлүүлэгчдэдээ хүртээхийн төлөө явдаг жишиг 1970-аад оноос эхэлж, 1990-ээд оны дунд үе хүртэл үргэлжилсэн маш хүчтэй систем байсан. Харин 2000-аад он гармагц бизнесүүдэд нийгмийн сайн сайхны төлөө өөрчлөлт бий болгох үзэл санаа давамгайлж эхэлсэн. Харамсалтай нь, энэ өөрчлөлтийг чиглүүлдэг глобал эдийн засгийн бодлого өнөөг хүртэл тодорхой бус байна.

 

-Суурь нь өөрөө 1970-аад оны загвараар яваад байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Нийгэмд илүү өгөөжийг бүтээх, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай засаглалтай бизнесийн загварчлалын үндэс нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд оршино хэмээн үзэж маш олон стандарт санаачилга гарч ирсэн. Тухайлбал, OECD буюу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас үндэстэн дамнасан корпорациудад зориулж тусад нь стандарт гаргах жишээтэй. Гэтэл энэ бүгдээс болж хариуцлагатай компаниуд ялангуяа уул уурхайн болон үндэстэн дамнасан корпорациуд маш их ачаалал авч байна. Үндэстэн дамнасан учраас бусад жижиг уурхай, хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болох ёстой гэгдэж, улс орных нь шийдвэр гаргагчид, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг давхар хийх үүрэг даалгавар оногддог. Энэ олон стандартын алийг нь хаана, хэрхэн хэрэгжүүлэх нь ч тодорхойгүй, чиглүүлэг байхгүй байна.

 

Энэ бүх асуудлыг улс орнууд шийдэж чадахгүй байгааг 2024 оны 11 сард болсон IGF-н хуралд очоод харлаа. Гэхдээ аливааг хүний эрхийн өнцгөөр харъя гэдэгт талууд нэгдсэн нь ололттой байна. Хоёр жилийн өмнө би хүний эрхийн өнцгөөр харах хэрэгтэй гэдгийг хэлж байхад хэн нь ч ойлгодоггүй, хүлээж авахгүй байсан.

 

Одоо энэ олон стандартыг нэгтгэхгүй бол бизнесүүд хэрэгжилтийг нь хангах гэсээр байгаад үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байна. Уурхайд ажиллаж байсан хүний нүдээр харахад, уурхайнхан энэ олон стандартыг биелүүлэхийн төлөө л хамаг ажлын цагаа зарцуулдаг. Дээрээс нь стандарт бүрийн хэрэгжилтийг хянаж шалгахаар тухайн чиглэлийн аудитууд хийдэг. Тэгэхээр уурхайн амьдралын мөчлөг нь нийцэл хангахын тулд аудитаас аудитын хооронд амьдардаг сонин хэмнэлд орчихож байгаа юм. Энэ нь бизнес үндсэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад маш их саад болдог.

Энэ бүхний шийдлийг IGF юу гэж харсан бэ гэхээр ямартай ч энэ олон стандартыг нэгтгэх хэрэгтэй, тэгэхдээ суурийг нь хүний эрхийг линзээр харъя гэдэг дээр талууд санал нэгдэж байна. Энэ бол маш авууштай, дэвшилттэй зүйл юм.

 

-Олон улсад бий болж байгаа энэ шинэ мэдлэг, арвин туршлагыг үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа оруулж ирдэг. Харин манайд нийт лиценз эзэмшигчдийн дийлэнх нь энэ мэдлэгээс хол, жижиг уурхайнууд байна. Энэ нь эргээд хариуцлагатай ба хариуцлагагүй уурхайг ялгаж харахад түвэгтэй болгодог уу?

-Би хувь хүнийхээ хувьд жижиг, том гэлтгүй бүх компанид яг ижилхэн шаардлага тавих ёстой гэж боддог. Зарим хүн энэ жижигхэн компани, үндэсний хөрөнгө оруулалттай, ийм ачаалал өгч, хариуцлага нэхвэл босохгүй шүү дээ гэж ярьдаг. Гэтэл бизнес ба хүний эрхийн нүдээр харвал компани 3 хүнтэй, 30 хүнтэй, 300 эсвэл 3000 ажилтантай байна уу хүн л эн тэргүүнд тавигдах ёстой юм.

 

Бид хүний эрхийн тухай ярьж байна шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын тавьж буй шаардлага тодорхой, ойлгомжтой байх, мөн үйл ажиллагаа явуулах хүсэлтийг орон нутгийн иргэд хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Наанадаж энэ 3 шаардлага байж гэмээнэ тусгай зөвшөөрөл авах шалгуурыг давж байна гэж үзнэ.

 

Одоогийн манай бодит байдал гэхэд А, Х лиценз авчихаад л эрх нээгдчихлээ гэж үзээд нэг өрөмдлөгийн компани түрээслээд очдог. Гэтэл орон нутгийн иргэд хүрч ирээд газар нутгийг минь ухах гэлээ гэж эсэргүүцдэг. Тухайн тохиолдолд, төр орон нутгийн иргэдийн өмнө очоод “Би та нарт хайртай” гэдэг нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл.

 

Төр туйлбартай байх ёстой. Нэгэнт тусгай зөвшөөрөл өгч л байгаа юм бол орон нутагт очоод үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээлттэй болгож, ямар нэг гомдол гаргаж болох нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн хүсэл эрмэлзэл, санаа бодлыг нь сонсох ёстой гэсэн үг. Компанид лиценз нэртэй алга дарам цаас өгөхөөсөө өмнө орон нутгийн иргэдэд яагаад А, Х зөвшөөрөл өгөх гээд байгаагаа тайлбарлах ёстой байхгүй юу.

 

Яг үнэндээ газрын дор юу байгаагаа төр мэдэхгүй байгаа. Газрын доорх усны нөөц нь тодорхойгүй, ЗХУ-ын үед хийж байсан геологи хайгуулын зураглалаас өөр олигтой мэдээлэл байхгүй. Бодит байдал маань ийм л байгаа. Гэтэл хайгуулын бизнес гэдэг өөрөө асар өндөр эрсдэлтэй. Геологичдын ярьж буйгаар мянга эсвэл саяд л нэг орд олддог. Ийм магадлал багатай үйл ажиллагаанд хүмүүс хөрөнгөө оруулж байхад үүнийг нь алга дарам цаас өгч байгаа хүн хамгаалах хариуцлага үүрч байх ёстой. Тийм учраас орон нутгийн иргэдэд яагаад тэнд хайгуул хийх гээд байгааг хэлж тайлбарлах ёстой шүү дээ. Дээрээс нь хайгуулын ажил эхлэхээс өмнө байгаль орчин, нийгмийн нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ хийдэг болох хэрэгтэй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуулиар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө л хийдэг. Харин ОУСК, АХБ гэх мэт олон улсын байгууллагууд үүн дээр түргэвчилсэн үнэлгээ хийдэг загвартай байхад яагаад манай төр түргэвчилсэн үнэлгээ хийх шалгууртай болж болохгүй гэж. Зүйрлэвэл, айлд гаднын зочин орж ирээд хамаг авдар савыг нь онгичих гээд байгаа биз дээ. Тэгэхийн тулд яагаад авдрыг онгичих гээд байгаагаа гэрийн эздэд тайлбарлаж, зөвшөөрөл авах нь зүйн хэрэг.

 

-Том төслийг эсэргүүцдэг жишиг 2009 онд оюутолгой дээр, одоо ч халзан бүргэдэй, ураны төслүүд дээр байна. Төр энэ харилцаанд бахь байдгаараа хойшоо суусан хэвээр л байна. Энэ тохиолдолд тухайн компани, төсөл хэрэгжүүлэгчийн туршлага илүү сонирхолтой байх болов уу?

-Туулж өнгөрүүлсэн туршлагаасаа жишээлээд яръя. Би 2005-2008 онд “Айванхоу Майнз” компанид ажиллаж байсан. Энэ үед төсөл хайгуулаа хийчихсэн, усны хайгуул ид хийгээд, өрөм тавьсан байсан бөгөөд орон нутгийн иргэдтэйгээ гайгүй харилцаатай, нүүлгэн шилжүүлэлт хийсэн, иргэд ч тодорхой хэмжээний сэтгэл ханамжтай байсан гээд классик загвараараа явсан. Тэгтэл асуудал яаж үүссэн бэ гэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, эхний ээлжийн барилга угсралтын ажил эхлээд шугам хоолой татахаар газар ухаад эхлэнгүүт л иргэд эсэргүүцэж эхэлсэн. Олон үеэрээ амьдарч, бэлчээрлэж ирсэн газрыг нь хөндөхдөө учир холбогдлыг нь хэлээгүй, хэлсэн байж болох ч бас олигтой ойлгуулаагүйгээс болж асуудал үүссэн. Үл ойлголцол бага багаар хуримтлагдсаар 2013 онд Ханбогд сумын малчид Дэлхийн банкны ОУСК-д гомдол гаргасан юм. Энэ үед би Оюутолгойн Орон нутгийн хэлтсийг ахалдаг болоод нутгийн иргэдийн гомдол шийдвэрлэх механизм дээр ажиллаж эхэлсэн. Жижиг гомдлууд хуримтлагдсаар байгаад томрохыг “snowball effect” буюу “цасан бөмбөгийн нөлөө” гэдэг. Уурхайн төслийн хувьд энэ үе бол цасан бөмбөг өнхрөөд юу ч хамаагүй дардаг болчихсон гэсэн үг.

 

Оюутолгой төслийн орон нутгийн харилцаа бол Роберт Бутильер, Иан Томсон нарын классик загвараар явсан. Яг л бүтээн байгууллатын үед иргэдийн уурхайд хандах хандлага сөргийн сөрөг болж зам хааж, хоосон шил шидэх гэх мэтээр хурцадсан. Олон улсын байгууллагын гомдол барагдуулах механизмаар явсан нь энэхүү загвар бодитоор өрнөдөгийг баталж харуулсан даа. Гэхдээ энэ бүхний үндсэн дээр Ханбогдын иргэдтэй итгэлцэл бий болгож, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар зөрчил харьцангуй сайжирсан. 

 

Энэ графикийн хөдөлгөөн бол хэн нэгний оролцоогүйгээр явдаггүй. Оролцогч талууд зөв оролцож чадахгүй бол улам урууддаг, харин талууд ярилцаад, ойлголцоод байвал дээшилдэг. Гэхдээ хэзээ ч нэг янзаар байдаггүй. Яагаад гэвэл, сэтгэл ханамжийн түвшин байнга өөрчлөгдөж байдаг. Хүнийг, нийгмийг дахин инженерчилнэ гэж ярьдаг ч ямар ч боломжгүй зүйл юм. Хүний сэтгэл санаанд нөлөөлдөг маш олон хүчин зүйл биднээс хамаарахгүй оршдог. Говьд гэхэд үнэхээр гантай зун болвол тэртээ тэргүй тэр хүн ууртай л байна. Инженер хүний нүдээр харахад, Ухаа худгийн төсөл дээр гэхэд миний хариуцаж байсан цахилгаан станц асуудалд орвол өдөр шөнөгүй засаж янзлаад хэвийн ажиллагаанд оруулах эсэх нь надаас хамаарна. Харин Оюутолгойн хувьд хүнтэй харилцдаг нийгмийн ажил тул бусдаас хамаарах зүйл маш их байснаараа ялгаатай. Асуудлыг 100 хувь өөрөө гардаад хийхэд хэцүү. Тиймээс мэдээлэл, мэдээлэл бас дахин мэдээлэл л гэж би хэлнэ. Мэдээллээ нээлттэй өгч, зовлон жаргалаа хуваалцаж ярилцахын ач холбогдол их. Харилцаанд хөшиг татаад л, багахан хардалт төрөөд л эхэнгүүт итгэл гэдэг зүйл унадаг.

 

-Итгэлцэл, ойлголцол бий болгоход мэдээлэл өгөх нь хангалттай байж чадах уу. Ард түмэн чинь ядуу байхад энэ төслүүдийг явуулж, газар нутагаа ухуулах ямар хэрэгтэй вэ гэж олон нийт эсэргүүцдэг. Итгэлцлийг бий болгож буй хүчин зүйлүүд юу вэ?

-Үүний цаана үгэндээ эзэн болдог, хэлсэндээ хүрдэг хариуцлага хамгийн чухал. Монголчууд за гэвэл ёо-гүй гэдэг. Амлалт өгсөн бол биелүүлсэн байх ёстой. 1000 амлалт өгсөн ч нэгийг нь ч биелүүлээгүй бол итгэлцлийн тухай яриад ч хэрэггүй. Уул уурхайн компаниуд нийтлэгээрээ асуудал гарч, нутгийн иргэд ямар нэг юм шаардангуут “За” гээд зөвшөөрдөг. Тэдгээр амлалтын зарим нь бичигддэг, зарим нь орхигддог. Амлалтын араас хөөцөлддөг хүн ч байгүй. Гэтэл хүлээж авч байгаа тал буюу ард иргэд үүнийг амлалт гээд ойлгочихдог. Ийм л болохоор нутгийн иргэд уул уурхайн компанийн уулзалт дээр “Чамтай ярихгүй, том даргатай чинь яримаар байна. Асуудал шийдэх хэмжээний хүн олж ир” гэж бухимддаг.

 

Компанийн зүгээс ч гэсэн өөр дээрээ ирсэн дайралт, галыг холдуулахын тулд хэлсэн шаардсаныг нь зөвшөөрчихдөг нь алдаа болдог. Миний хувьд, Оюутолгойд орсон цагаасаа эхлээд уулзалтын протоклуудтай танилцаж, нутгийн иргэдэд өгсөн амлалтуудыг биелүүлэхийн төлөө ажиллаж эхэлсэн. Ингэх явцад тэрхүү амлалтыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулахыг тухайн үедээ тооцоогүйгээр амласан алдаа их байсан. Амлалт бүр ардаа мөнгөн дүнгээр хэмжигддэг. Спорт зал барьж өгөхөөр амласан бол тэр амлалт 2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна гэсэн үг. Тиймээс би компанийн удирдлагуудад амлалт өгөх бүрдээ цаана нь гарах мөнгөн хөрөнгийг тооцож байгаарай гэж хэлдэг болсон. Хамгийн том зовлон нь энэ. Дээрээс нь тэрхүү амлалтыг хэрэгжүүллээ гэхэд тэр нь яг хэнд, юунд хэрэгтэй юм бэ, тухайн хүнд үү эсвэл суманд, аймагт, эсвэл бүр улсын хэмжээнд хэрэгтэй юу гэдэг асуултыг хэн ч тавьдаггүй.

 

-Яг бодит байдал дээр нутгийн иргэдийн шаардлагыг аймаг, суманд хэрэгтэй юм уу гэж сөргөж асуух компани ховор болов уу?

-Тийм учраас л өмнө хэлсэнчлэн төслийн нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ хийхээс эхлээд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх хуулиа сайжруулан өөрчлөх хэрэгтэй юм. Манай Газрын тухай хууль дээр бизнес эрхлэгч болон газар эзэмшигч, газар өмчлөгчдийн хоорондын харилцааг зохицуулдаг механизм одоо болтол байхгүй. Тэгсэн мөртлөө төрөөс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр дээр маш сайн байдаг. Нөлөөллийг нь хэрхэн тооцох, нөхөн олговор өгөх журам гэх мэт нэгд нэгэнгүй зохицуулалтай. Гэтэл уул уурхайн компани газар аваад нүүлгэн шилжүүлэлт хийх гэхээр нөлөөлөл, нөхөн олговороо хэрхэн тооцох талаар ямар ч зохицуулалт байдаггүй. Бодит амьдрал энэ бүхнийг зохицуулахыг шаардаж байна шүү дээ. Нөлөөллийн хүрээ гэж хэдэн км доторхыг хэлж байгаа талаар хаана ч байхгүй шүү дээ. Уурхайн үйл ажиллагааны хэлбэрээс хамаарч өөр өөрөөр нөлөөллийн бүс тогтдог.

 

Ямар ч төсөл байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсэн үнэлгээ хийх нь тодорхой тул түргэвчилсэн үнэлгээндээ нийгмийн бүлгүүдийг бүгдийг оролцуулах ёстой. Хэрэв эрсдэл гарахаар бол эрсдлийн зэргийг ч мөн үнэлнэ. Гол нь энэ үйл явцад талууд бүгд оролцож, нэгдмэл ойлголтод хүрсэн байх ёстой юм.

 

Жишээ нь, үнэлгээ хийхэд тухайн газар нутагт төсөл хэрэгжсэнээр усгүй болох магадлалтай гэж гарвал яах уу? Усаар хангагдах нь хүний заяагдмал эрх. Хэрэв энэ эрхийг хөндөөд байгаа бол талууд төслийн үйл ажиллагааны үед усыг үр ашигтай ашиглах ёстой гэсэн үг. Энэ эрсдэл өндөр байвал бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр талууд дахиад ярилцах шаардлагатай. Ярилцсаны үндсэн дээр тохиролцсон арга хэмжээнүүдэд би, тэр ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ тодорхой болгох нь эрүүл харилцааны процесс юм.

 

-Нутгийн иргэдтэй ойлголцоно гэдэг нэлээд урт удаан бөгөөд байнгын процесс шаардагдах юм байна?

-Үүн дээр “Энержи Ресурс” ХХК-ийн кейсийг яръя. Бид 2008 оны 11 дүгээр сараас ЕСБХБ-аас хөрөнгө оруулалт босгохоор Монголд анх удаа нэг ч хүрз шороо хутгаагүй байхдаа олон улсын санхүүгийн байгууллагын стандартыг мөрдөж эхэлсэн. ЕСБХБ-ны стандартад байгаль орчин, нийгмийн гүйцэтгэлийн цогц үнэлгээ багтдаг. Үүний дагуу АНУ-ын “Байгалийн нөөцийн менежмент” (ERM) компаниар хийлгэсэн байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээний тайлангаа бариад иргэний нийгмийн байгууллагатай хамт Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Даланзадгад сумын иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэхээр явсан. Гэтэл орон нутаг бүр өөр өөрөөр хүлээж авсан. Ханбогдынхон бол Оюутолгой эхэлсэн байсан учраас төдий л тоогоогүй, харин Баян-Овоо сумынхан анх удаа үндэсний хөрөнгө оруулагч нэг ч хүрз шороо хутгаагүй байхдаа иргэдтэй хэлэлцэх гэж байна гээд их таатай хүлээж авч байсан. Компанийн бүх удирдлага хариуцсан чиглэлээрээ танилцуулгаа хийж, төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр гээд л иж бүрэн дэд бүтэц барих мэдээллээ өгч байсан.

Тухайн үед орон нутгийн иргэд дотоодын компани дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр барих гэж байгаа гэсэн маш өндөр хүлээлттэйгээр биднийг хүлээж авсан. Нөгөө талдаа, уурхайн төсөл нь үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийдэг юм байна, тэрхүү үнэлгээгээр тодорхойлсон эрсдлүүд, тэдгээрийг удирдах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг хийдэг юм байна гэдгийг мэдэж авсан. Үүнээс хойш хэлэлцүүлэг хийх арга барилд хаа хаанаа суралцаж, процесс ойлгомжтой болсон байсан.

 

Үүний дараа би "Оюутолгой" ХХК-д очиж, талуудыг эвлэрүүлж, нэгдсэн ойлголцолд хүрэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж эхэлсэн. Ингэж явахад бие биедээ хатуу үг хэлэх тохиолдол зөндөө байсан. Ард түмэн чинь байгаа шүү гэх мэтээр төрийнхөнтэй хүртэл үг шидэлцэж явсан үе бий. Тэглээ гээд муудсан юм байхгүй. Эмэгтэй хүүхдээ уурхайд ажиллуулах гээд ирсэн малчинд хүртэл яагаад ажиллуулж болохгүй вэ, ардаа ямар асуудал гарах вэ гэдгийг нь ойлгуулаад л явуулж байсан. Нэг ёсондоо систем ажиллаж байсан. Гэхдээ нийгмийн харилцаанд тухайн системийг дараа үеийн удирдлагууд зөв ойлгож, хэрэгжүүлэхгүй бол нугалаа, туйлшрал үүсэх магадлалтай.

 

Эх сурвалж: Хувийн архиваас

 

-Орон нутгийн иргэдтэй ойлголцоход систем ажилладаг гээд та хэлчихлээ. Системийн амин сүнс нь юу вэ?

-Тухайн төсөл хэрэгжүүлэгч ямар ч компани байлаа гэсэн үндсэн 3 зүйлийг л маш сайн ойлгох хэрэгтэй.

 

Нэгт, Орон нутгийн харилцааны хэлтсийнхээ үүрэг, хариуцлагыг компани дотроо маш сайн ойлгох хэрэгтэй. “Таны үүрэг бол малчны амыг барих, дуугүй болгох” гэж надад хэлж байсан тохиолдол бий. Хариуд нь, би “энэ ажлыг та ерөөсөө мэддэггүй, ойлгодоггүй юм байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл, уул уурхайн үйл ажиллагаа бол газар ухсан цагаасаа эхлээд л байгаль орчинд, тухайн нутаг оронд, иргэдэд нөлөөлөл үзүүлдэг. Тиймээс эерэг нөлөөллийг улам сайжруулж, сөрөг нөлөөллийг бууруулахад талуудын утга төгөлдөр, хүртээмжтэй, нээлттэй харилцааны гүүр болж, хамтарч ажиллах нь орон нутаг хариуцсан нэгжийн үйл ажиллагаа юм.

 

Хоёрт, компанийн дотоод засаглал нь зөв бүтэцтэй байх ёстой. Оюутолгойн хувьд 2013 онд Орон нутгийн хэлтэс нь олон нийттэй харилцах хэлтэстээ харъяалагддаг байсан. Тиймээс би үйл ажиллагаа хариуцсан захирлаасаа гуйж, уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгмийн нөлөөлөл үүсдэг тул тухайн эрсдлийг бууруулахад, хариуцлагатай байхын тулд бид таны удирдлагад ажилламаар байна гэдгээ хэлэхэд хүлээж авсан. Мөн, уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны удирдлагын нэгдсэн тогтолцоонд орон нутгийн асуудлыг нэгтгэж оруулсан. Одоо болтол Оюутолгойн Орон нутгийн хэлтэс нь үйл ажиллагаа хариуцсан захирлын удирдлагад байдаг.

 

Rio Tinto - н Баруун Австрали дахь агуйн кейс гэхэд Авсралийн парламентад дуудагдаад бөөн юм болсон. Орон нутгийн хэлтэс нь хотод шилэн байшинд суудаг, уурхай нь өчнөөн зуун км-ийн цаана үйл ажиллагаа явуулдаг. Соёлын өв хариуцсан мэргэжилтэн нь олон мянган жилийн түүхтэй агуйг хөндөж болохгүй, хэрэв хөндөх тохиолдолд иргэдээс зөвшөөрөл авч, ярилцах ёстой гэдгийг анхааруулсаар байхад огт сонсохгүй, нэг өдөр л тэсэлчихсэн. Манайд зөвлөхөөр ажиллаж байсан Брус Харви гэдэг хүн парламентын сонсголд гэрчээр орж “уг асуудлын учиг нь компанид байгааг хэлж байсан юм. Харамсалтай нь, глобал түвшиндээ хуучин арга барилаараа ажиллаад, олон нийтийн харилцаа хариуцсан хэлтэстэйгээ нэгтгэчихээд байна. Орон нутгийг PR-р хараад, хүнд үнэн зөв мэдээлэл дамжуулахаасаа илүү showcase хийдэг субъект болгоод байгаа юм. Уг нь байгаль орчинтойгоо адилхан эрсдлийг бууруулдаг үүрэгтэй.

 

Гуравт, орон нутгийн харилцаа хариуцсан нэгжийн ажилтанууд өөрсдийгөө орон нутгийн иргэдийн хувь заяаг шийдэж, амьжиргааг удирдан чиглүүлэгч мундаг менежерүүд гэж эндүүрэх нь манайд түгээмэл байдаг. Уг нь тэд маань хүмүүсийг сонсоод чиглүүлдэг зохицуулагч гол хүч шүү дээ. Орон нутгийн иргэдийг сонсож, тогтвортой амьдрахад нь нөлөөлөөд байгаа эрсдлийг бууруулахад хамтарч ажиллах зорилготой. Уурхай нэг өдөр хаагдахад нутгийн иргэдийн амьдрал сайжирдаггүй юм гэхэд урьдынхаас дордуулаахгүйн тулд тухайн иргэний ч үүрэг оролцоо байх ёстой. Түүнээс биш ногоо таримаар байна гэнгүүт зөвлөх компани авчирч ногоо тариулдаг, ЖДҮ-н зээл олгодог юм биш.

 

-Ашигт малтмалын тухай хуульд орон нутагтай хамтран ажиллах гэрээний хамрах хүрээг зааж, Засгийн газраас гэрээний загварыг баталсан байдаг. Үүгээр л дийлэнх уурхай орон нутгийн харилцаагаа зохицуулж байгаа. Үүнд хүний эрх, нөлөөллийг бууруулах агуулга байдаг уу?

-Нөлөөллийн эрсдлийг хамтын чармайлтаар бууруулах ёстой. Эцсийн эцэст иргэн Б хэзээд тэр газар нутгийн эзэн хэвээрээ л үлдэнэ шүү дээ. Тэгэхдээ хөгжиж үлдмээр байна. Өөрийгөө, үр хүүхдээ гайгүй мэдлэг боловсролтой болгож үлдээхийн тулд миний чармайлт хэрэгтэй. Гэтэл одоогийн зохицуулалт нь иргэн хүн энэ чармайлтаа гаргах орон зай өгөхгүй байна. Төр нь баахан нийцлийн юм гаргачихсан, компанийн менежер нь хүрч ирээд нэг загвараар гэрээ байгуулчихдаг.

Оюутолгойн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний төсөл нь 500 гаруй хуудас зузаантай байсан. Тусгай бие даасан бараг 7-8 гэрээнээс бүрдсэн. Энэхүү гэрээний төслийг 4 жил гаруй талууд хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр хялбаршуулан, орон нутгийн иргэд болон бусад оролцогч талууд ойлгомжтой бүтэцэд оруулж, нэгдмэл байдлыг хангаж баталгаажуулсан байдаг.

 

Харин манай Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-ийн дагуу боловсруулсан гэрээний загвар хоёр л хуудас. Гэрээний ерөнхий загвар байж болох ч хэзээ ч загварлаж болохгүй юм. Яагаад гэвэл, хүн бүрийн ашиг сонирхол өөр байдаг тул талуудын хэлэлцүүлгийн үр дүн яаж гарсан байна түүнийг л гэрээнд тусгах ёстой.

 

Бас манай хуулиар бол зөвхөн Засаг даргатай байгуулах зохицуулалттай. Харин бид Оюутолгойн гэрээг маш олон хэлэлцүүлэг хийж, иргэдээ хууль ёсоор төлөөлдөг сумдын ИТХ-аар орж байгуулснаараа байнга солигддог засаг даргаас хамааралгүйгээр, тогтвортой байдлыг нь хангаж чадсан. Нөгөө талаар, гэрээнд яг ийм юм байх ёстой гэж нийцэл шиг, стандарт шиг хандаж болохгүй. Гэрээ бол Иргэний тухай хуулиар зохицуулагддаг хэлцэл юм.

 

-Гэрээнд эрх тэгш оролцохын тулд төр, иргэний нийгмийн байгууллага гээд бусад үндсэн талууд ямар үүрэг оролцоотой байх ёстой вэ?

-Компани болон орон нутгийн иргэдийг тулааны талбарт өөд өөдөөсөө хараад мөргөлдөх гэж байгаа бухтай зүйрлэж болно. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, төр хоёр чиглүүлэгчийн хувиар энэ талбарт орж ирэх ёстой.

Олон улсад яригдаад байгаа нэг зүйл бол төр засгийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээлэл, өгөгдлийн урсгалын дутмаг байдал нь орон нутгийн иргэд, компани хоёрын зөрчилд маш их нөлөө үзүүлж байгаа гэж үзсэн.

Хөгжиж байгаа, буурай хөгжилтэй орнуудад ажиглагдлаж байгаа нэг зүйл бол газрын гадарга ба газрын хэвлий нь тус тусдаа яаманд харъяалагдаж, тус тусдаа бодлогоор явдаг. Харин Киргиз бол үүнийг шийдсэн байгалийн нөөцийн яамтай байдаг. Манай нөхцөлд Байгаль орчны яам, Геодези зураг зүйн газар, Эрдэс баялгийн яам гэх мэтээр хуваасан байна. А, Х бол газрын хэвлийтэй холбогддог зөвшөөрөл, гадаргатай холбоогүй. Гэхдээ газрын хэвлийг ашиглахын тулд газрын гадаргаа хөндөж таарна. Үүнийг хэрхэн зохицуулах нь улс орнуудын толгойн өвчин болсон.

Мөн төр уул уурхайн тусгай зөвшөөрөл олгохдоо газрын нэгдсэн сангийн кадастрын мэдээлэлтэй тулгах хэрэгтэй. Ялангуяа, орон нутгийн газар зохион байгуулалтын зурагтай давхцал, хил заагийг нь харах хэрэгтэй байна. Хэрэв давхцаж байвал бас тухайн орон нутагтайгаа ярилцаад ойлголцох ажлаа хийнэ шүү дээ.

Орон нутгийн энэ асуудал шийдэгдэхгүй байгаа нь босоо удирдлагын тогтолцоотой учраас төрийн байгууллагуудын уялдаа холбоо орхигдчихоод байгаа нь нэг шалтгаан болж байна. Аймаг, сумын захиргаанд газрын харилцааг хариуцсан газар, мэргэжилтэн байдаг, яамдад ч мөн адил. Хариуцах асуудал нь нэг байхад төрийн бодлого нь хоорондоо даанч уялдахгүй байна.

 

-Иргэний нийгмийн байгууллага (ИНБ) ямар оролцоотой байх вэ?

-Юуны өмнө, манай улсад ИНБ-ын харилцааг зохицуулдаг хууль зөв гарах ёстой. Олон улсад төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллага, иргэдэд тулгуурласан байгууллага гэж бий. Аль аль нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг. ИНБ бол нэлээд өндөр эрэмбэтэй, чиглүүлэгч байдаг. Бизнес ба хүний эрх талаасаа ИНБ бол хөшүүргийн механизм болдог. Тиймээс чиглүүлэгч байгууллага болохын хувьд өөрсдөө ёс зүйтэй, үлгэрлэл үзүүлж, зөв ба бурууг нь ойлгуулах замаар талуудын ойлголцлыг хангах үүрэгтэй. Ийм учраас засаглалын хувьд ч зөв байх ёстой. Гэтэл манай улсад шашны байгууллага, сангууд, намын, мэргэжлийн холбоод гээд л бүгд төрийн бус байгууллагад тооцогддог. Үүнийгээ цэгцлэх хэрэгтэй. Тэгвэл санхүүжилтийн эх үүсвэрийг ч цэгцлэх боломжтой.

Нидерландын СОМА гээд иргэний нийгмийн байгууллага олон улсад салбартай бөгөөд Гадаад харилцааны яамнаасаа төсвийнхөө 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Монголд хүртэл ирж судалгаа хийж байсан. Тагнуулын байгууллага юм уу гэж хардаж болно л доо. Гэхдээ л тэр улсад ИНБ-аа ажиллуулах зохицуулалт нь тодорхой байна.

Мэргэшсэн ИНБ бол бодлогын түвшний нөлөөлөл үзүүлдэг тул төрөөс санхүүжүүлэх нь зөв гэж олон улсад үздэг. Төр татвар төлөгчдийн мөнгийг авдаг тул хараат бус байдалдаа тодорхой хэмжээний санхүүжилт авах ёстой бөгөөд гол нь ил тод тайлагналтай, тоглоомын дүрмийг зөв хийж, илүү чадавхжих, хүмүүсээ сургах, засаглалаа сайжруулахад төсвөө зарцуулдаг байх үүрэг хүлээх хэрэгтэй.

Харин төрийн бус байгууллагын хувьд зорилгоосоо хамаараад санхүүжилтээ босгоод явж болно. Сommunity based organization буюу орон нутгийн байгууллага нь (эрх ашгийнхаа төлөө явдаг малчдын бүлэг ч байж болно) бас төрөөс буюу орон нутгийн төсвөөс санхүүждэг. Орон нутгийн ИНБ нь тодорхой хэмжээгээр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Гэхдээ эвлэрүүлэн зуучлагч тул хөшүүргийн механизмаа маш зөв ухамсарласан байх хэрэгтэй. Талуудын эвлэрлийг бий болгохын тулд ажиллаж байгаа болохоос биш арсалдуулахын тулд биш шүү дээ.

Мэргэжлийн холбоодын хувьд ихэвчлэн гишүүдээ нийгэмд үлгэр жишээ болгох, стандарт, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж, нийцлээ хангадаг болгохын төлөө үйлчилдэг лобби байгууллага гэж тооцогддог. Ер нь бол зан үйлийн стандарт буюу code of conduct-г хэрэгжүүлэхэд үйлчилдэг гэсэн үг.

 

-ИНБ-ууд бол дундын байр суурьтай, тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой юм байна. Манайд байгаа жишгээр бол ихэнх нь зөвхөн иргэдийнхээ талд орчихоод төр, компанитай дайсагнах маягтай байдаг?

-Ерөнхий хэв шинж бол иргэдийн л талд байвал би хүний эрх хамгаалагч, иргэний нийгмийн байгууллага гэж үзээд байна. Уг нь тухайн иргэн эрх, үүргээ ухамсарлаад, соён гэгээрэхэд нь хувь нэмэр оруулсан бол ИНБ гэж хэлмээр байгаа юм. Гэвч эрх зүйн зохицуулалт нь тодорхой бус байна.

 

-ИНБ-ууд гадаадын санхүүжилттэй, хөгжлийн төслүүдийг гацаагч гэж хүртэл хэлж байна. Нэр бүхий компани гэхэд орон нутагт болсон эсэргүүцлийг гаднын санхүүжилттэй гэсэн. Манайд ИНБ-ууд төлөвшөөгүй учраас тэрхүү орон зайд энэ бүх замбараагүй байдал болоод байна уу?

-Үүнийг би их субьектив дүгнэлт гэж хардаг. Гадаадын санхүүжилттэй гэхээр Орос байгаа юм уу, эсвэл Хятад байгаа юм уу аль эсвэл өөр гуравдагч улс уу? Энэ бүхний цаана нэг улсыг нэрлээд, буруутгаад байгаа байхгүй юу. Манай энд байгаа юманд тэр улс ямар хамаатай вэ? Ялангуяа нэг жижигхэн төсөл дээр! ИНБ гэдэг чинь төсөл хэрэгжүүлэгчийн хувьд нэг оролцогч тал нь шүү дээ.

Харин орон нутгийн иргэн гэдэг бол их хэцүү субьект. Хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй л бол ямар ч тохиолдолд эрхээ хамгаалж, нутаг усаа гэж байгаа тэр иргэний зөв. Гол нь зөв өнцгөөс хамгаалж байна уу, үгүй юу, үүний шалтгаан нь, асуудлаа гүйцэт ойлгоогүй, мэдлэг дутсанаар уу, эсвэл хэн нэгний өдөөн хатгалтаар хөдлөөд байна уу гэдэг л чухал. Тиймээс төр, компани, ИНБ тэр иргэнийг зөв ухамсарлуулж, ойлгуулах үүрэгтэй гэж би хэлнэ.

Компанийн хувьд ч гэсэн адил. Хэрэв би компанийн удирдлага байсан бол Дорж гэдэг ажилтан буруу зүйл хийсэн бол шалтгааныг өөрөөсөө л хайна. Миний алдаатай шийдвэр, буруу бодлого, журам ч юм уу тэр хүний зан үйлд нөлөөлж, алдаа хийхэд хүргэсэн гэсэн үг. Яг үүнтэй адил би орон нутгийн оролцогч талуудад зөв мэдээлэл хүргэсэнгүй, харилцан надад асуудлаа хэлэх сувгийг нь нээж өгөөгүй байна. Нээчихсэн гэж бодож байтал нээгдээгүй орон зай байгаа учраас гаднын гэгдээд байгаа нөхөр тэр орон зайг эзлээд ороод ирсэн байгаа юм. Нээлттэй суваг орхисон бол тэртээ тэргүй хэн нэгэн өөрийнхөө ашиг сонирхлоор ашиглана. Нөгөө талын буруу ч биш. Ингэснээрээ тухайн орон нутгийн иргэн зүгээр л эрх ашигт нь үйлчлэх хэрэгсэл болж байгаа юм.

 

-Тэгэхээр энэ бүгдийг таслан зогсооход талуудын өөрсдийнх нь хариуцлага л илүү чухал юм байна?

-Ер нь бол төрийн бодлого зохицуулалт зөв байж, хэрэгжихүйц байх ёстой. Хэрэгжилтэд нь байнга хяналт тавьж байх ёстой. Гэхдээ энэ бүхнийг хуульд л оруулчихвал, журам л гаргачихвал болчих юм шиг хандаж, хүчээр хийж болохгүй. Лобби хийдэг мэргэжлийн холбоод ч ялгаагүй. Манай мэргэжлийн холбоод хуульд лобби хийх гээд байдаг юм. Уучлаарай, үгүй шүү. Хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол эхлээд компаниуддаа маш сайн шаардлага тавьж, зөрчилгүй гэдгээ баталгаажуулчихаад дараа нь хууль буруу, зөв гэж ярьж болно.

 

Мэргэжлийн холбоод бол гишүүдээ соён гэгээрүүлэх үүрэгтэй болохоос төртэй очиж нэг хөнжилд орж болохгүй. Компанийг төлөөлж байгаа тул орон нутгийн иргэдийн итгэл үнэмшлийг төрүүлэхгүй, тиймээс орон нутгийн асуудлыг шийдэж чадахгүй. Үүнийхээ оронд тухайлбал, аль нэг хариуцлагатай уул уурхайн стандартыг нэвтрүүлж байгаа бол түүнийг хэрэгжүүлэгч компанид магадлан шинжилгээ хийгээд, ил тод тайлагнах хэрэгтэй шүү дээ.

 

Гэхдээ ийм ажлыг хийхэд Монголын хөрсөн дээр буулгана гэдэг том даваа бий. Хөрсөн дээр буулгахын тулд нөгөө л дугуй ширээгээ тойроод оролцогч талуудтай ярилцаж, сонсох шаардлагатай. Харамсалтай нь, одоогийн практикаар бол уул уурхай хариуцдаг яам нь хүлээн зөвшөөрсөн л бол болно гэж үзээд бүх компанид хэрэгжүүлэх гээд байдаг нь учир дутагдалтай.

 

-Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчийн хувьд social license буюу нийгмийн лиценз авах, орон нутгийн иргэдтэй ойлголцох гэдэг нь нэг ойлголт уу, эсвэл тус тусдаа юу?

-Social lisence to operate гэдэг ойлголт бол маш хийсвэр. Нийгмийн лиценз авснаа компани яаж тодорхойлох вэ? Хүний тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийн түвшнээс хамаардаг. Итгэлцэл ч гэсэн хувиршгүй биш, байнгын хөдөлгөөнд байдаг. Орон нутагт үйл ажиллагаа явуулахын тулд талуудтайгаа бүрэн итгэлтэй харилцааг бий болгох нь нийгмийн лиценз авах нэг чухал хэсэг юм. Нийгмийн лиценз гэдгийн дор их том том ойлголтууд явдаг.

ХОБОМ бас нийгмийн лиценз авах нэг хэлбэр. Гэхдээ ХОБОМ бол жишээ нь, усны түвшин болон чанарыг тал талаасаа хэмжлээ, нөлөөлөл үзүүлсэн эсэхийг тодорхойллоо, цаашид яах вэ гэдгээ шийдэх болохоос биш иргэн хүний ус уух эрхийн талаар огт яригддаггүй. Хүн ус хэчнээн хэмжлээ гээд сэтгэл ханамж үүсэх үү, ер нь сэтгэл ханамж хаана үүсдэг вэ. Эрсдэлээ тодорхойлж, бууруулахад хамтын дуу хоолойг гаргаагүй тохиолдолд хэчнээн нөхөн сэргээлт хийгээд үр дүн багатай. Үүнийг adhoc буюу нэг л талын зорилгоор хийсэн зүйл гэдэг.

Миний харж байгаагаар манай компаниуд гаднаас ирэх бизнесийн эрсдлээ маш сайн тооцдог атлаа өөрсдийнхөө үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг бүрэн тодорхойлж чаддаггүй.

 

Өөрт нь нөлөөлөх гээд байгаа субьектийг оролцуулахгүйгээр эрсдлийг зөв тооцож чадахгүй тул оролцогч талуудыг аль болох ахиухан оролцуулж хэлэлцэх шаардлагатай. ХАБЭА дээр мөрддөг үл буруутгах зарчимтай адилтгаж ойлгож болно. Энэ зарчмаар бол хэн нэгнийг буруутгахаас өмнө нөхцөл байдлаа дүгнэдэг. Тиймээс бүгд өөрөө өөрийгөө дүгнэ. Иргэн аюулгүй амьдрахын тулд байгаль орчноо хайрлаач ээ гэхийн оронд хайрладаг үйлдэл хийгээд эхэлбэл хандлагын маш том өөрчлөлт юм. Олон эерэг хандлага нийлж байж итгэлцэл бий болдог. Ингэж нэгдмэл зорилгын төлөө талууд жигдрээд явж байгаа бол нийгмийн лиценз авсан гэж олон улсад үздэг.

 

-Та инженер хүн. Гэхдээ нийгмийн салбарт бодитой дэвшил гаргаад мэдлэг бий болгосон байна. Үүнд нөлөөлсөн зүйл юу вэ?

-Инженер хүний давуу тал бол логик сэтгэлгээ. Аливаа зүйлийн учир шалтгааныг олж, тархин дотроо цэгцлэх хэрэгтэй. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж үг бий. Миний туршлагаар бол тэр овоог босгох шалтгаанаа ойлгох хэрэгтэй. Овоон дээр хэн суухыг ч бас ойлгож байж тэр овоог ганцаараа биш харин суух гэж байгаа шувуунуудтайгаа босгоно. Түүнээс биш асуудал босгочихоод, тэр дээр нь дурын шувуу хүрч ирээд донгодоод байвал хэцүү биз.

Бас нэг сургамж бол би өөрөө ер нь их энерцитэй хүн. Тэр хэрээр түрүүлж дуугарах гээд байдаг нь миний сул тал. Сул талаа нөхөхийн тулд би сонсож сурах гээд чармайж байгаа. Ямар ч тохиолдолд би өөрийнхөө зөв гэж үзэж, бусдыг буруутгаж болохгүй гэдгийг ойлгосон. Мэргэжил талаасаа харах юм бол би “Энержи ресурс” ХХК-д ХАБЭА хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. ХАБЭА-д үйл явц бүр дагаж явах шугамтай бөгөөд зөрчвөл өөрийгөө болон бусдыг аюулд учруулах магадлалтай. Аюулгүй явуулахын тулд бүх талын оролцоо хэрэг болдог. Тийм ч учраас зураглалын дагуу явж байгаад нэг алдаа гарахад энэ чиний буруу гээд хэн нэгэн рүү дайрахгүйгээр, яг тэндээ зогсож байгаад залруулаад цааш явна. Залруулахаас нааш цааш явахыг хориглодог. Энэ нь нийгмийн харилцаан дээр ч гэсэн адилхан байгаа юм. Энэ процесст оролцож байгаа талуудын хамтын чармайлт буюу үүргийн нэгдэл маш чухал ач холбогдолтой. Эрхээ эдэлнэ, бас үүрэгтэй оролцох тул үүргийнх нь орон зайг талуудаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл компаниудын гаргадаг нийтлэг алдаа нь мөнгөө өгчихсөн гэж үзээд нийгмийн харилцаагаа орхигдуулдаг. Мөнгө өгөх бол нэг л зүйл. Тэрийг хэн, яаж зарцуулах вэ, хяналттай байна уу гээд мэдлэг хэрэгтэй болдог. Мөнгө, хандив өгч байгаагаа нийгмийн хариуцлага гэж эндүүрдэг. Энэ бол эрсдэлээ бууруулахын тулд зарцуулж байгаа зардал байхгүй юу.

 

Нийгмийн хариуцлагыг тодорхойлсон олон загвар, зарчим байдаг, би тэдгээрээс Америкийн нэрт эрдэмтэн Арчи Б.Кэрролл 4 зарчимт загварыг онцлон үздэг. Нэгт, татвараа төлдөг хариуцлагатай бизнес эрхлэгч. Хоёрт, хууль зөрчдөггүй, гуравт, өөрөөсөө гарах эрсдлийг бууруулж чадах эсэх, дөрөвт, сайн дурын филантроп. Манайд эхний 2-ыг хийнэ, сүүлийн сайн дурын хандивыг бас хийнэ. Харин эрсдлийг бууруулах тал нь орхигдоод байна.

 

Эцэст нь, хүнийг ойлгох хоёргүй сэтгэл хэрэгтэй. Бүх талын эрх ашгийг хангаж ажиллахад логикоо хослуулна. Дээрээс нь хүнлэг байна гэдэг нь хүний эрхийг хүндэтгэж байна гэсэн үг. Хүн хүнээрээ л байх ёстой. Хүний амьдралыг хүн заана гэж хэзээ ч байхгүй.

 

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.