Д.Тэгшбаяр: Зохицуулалт, засаглал зөрчигдөхөд баялаг дагасан тонуул гаардаг
Энэхүү ярилцлагаас та дараах сэдвүүдийн талаар илүү тодорхой ойлголттой болно гэж найдаж байна.
-Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн 34%-ийн хэлэлцээ
-Төр ба хувийн хэвшлийн ойлголцол
-ТӨК-ийн удирдлагын хариуцлага
-Хараат засаглалын үр дагавар
Унших хугацаа 19 мин.
Эх сурвалж: Хувийн архиваас
-Засгийн газар стратегийн ордууд дээр төрийн 34%-ийн эзэмшлийг тогтоох хэлэлцээ хийх тогтоол гаргасан. Энэ нийгэмд нэлээд маргаан үүсгэж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр хэд хэдэн шинэ зүйл орж ирсэн. Үүнээс олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын эзэмшигчийн тухайн ордод оруулсан 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших тухай заалт юм. Өмнө нь бол үүсмэл ордод лиценз авах зохицуулалт ашигт малтмалын тухай хуульд байсан. Тэр дагуу лицензтэй ганц л компани бий. Харин одоо бол улсын төсвөөр хайгуул хийсэн бол үүсмэл орд дээр ч төр 50 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшихээр болж байна.
Одоогийн байдлаар стратегийн 16 ордын жагсаалт байгаа, дахиад 39 болгож нэмэгдүүлэх саналыг Засгиийн газраас УИХ-д оруулж байсан. Энэ ордуудыг эзэмшдэг 60 компани дээр ч төрийн эзэмшлийн 34 хувь яригдана гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн 10 дугаар сард болсон “Уул уурхайн 7” хоног арга хэмжээний үеэр хэлсэн. Тэгэхээр үүнийг олон нийт зөв үү, буруу юу гэж маргах нь зүй ёсны асуудал.
Үүнээс гадна цаашдаа яах ёстойгоо зайлшгүй ярихгүй бол болохгүй. Хууль сайн ч байж болно, муу ч байж болно. Иргэдийн олонхоор сонгогдсон УИХ нь баталсан л бол сайн, муу гэлтгүй дагаж мөрдөхөөс аргагүй. Үүн дээр төрөөс ямар нэг байдлаар тусгайлж авч үзэх нөхцөл гэдэг зүйлийг тодорхойлж, баталж гаргаж ирэхгүй л бол байгаа хуулиа баталснаар нь хэрэгжүүлэх үүрэгтэй.
-Төр 34%-ийг эзэмшинэ гэхээр төрийн өмчит компаниудын тоо нэмэгдэж таарах уу?
-Монгол Улсын Засгийн газрын бодлогоор 34%-ийг заавал хувь эзэмшил хэлбэрээр тооцохгүй, АМНАТ, бусад татвар, хураамж, төлбөрийг 34 хувьдаа дүйцүүлж тооцож болохоор зохицуулах байх гэсэн хүлээлт байна. Ийм ч санааг Н.Учрал сайд илэрхийлэх шиг болсон. Одоогийн байдлаар стратегийн 16 ордоос төрийн эзэмшлийн 7 орд байна. Гэхдээ нийт төрийн эзэмшлийн компаниудыг харахаар 43% орчим нь эрсдэлтэй эсвэл өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон байна. Энэ нь чамлалттай дүн. Төр нь бизнесийн салбарт хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компанийн тоог нэмэх улсад, иргэдэд ямар ч ашиггүй. Хэрэв хувь эзэмшинэ гэж зүтгэвэл энд өөр ашиг сонирхлын асуудал явж байна л гэсэн үг.
Манайд стратегийн ордыг тодорхойлсон хуулийн заалт маш тодорхойгүй. ДНБ-ий 5%-тай тэнцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ордын 34%-ийг эзэмшинэ гэсэн бол тодорхой шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2023 оны ДНБ-тэй харьцуулахад ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компанийн 34% яригдах байсан байх. Гэхдээ үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээ гэж юуг тодорхойлох нь тодорхойгүй хэвээр байна.
Хоёрт, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нөхцөлд ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийн балансыг хангах шаардлага үүсээд байна. Хайгуул бол ашиглалтаасаа 30 жилээр түрүүлж явах ёстой. Гэтэл нийт тусгай зөвшөөрийн 27% нь хайгуулынх байна. Стратегийн ордод авах гээд байгаа 39 орд, сүүлд Н.Учрал сайдын хэлсэн 60 компанийн дийлэнх нь хайгуулын түвшинд буюу олборлолтоо эхлээгүй байна. Хайгуул хийхэд маш их зардал гарна. Төр 34%-ийг хувьцаа хэлбэрээр эзэмшинэ гэвэл цаашдаа эзэмшлийн хувьдаа ногдох зардлаа даах юм уу гэдэг асуудалтай.
Олон нийт хууль батлагдчихлаа, 34%-ийг төрд авах гэж байна гэдэг дээр бухимдаагүй. Тодорхойгүй байдал дээр л бухимдалтай байна.
Мөн үйлдвэрлэх боломжтой орд гэхээр нөөцөөр хэмжих юм шиг байна. Гэхдээ энэ нь зөвхөн нөөц болохоос баялаг биш. Энэхүү нөөцийг олборлоод, нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгож, татвар төлж, дээрээс нь иргэдэд хөрөнгө юм уу, ногдол ашиг бий болгож байж цогцоороо баялаг болох юм. Эдийн засгийн ойлголт нь энэ. Түүнчлэн, зах зээлийн үнэ ханш байнга өөрчлөгдөнө, газар доороос ухаж гаргаж ирэх хүртэлх ажлын өртгийг яаж тооцох гээд иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхойгүй байгаа тул бухимдаад байгаа юм. Асуудлаа эхлээд хоёр талаасаа сууж тодорхой болгож байж хэлэлцээр рүүгээ орох байх гэж найдаж байна.
-Төр 34%-иа аваад, компанийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг тайлбарыг өгч байна. Энэ хэр зэрэг боломжтой вэ?
-Хуульд заасан тул төр 34%-иа авна, хуулиа хэрэгжүүлнэ гэвэл компаниуд “үгүй” гэж хэлэх ямар ч аргагүй. Гэхдээ төр ямар хүмүүсийг төлөөллөөрөө томилдог вэ. Засаглал сайн бол улс төрийн нөлөө нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Гэвч өдийг хүртэл хамгийн шилдэг гэж төрөөс томилж ирсэн хүмүүсийн хийсэн ажлынх нь үр дүн муу байна. Өмнөх жил хоёр нь л ашигтай ажилласан байдаг. Ялангуяа, дур мэдэж өөрсдөдөө ашиг орлого төвлөрүүлж, урамшуулал олгодог асуудал хэвлэлээр ч яригдаад байна.
Энэ хариуцлагагүй байдлаа таслан зогсоож чадаагүй байж хувийн хэвшлийн 34% дээр ногдох хэмжээний төрийн төлөөллийг энэ олон компани дээр оролцуулж орж ирнэ гэвэл хэдэн нөхрийг төрөөс томилж, нэмж тэжээх юм болох биз. Тийм хүмүүстэй хариуцлага ярьж чадахгүй байж төрийн төлөөллийг оруулж ирэх нь хувийн хэвшилд маш том эрсдэл.
Цаашлаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тоолонд төр ногдох хувийнхаа хөрөнгийг оруулж чадах уу, тэгэх шаардлага байна уу гэдэг байна. Төрөөс удирдамж аваад шийдвэр гаргахад хэлээд суух юм бол тэнд төрийн төлөөлөл гэж юм огт хэрэг алга. Төр албан бичгээ л өгчихвөл болохоор байна шүү дээ. Харин 34%-иа төр татвараар тооцож, АМНАТ-аа аваад явна гэвэл улсад хэрэгтэй, өмнөх алдаагаа ч давтахааргүй юм.
-Зарим хувийн хэвшил тухайлбал, МАК компани гэхэд 34%-ийн хэлэлцээнд ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?
-Одоогоор би тэр компаниудын олборлолт, татвар төлөлт гээд нарийн мэдээлэлгүй байна. Тухайлбал, Цагаан суваргын орд гэхэд одоогоор олборлолт эхлээгүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орлого олоогүй, магадгүй ажилчдын НДШ зэрэг зарлага л гарч байгаа байх.
Гэхдээ төртэй хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлснийг бодоход зарим нэг эрсдэлээ хааж байгаа байх. Тухайлбал, олборлолт хийгээд эхлэвэл лиценз эзэмшлийн тогтвортой байдал, маргаан үүсэхээс сэргийлэх байж болох юм. Мөн тээвэрлэлт, хил гаалийн асуудал дээр төртэй хамтарсан байвал тодорхой хэмжээний боломж олддог байж болох юм.
Гол нь ямар нөхцөлтэйгээр зөвшилцөх гэж байгааг, компаниийнх нь асуудлыг мэдэхгүй учраас хэлж мэдэхгүй. Хэрэв би байсан бол давын өмнө эрсдэлээ хаахын тулд л төртэй гэрээлнэ. Эрсдэлээ хааснаар компанид нэн түрүүнд үүсэх давуу тал нь хөрөнгө оруулалт татахад хэрэгтэй. Эрсдэл буурах тусам орж ирж буй гаднын зээл ч юм уу санхүүгийн эх үүсвэрүүдийн хувь хэмжээ нь буурдаг. Тэгэхээр төртэй хамтарснаар хөнгөлөлттэй, хямд эх үүсвэртэй санхүүжилтийн эх үүсвэр үүсч байж магадгүй.
-Төрийн өмчит компани хэт томорлоо, данхайлаа гэдэг шүүмжлэл байсаар байна. Ялангуяа, стратегийн ордууд дээр төрийн эзэмшлийн 34%-г тооцох эрх зүйн орчин нь уул уурхайн салбарт төрийн хэт оролцоог бий болгосон гэж үзэх хэсэг ч байна. Гэтэл нөгөө талаар, байгалийн баялгийг хуваарилах, захиран зарцуулах нь төрийн эрх хэмжээний асуудал тул төрийн өмчит компани байх ёстой гэдэг. Уул уурхайн салбарт төрийн өмчит компанийн хэм хэмжээ ямар байх ёстой вэ?
-Аль ч улсад төрийн өмчийн компани байдаг. Гэхдээ онолын хувьд төр зайшгүй хийх ёстой ажил, зайлшгүй оролцох салбар, төрийн оролцоотой гүйцэтгэх ажил л гэж байдаг болохоос тэр салбарт тийм харьцаатай байх ёстой гэдэг юм уу эсвэл төр нь бизнесийн салбарт хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх асуудал яригддаггүй.
Бусад орны уул уурхайн салбарын төрийн өмчит компаниуд хувь эзэмшлээрээ л төртэй хамааралтайгаас бусад засаглал, шийдвэр, үйл ажиллагаа нь яг засаглалын зарчмаараа, стандартаа бариад төрөөс огт хамааралгүй явж байж ашигтай, амжилттай байна. Манайд энэ зарчмаар явах гэхээр анхнаасаа томилгоо, цаашлаад худалдан авалт, том дүнтэй гэрээнд улс төрийн нөлөө орж, компанийг ашиггүй ажиллуулах нөхцлийг бүрдүүлсээр байна.
Нэмээд төрийн олон байгууллагаас тогтмол хөрөнгө, мөнгөний гуйлга, шахаа хийх шахалт тавьдгаас компаниуд бие дааж, хариуцлагатай ажиллах бололцоог нь өгөхгүй байна. Нөгөө талдаа, хувийн хэвшлийн компаниуд бага татвар төлөх сонирхлыг төрд авч байж иргэдэд илүү өгөөж өгнө гэж ойлгуулах хүмүүс ч байна. Энэ нь төрийн мэдэлд компанийг байлгаж өөрсдийн мэдлээр захиран зарцуулах, зорилготой, ашиг сонирхол гэж хардаг. “Сантмарал” сангийн судалгаанаас харахад иргэд төр, хувийн хэвшлийг хамтрахыг дэмжих хандлага эрс нэмэгдсэн байгаа нь харамсалтай. Тэгэхээр төрөөс улс төрийн шийдвэр гаргаад байх шиг байна.
-Тэрхүү 34%-ийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтэд зарцуулахаар хуульчилсан. Үүн дээр хувийн хэвшилтэйгээ ойлголцоход юуг анхаарах вэ?
-Үндэсний баялгийн сангийн хуулиар 3 сан бий. Гэхдээ үүний нэг нь болох Ирээдүйн өв сангийн хуулийг батлаад мэргэжлийн менежмент удирдана гэсэн боловч 2017 оноос хойш хэрэгжихгүй л байна. Үүн дээр нэмэгдээд Хуримтлалын сан гэдэг зүйл гараад ирлээ. Энэ сан бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ногдох төрийн эзэмшлийн 34%-ийн ногдол ашгаас бүрдэхээр заасан байна. Гэхдээ хуульд заавал төрийн өмчит компанийн тоог нэмэгдүүл гэж заагаагүй. Тэгтэл мөнгөн дүнг нь нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийн 34%-ийг авах асуудал яригдаж байгаа нөхцөлд нэн түрүүнд стратегийн ашигт малтмалын ордын тодорхойлолтыг хэмжиж болохуйцаар тодорхой болгох хэрэгтэй.
Үйлчлүүлэгчтэйгээ хоёр талаасаа сууж байгаад зөвшилцөж тохиролцсоны дараа компанийнхаа тоог нэмнэ үү, хасна уу гэдэг нь төрийн эрх хэмжээний асуудал юм. Засгийн газраас УИХ руу санал оруулж, стратегийн ордод оруулах эсвэл хасах шийдвэрийг УИХ гаргана. Энэ процесс хуулийн дагуу үргэлжилж болохоор байна. Гэхдээ бид тодохойгүй юмнуудаа тодорхой болгож байж Хуримтлалын сангийн орлого бүрдүүлэх тухай ярихгүй бол хувийн компанийн хувьцаа эзэмшлийг төр үнэ төлбөргүй авна гэх юм бол нийт аж ахуйн нэгж, иргэдэд ч үл ойлголцол төрүүлнэ. Ийм маргаан, эмх замбараагүй байдал үүсвэл төр түүнийг дарахын тулд нөхөн олговор өгөх ёстой болно.
-Нөгөөтэйгүүр, иргэн бүрийг хуримтлалын данстай болгосон нь байгалийн баялгийн өгөөжийг тэгш хүртээх хөшүүрэг болж чадаж байгаа юу?
-Хуримтлалын сангийн зарцуулалт зорилтот бүлэгт чиглэгдсэн, гэхдээ хэрхэн зарцуулах нь тодорхойгүй байна.
Энэ салбараас хэдэн төгрөг орсныг хэн, хаашаа, яаж зарцуулж байна, хандив, тусламжид хэдийг зараад тэр нь юу болж хувирсныг мэдэхгүйгээр байгалийн байлгийн тэгш хуваарилалт гэж ярих ч хэрэггүй.
Өмнө нь орон нутагт олборлох салбарын компаниудын өгсөн хандив, тусламж нь морины бай, бөхийн шагналд яваад дууссан. Зорилтот бүлэгт дахин ашиг сонирхол орохгүй гэх баталгаа алга. Ийм байхад ямар ч гоё нэртэй сан бий болгоод баялгийн өгөөжийн хуваарилалт оновчтой болно гэж харахгүй байна.
-“Эрдэнэс тавантолгой”-д гаднын менежментийг оруулж ирээд, үйл ажиллагааг нь ил тод болгож, олон нийт хяналт тавих орчин бүрдүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь нэг талаар олон нийтийн хүлээлт боловч нөгөө талаар хэрэгжилтийн хувьд зөв явуулах нь чухал болов уу?
-Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд нэг талдаа Үндсэн хууль, нөгөө талдаа Үндэсний баялгийн сан бий. Холбох гүүр нь олон нийтийн мэдэх эрх юм.
Энэ концепцоор бол Н.Учрал сайдын хэлж байгаа нь оновчтой. ТӨК-иудын удирдлага нь хууль бусаар шийдвэр гаргаад байгааг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Дотоодоосоо, төрөөс хүн томилохоор хэн ч байсан иддэг юм байна гэдгийг төрийн түвшинд ойлгочихоод байна. Тиймээс ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангаад, дараа нь ногдол ашгаа яръя гэж байгаа нь засаглалын хувьд зөв процесстой, эрс шийдэмгий шийдвэр.
Гэхдээ тэр чигт нь гаднын менежмент хийж, монголчуудаа оролцуулахгүй үйл ажиллагаа явуулна гэвэл бүтэхгүй. Яагаад гэвэл, одоогийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нугийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах хуулиуд олон улсын стандартад нийцдэггүй. Нийцдэггүй учраас төрийн өмчит компанийн сандал ширээний асуудлыг шийдэх хүртлээ төр дордчихоод байна. Гадныхан орж ирээд манай хууль, улс төрийн нөлөөлөл, оролцоог ойлгохгүй.
Нөгөө талаар, гаднын баг гэхээрээ ашиг сонирхлын зөрчилгүй байна гэж байхгүй. Тэгэхээр Монгол Улсын хөрсөнд тохирсон менежментийг судалж үзэх хэрэгтэй.
Урьд нь бидний хамгийн сайн мэдэх, гадны менежмент амжилттай хэрэгжсэн жишээ бол “Хас банк”, “Хаанбанк”, “Худалдаа хөгжлийн банк”-ууд байна. Тэд ТУЗ, гүйцэтгэх удирдлагын багт гадаадын чадварлаг мэргэжилтнүүдийг ганц нэгээр нь, бага багаар, үе шаттай оруулсан. Менежментээ шууд 100% гаднынханд өгөөгүй.
"Эрдэнэс тавантолгой” ХК дээр Н.Учрал сайдын хэлсэн хувилбар бол менежментийн баг буюу гүйцэтгэх удирдлага багтайгаа ирээд, үр дүнгийн гэрээ хийгээд ажиллана гэсэн үг байх. Гэхдээ дээр хэлсэнчлэн баахан гадаад хүмүүс мундаг гээд орж ирээд манай хөрсөнд буухгүй гэдгийг л хэлье. Энд үе шат заавал байх ёстой. Харин “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны 73.5% нь төрийн, үлдсэн хувьцааг 3.4 сая иргэн, 480 орчим хуулийн этгээд эзэмшиж байна. Тэгэхээр энэ хүмүүс л ТУЗ-д хэн байхыг шийднэ. Хэрэв Засгийн газар ТУЗ-д гадаадын зөвлөхүүд байлгана гэж шийдвэл өөрийн 73.5%-ийн хувьцаа эзэмшлийнхээ төлөөлөлд л гадны хүмүүс оруулж ирж, одоо байгаагаа солих эрхтэй. Түүнээс бусад иргэд, хуулийн этгээдийн төлөөллийг тийм ийм байна гэж дур мэдэн шийдэх эрх байхгүй.
-Уул уурхайн салбарт компанийн хувьцаа эзэмшил, менежмент нь хувийн хэвшил нэрийн дор нэг ашиг сонирхолтой бүлэглэлд төвлөрч байсан ойрын түүх бий. Үүнийг шийдэхийн тулд БЭТ хүртэл томилох зэрэг арга хэмжээ авсан. Монгол шиг байгалийн баялагтай, засаглал нь бэхжиж амжаагүй орны хувьд эрх мэдэл дагасан баялгийн төвлөрлөөс яаж сэргийлэх вэ?
-Төр өөрийн төлөөллийг ТУЗ-д мөн гүйцэтгэх удирдлагаар томилчихоод тэд нар нь ажлаа хийж чадахгүй байхад нэмээд БЭТ томилдог завхарсан асуудал одоо нэг мөсөн зогсмоор байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлж хариуцлагаа л тооцох ёстой шүү дээ. Нэг нь ч хэрэгждэггүй, шүүх рүү л буруугаа чихэж дайрдаг. Гэтэл шүүхийн өмнөх түвшинд тооцох хариуцлагын асуудал хуульд түм бумаараа байна.
Олон улсын уул уурхайн компанийн хөгжлийн түүхийг харахад зохицуулалт, засаглал зөрчигдөхөөр баялаг дагасан тонуул гаардаг гэж үздэг. Гэтэл бас баялаг болон зохицуулалт нь байгаад ч үйлдвэрлэл, технологи нь байхгүй бол өлсгөлөн, дампууралд хүрдэг гэж үздэг. Манай хувьд засаглал нь зөрчигдөөд, үйлдвэрлэл технологи тааруу байна. Энэ нь онолоор бол тонуултай, дампуурал руу чирэгдсээр байгааг хэлээд байх шиг.
Хуульд заасан мэдээллээ эхний ээлжинд ил тод болгож, олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй. Энэ дээр асуудал гарах тоолонд хариуцлагаа тооцож харуулах хэрэгтэй. Улс төрчдөөс хамааралгүйгээр томилгоо хийж, үр дүн ба хариуцлагыг нь тодорхой заамаар байна. Хүнээс хамааралгүй томилгоо хийгдэж байж л өөрчлөгдөнө. Компанийн хүчин чадалд түшиглэсэн үйл ажиллагаа явуулдаг салбар учраас тодорхой хэмжээнд баялгийн төвлөрөл байх нь ойлгомжтой. Төр зарим эрсдлээ хүлээн зөвшөөрч, цаашаа үргэлжилмээр байна. Өнгөрсөнтэйгөө зууралдахын оронд салбарын хөгжлөө үе шаттай төлөвлөөд явах нь зөв байх.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд
Daraagiin unurtsetseg
Шинэ нийтлэлээс хоцрохгүй байцгаая.
Имэйлээ үлдээгээрэй