МЭДЛЭГИЙН ГРАФ: Сонгуулийн уралдаанд №1-т сойсон Г.Лувсанжамцын “шүдийг шинжье”
Datastory · 2024-06-23 · Уншсан: 6186

 

Datastory.mn Монголын Дата Клубын бүтээсэн мэдлэгийн граф хэрэглүүрийг ашиглан жагсаалтаар нэр дэвшигчдийн эзэмшиж буй аливаа хуулийн этгээдийн цаад холбоо сүлбээ, сонирхлын зөрчлийн эрсдэлийг цувралаар харуулж байна. Мэдлэгийн граф бол “Linkurious” компанийн албан ёсны эрхтэйгээр Neo4J технологийг ашиглан УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэл, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, Шилэн данс, АТГ-ын ХАСХОМ-ийн нээлттэй өгөгдөл мэдээллийг холбож, холбоо хамаарлыг харуулдаг хэрэглүүр юм.

 

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Ариунзаяа, Редактор: З.Цэлмэг

 

МАН-ын жагсаартаар нэр дэвшигчдийн 1 дүгээрт эрэмбэлэгдэж буй Г.Лувсанжамц “20 минутын хот”-ын үзэл санааг танилцуулав. Гол санаа нь хэрэв эрх баригч нам сонгуульд ялж, 3 дахь удаагаа дарааллан үнэмлэхүй олонх болвол Улаанбаатар хотыг агаарын бохирдол, авто замын түгжрэлээс нь салгаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх аж.

Олон нийтийн санал асуулгаар иргэдэд тулгамдсан асуудлуудын 1 дүгээрт нийслэлийн замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй явж ирсэн 30 жилийн алдаа завхрал орж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, энэ ч үүднээс энэ бүхнийг засахаар жагсаалтын 1 дүгээрт хот төлөвлөлтийн доктор, архитектурыг оруулж ирснээ “20 минутын хот”-ын танилцуулгад хэлэв.

Г.Лувсанжамц бол хот төлөвлөлтийн 13 жилийн туршлагатай эксперт. Ерөнхий сайд жагсаалтын кандидатуудаа түүгээр өнгөлүүлсэн нь гэнэтийн байсан ч эрх баригч намын боловсон хүчний чансааг мэдрүүлсэн. Бас зарим хүнд итгэл найдвар өгсөн байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн барометрийн “Сант марал төв”-ийн захирал Л.Сумати энэ оны 2 дугаар сард UB Post-д өгсөн ярилцлагадаа олон нийт өндөр боловсролтой, чадварлаг, нэр цэвэр, залуу манлайлагчийг энэ удаагийн сонгуулиас хүлээж байгаа тухай дурдаж байв. Г.Лувсанжамц олон нийтийн энэхүү шалгуурт хэр нийцсэн нь, цаашид нийцэх эсэх нь мөд тодорхой болох биз. Эрх баригч намын жагсаалтын №1-т сойгдож буй нь нэр дэвшигчийн хувьд "бэлэг" байж болох ч сонгогчдын хувьд "бэлгийн морь" биш билээ. Тиймээс нийтэд ил болсон мэдээллийг ашиглан түүний "шүдийг шинжлээ".

Тэрбээр Монголын бизнесийн магнат болон өнөө үед боловсролын салбарт амжилттай ажиллаж буй олны танил эрхэмтэй ашиг сонирхол нэгтэй нь сонирхол татав.

Авлигын эсрэг хуулийн 10.6-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Авлигатай тэмцэх газарт, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийн хуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргадаг.  Тус мэдүүлгийн маягтын дагуу аливаа хуулийн этгээд нь нэр дэвшигчийн хөрөнгө гэж тооцогддог бөгөөд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хамтран эзэмшиж буй түүний толгой, охин, хараат болон салбар компанийг мэдүүлэх учиртай. 

АТГ-аас ил болгосон нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт түүний эхнэр Б.Пүрэвдулам "Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК-ийн 49%, “Эйч Си андэрсэн” ХХК-ийн 5%-ийг эзэмшдэг байна.  

                   

                             

“Мэдлэгийн граф”-ийн харуулж буйгаар “Эйч Си андэрсэн” компанийг эхнэр Б.Пүрэвдулам нь Б.Жавзан, Д.Тэмүүлэн, Б.Эрдэмсайхан, Б.Оюунчимэг, Б.Цолмон нартай хамтран эзэмшдэг. “Эйч Си андэрсэн” ХХК хүүхдүүдэд зориулсан код бичих, STEAM сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ. Харин хамтран эзэмшигч Б.Оюунчимэг нь хэвлэлийн салбарын нөлөө бүхий “Непко” ХХК-тай холбогдож байна.

Мөн Японы сумогийн аварга Ёкозүна Харүмафүжи болон О.Энхжин нартай хамтран “Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК-ийг эзэмшдэг. Хүний нөөц, мэдээллийн технологи, үүлэн тооцоолол, өгөгдлийн төв, сэргээгдэх эрчим хүч гээд ирээдүйтэй салбарт консалтинг, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж. Гэхдээ олон нийтийн сүлжээн дэх мэдээллээс харвал тус компани Япон улсад хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг байна.

 

 

Үүнээс гадна, тус компани “Юнител” групптэй хамтран “Уан стоп солюшн” хэмээх охин компанийг 2019 оны 9 дүгээр сард байгуулж байжээ. Компанийн эцсийн өмчлөгчөөр MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал байдаг юм байна.  Харилцаа холбооны сүлжээ, гадна холбооны кабель угсралт зэрэг дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Энэ мэдээллээс харахад Г.Лувсанжамц нь Японд суралцаж, амьдарч байснаас гадна Японы боловсролын солилцоо, хүний нөөцийн жуулчлал, дэд бүтцийн бизнес эрхлэгчидтэй өргөн хүрээнд харилцаатай байдаг аж.

Бас нэг сонирхолтой зүйл гэвэл Г.Лувсанжамцын ажилладаг “Nippon Koei” компани нь өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерт оролцож байжээ. Мөн Зүүн чиглэлд буюу Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам барьж байгуулах ажлын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын зөвлөх үйлчилгээг үзүүлж байжээ.

 

Г.Лувсанжамц бол Засгийн газрын хэрэгжүүлж буй “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогыг зангидах мэргэжилтнүүдийн нэг. Ялангуяа, нийт сонгогчдын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийтийн тээвэр, дэд бүтцийн төслүүд, шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход Ерөнхий сайдын багт орж ажиллах хүн хэмээн харж буй. Гэхдээ тэр Монголын бизнесийн магнаттай холбогдож, үе үе дотоодын томоохон дэд бүтцийн төслүүдийн тендэрт ордог, Монгол, Японы хүний нөөцийн харилцааг өргөжүүлж яваа хүрээлэлтэй аж. Тэрбээр төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоосоо дээгүүр тавих ёс зүйтэй байж чадах эсэхийг тун удахгүй харцгаая.