Logo

Хуримтлалын сангийн 34%-ийг бүрдүүлэх хэлэлцээнд орох компаниуд

Засгийн газартай хэлэлцээ хийж, Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг танилцуулж байна. Гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-11-07 · Уншсан: 609

Хамтарсан Засгийн газрын нэг том хийх ажил нь Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх. Бүр тодруулбал, иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зориулахаар төлөвлөсөн Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэх том даваа бий. Энэ оны 4 дүгээр сард баталсан Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34%-иар Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэхээр хуульчилсан.

 

Энэ дагуу өнгөрсөн 9 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгасан билээ. Энэ дагуу ЗГХЭГ-ын даргын ахлан хийсэн хэлэлцээг УИХ-р эцэслэн батлахаар болсон. 

 

Эх сурвалж: Засгийн газар

Нээлттэй эх сурвалжийн мэдээллээс үзвэл 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн 16 орд бий. Үүнээс 7 орд дээр төрийн хувь эзэмшилтэй компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хувийн хэвшлийн 20 гаруй компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

ЗГХЭГ-аас өгч буй мэдээллээр стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөлтэй 34%-ийн хэлэлцээг амжилттай хийснээр Хуримтлалын санд 2040 он хүртэл нийтдээ 3.5 их наяд төгрөгийн төвлөрүүлнэ хэмээн үзэж байна.

 

Datastory.mn нээлттэй мэдээллийг ашиглан стратегийн ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн компаниудын мэдээллийг хүргэж байна.

 

Стратегийн 16 ордоос олборлолтын үйл ажиллагаа явуулж, улсад татвар хураамж төвлөрүүлж байгаа нь Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт, Бороо, Төмөртэй, Төмөртийн-Овоо, Шивээ-Овоо, Эрдэнэтийн-Овоо, Багануур гэсэн 9 орд байна.

 

Төрийн хувь хэмжээ тогтоох хэлэлцээ нь стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулахаар Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, мөн хувьцааныхаа 10 ба түүнээс дээш хувийг олон нийтэд арилжаалсан компаниудад хамааралгүй юм. Харин Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээ нь дуусгавар болсон, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцэх аж.

 


Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сум, Төв аймгийн Борнуур сумыг дамнан оршиж байгаа Бороогийн алтны бүлэг орд дээр “Бороо гоулд” ХХК ашиглалтын 7, хайгуулын 1 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Ил тод мэдээллээс үзвэл 2023 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийтдээ 34.5 тэрбум төгрөг төлжээ. 2024 оны 8 дугаар сард тус компанийн хувьцааг Дорнод аймагт Алтан цагаан овоо ордын төсөл хэрэгжүүлэгч “Степ гоулд” компани авсныг олон нийтэд зарлав. “Степ гоулд” нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй.

“Бороо гоулд” ХХК-ийн олборлох алтны хэмжээ 2024-2031 онд 431 мянган унц байна гэж тооцоолжээ.


Өмнөговь аймгийн Гурван тэс, Ноён сумын нутагт оршдог Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордод “Өсөх зоос”, ЕАИ, “Адилцаг”, “Азаргын гол чонот”, “Сауд гоби сэндс”, “Монголын Алт-МАК”, “Хүрэнтолгой коал майнинг” гэсэн 7 компани нүүрс олборлодог. Эдгээрээс Саусгоби сэндс ХХК нь нийтдээ 30 орчим мянган га талбай бүхий 4 тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Сингапурын SGQ Coal Investment компанийн хөрөнгө оруулалттай. Тус компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй.

ЕАИ компани нь БНХАУ-ын 50%-ийн хөрөнгө оруулалттай бол бусад компани нь хувьцаагаа олон нийтэд арилжаагүй, дотоодын ааж ахуйн нэгжүүд байна.

 


Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханхонгор сумын нутагт байрладаг Тавантолгойн нүүрсний бүлэг ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн төлөөлөл бол “Энержи ресурс”, “Хангад эксплорэйшн” компаниуд юм. Аль алиных нь эцсийн өмчлөгч нь Ж.Оджаргал гэж бүртгэгджээ. “Энержи ресурс” ХХК нь Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг бол “Хангад эксплорэйшн” ХХК нь БНХАУ, Люксембургийн хамтарсан хөрөнгө оруулалттай гэж бүртгэгдсэн байна.


Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай Төмөртийн-Овооны төслийг хэрэгжүүлэгч “Цайрт минерал” ХХК нь уул уурхайн татварын орлогыг бүрдүүлэгч топ 10 компанийн нэг. БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани гэж бүртгүүлжээ. 2023 онд 44.6 тэрбум төгрөгийн орлогын албан татвар төлсөн байна. Харин Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордод “Их баян төмөртэй” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ч одоогоор олборлолт явуулдаг эсэх нь тодорхойгүй.


Уран нь стратегийн ашигт малтмалд тооцогддог бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших талбай дээр Япон, Хонконг, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Адамас майнинг” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.


Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод хувийн хэвшлийн 3 компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гадаадын хөрөнгө оруулалттай 2 компанийн 1 нь оффшор бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд байна. Энэхүү орд нь эртнээс асар их эсэргүүцэлтэй, ашиглалтад орох эсэх нь тун бүрхэг юм.


Дорноговь аймгийн Мандах суманд байрладаг Цагаан суваргын зэс, молибдений ордод 3 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшижж байна. Үүнээс “Эрдэнэс цагаан суварга”, Монголын – Алт МАК” нь нэг эцсийн өмчлөгчтэй компани байна. “Монголын – Алт МАК” компанийн зүгээс Засгийн газартай 34%-ийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээд буй.

Шивээ-Овоогийн нүүрсний орд дээр гадаадын хөрөнгө оруулалттай “Эйкүсора” ХХК ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зөвшөөрөл нь 36 мянга орчим га талбайг хамарч байна.

Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтөөс харвал, зөвшилцлийн явцад стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ногдол ашгаар авах уу, АМНАТ-аар тооцох уу гэдгээ талууд харилцан тохиролцож, улмаар УИХ эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байгаа билээ.