Logo

ТӨК-иудын алдагдал 4.7 дахин гүнзгийрчээ

Ил тод болгосон мэдээллээс харвал 2022-2023 онд ТӨК-иудын нийт алдагдлын хэмжээ 4.7 дахин гүнзгийрсэн бол ашиг нь 1.9 дахин нэмэгдсэн байна. Гар утасныхаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-12-19 · Уншсан: 540

 

Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 119 хуулийн этгээдийн өнгөрсөн 2 жилийн татвар болон ашигт ажиллагааг Төрийн өмчит хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл цахим хуудсаар ил тод болгожээ.

Ингэхдээ Сангийн яамны Цахим санхүүгийн тайлангийн системтэй холбосон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцлов. Эдгээр хуулийн этгээд дотор гадаадын хөрөнгө оруулалттай, мөн менежментийг нь хөрөнгө оруулагч талын баг гүйцэтгэдэг компаниудыг (Оюутолгой, Бадрах энержи, Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт) ч нэгтгэн хамруулсан байна.

 

 

 

Ил тод болгосон мэдээллээс харвал 2022-2023 онд ТӨК-иудын нийт алдагдлын хэмжээ 4.7 дахин гүнзгийрсэн бол ашиг нь 1.9 дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 2022 онд 63 хуулийн этгээд нийт 731 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсний 48%-ийг эрчим хүчний салбар бүрдүүлжээ. Харин 2023 онд алдагдалтай ажилласан компани 54 болж цөөрсөн ч алдагдлын хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч даамжирсан байна. 2023 онд үүссэн алдагдлын 90%-ийг эрдэс баялгийн салбар тайлбарлаж байна.

 

 

 

 

Эрдэс баялгаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын алдагдлын хэмжээ бага зэрэг буурахад эрчим хүч, тээвэр логистикийн салбарын ашигт ажиллагаа нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Ялангуяа, ДЦС-4, Амгалан дулааны станцын ашиг нэмэгдэж болон агаарын тээврийн салбар сэргэсэн нь гол нөлөө үзүүлжээ. Харин барилга, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын ТӨК-иудын алдагдал 2023 онд эрс гүнзгийрчээ.

 

 

 

 

 

 

 

Улсад төвлөрүүлсэн татварын хэмжээг харвал, ТӨК-иуд 2022 онд нийт татварын орлогын 19%, 2023 онд 25%-ийг эзэлж байна. Гэвч эрдэс баялгаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг ТӨК татварын өчүүхэн бага хэсгийг бүрдүүлдэг аж. Эрдэс баялгаас бусад салбарын нийт 96 ТӨК тайлан мэдүүлснээс 2022 онд ₮196 тэрбум, 2023 онд ₮277 тэрбум төгрөгийн татвар төлжээ.