Дарханы төмөрлөгийн үйлдвэр ₮13.6 тэрбумыг Хуримтлалын санд төвлөрүүлнэ
Datastory · 2024-11-30 · Уншсан: 48

Нүүрсний эдийн засагтай Монгол Улсыг аж үйлдвэржсэн улс болгохын тулд “Эрдэнэс монгол” нэгдлийн манлайлал дор гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Засийн газар зорьж байгаа. “Эрдэнэс монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид туссанаар Дархан, Сэлэнгийн бүс дэх гангийн цогцолборын гол түшиц газар нь Төмөртэй, төмөртолгойн уурхайн төмрийн хүдрийг олборлогч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК юм.

Үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганбаяр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол хаягдал төмөр дээр суурилан үйл ажиллагаа явуулдаг. Жилээс жилд хаягдал төмрийн олдоц багасаж байна. Ижил төстэй үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа тул уул уурхайгааас гарч буй төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг ахиулж дараагийн шатны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал байна. Тиймээс төмрийн хүдрээс эцсийн ган бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байгаа” гэлээ.

 

Төмөртэйн ордыг иж бүрэн ашиглах, барилгын ган хийцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор гангийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж эхний ээлжид 1.0 сая тн ган бэлдэц, 200 мянган тн ширэм үйлдвэрлэхээр зорьж байгаа аж. Төлөвлөлтөөр эхний ээлжинд 2027 он гэхэд үндсэн ган хайлуулах үйлдвэрийг барьж, үргэлжлүүлээд бусад дагалдах үйлдвэрүүдийг босгох юм байна. Улмаар ган бэлдэцээс барилгын арматур, лист төмөр, ган утас, хэлбэрт ган, рейлс төмөр зэрэг эцсийн ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ бүтээн байгуулалтын өртөг зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар жилд 6.8 сая тн орчим төмрийн хүдэр, төмрийн баяжмалыг түүхийгээр нь экспортолж байгаа бол зөрүүлээд 500.0 мян.тн орчим төмрийн хүдрээс гаралтай бүтээгдэхүүнийг импортолдог гэсэн судалгаа байдаг юм байна.

Өндөр чанарын ган, металл хийцийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих суурийг бий болгоход 655 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд эргээд жилд 900 гаруй сая ам.долларын борлуулалтын орлого олж, 1274 ажлын байрыг шинээр бий болгох юм байна. Энэ нь 1 тонн төмрийн хүдэрт 250 ам.долларын нэмүү өртөг шингэж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн жилийн орлоготой харьцуулахад 7-8 дахин их орлого төвлөрүүлнэ гэсэн үг.

Дархан ҮТП (үйлдвэрлэл, технологийн парк)-ийн ган үйлдвэрлэлийн хэсгийг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Ж.Ганбаяр “Одоогоор ҮТП байгуулах газраа сонгож, улсын тусгай хэрэгцээнд авахуулахаар ажиллаж байгаа” гэв. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ч ҮТП-ууд байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнээс гадна “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК энэ жил Хуримтлалын санд 13.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж. Үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Энэ жил бизнес төлөвлөгөөгөөр 1.8 сая тонн төмрийн баяжмалыг экспортлохоор төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 1.2 сая тонн байна. Нэмж оны эцэст 600 мянган тонныг Монголын хөрөнгийн биржээр арилжаалснаар Хуримтлалын санд 13.6 тэрбум төгрөгийг байршуулахаар ажиллаж байна” гэлээ.

Мөн “Эрдэнэс монгол” нэгдлийн 2 дахь шатны шинэчлэлийг үргэлжлүүлэх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаныхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажилласан юм.

Энэ онд тус нэгдэл Монголбанканд 4.3 тэрбум ам.доллар төвлөрүүлэх даалгавартай. Оны эхний 10 сарын байдлаар 77%-ийн гүйцэтгэлтэй байна. Ирэх онд ч энэ хэмжээний ГВАН-ийг бүрдүүлэх даалгаварыг Засгийн газар өгсөн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд ч экспортын орлогоосоо 91 сая ам.долларыг ГВАН-ийг бүрдүүлэхэд зарцуулах аж.