Эрчим хүчний сэргэлтийн илгээлтийн эзэн М.Энхцэцэгийн авсан тендэр ₮16.3 тэрбум
Datastory · 2024-06-27 · Уншсан: 2634

 

М.Энхцэцэгт эрдэмтэн доктор гэхээс илүү эрчим хүчний салбарын бизнес эрхлэгч хэмээх тодотгол зохих аж. Энэ утгаараа тэрбээр УИХ-ын гишүүн болоход хэлэх үг, хийх үйлдэл бүр нь олны хараанд байх учиртай хүмүүсийн нэг юм.

 

Бэлтгэсэн: Б.Ариунзаяа, Редактор: З.Цэлмэг

 

Эрчим хүчний доктор М.Энхцэцэг ирэх жилүүдэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого дахь эрчим хүчний сэргэлтийг хэрэгжүүлэх илгээлтийн эзэн болж МАН-ын жагсаалтын №2-т бичигдсэн. 

Австралийн Middleton группийн эрчим хүчний ахлах инженер, тархмал эх үүсвэр, ногоон эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн М.Энхцэцэг салбартаа хөрөнгө оруулалт татаж, үнэ чөлөөлж, хүчин чадлыг нь нэмж, цаашилбал өрх бүр эрчим хүч экспортлогч болно гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол авторуудын нэг биз ээ.

М.Энхцэцэг доктор эрчим хүчний салбарт аргагүй “акул” гэдгээ сурсан мэдсэнээрээ төдийгүй төсвөөс, төрийн өмчит компаниудаас авдаг тендэрүүдээрээ батлах аж. 

Тэрбээр ХОМ-тээ хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан “Эрчим хэмнэлтийн төв” ХХК-ийн 75%, “Бодит чадал” ХХК-ийн 100%, “Хүчит хөтлүүр” ХХК-ийн хувьцааг 100% эзэмшдэг гэж мэдүүлжээ. Эдгээр компани нь эрчим хүчний салбарын нэмүү өртгийн сүлжээнд харилцан бие биенээ нөхсөн бүтэц угсарсан мэт харагдаж байна. Тухайлбал, “Бодит чадал” ХХК нь тоног төхөөрөмж, програм хангамжийн нийлүүлэлт хийж, “Эрчим хэмнэлтийн төв” нь түүнийг ашиглах мэргэжилтнүүдийг сургаж, “Хүчит хөтлүүр” компани нь ТЭЗҮ боловсруулж, аудит зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж. 

Тэгвэл эдгээр компанийг тендэрийн мэдээллийн сангаас шүүж үзвэл 2017 оноос хойш 16.3 тэрбум төгрөгийн тендэрт ялж, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлжээ. Тухайлбал, “Бодит чадал” ХХК нь Эрдэнэт үйлдвэрээс 5.3 тэрбум, Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас мөн 5.3 тэрбум орчим төгрөгийн тендэр авчээ. 

 

 

М.Энхцэцэг “Эрчим хүч ба инженеринг” сэтгүүлийн сүүлийн дугаарт өгсөн ярилцлагадаа Бодит чадал ХХК нь Швейцарын АББ группын албан ёсны дистрибьютер, Монгол дахь албан ёсны төлөөлөгч, ХБНГУ-ын Дигсайлент компанийн “Повер фактор” программ хангамжийн албан ёсны дистрибьютер, Австралийн Повер Кад компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд давтамж хувиргагч, хөдөлгүүр суурилуулж, эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, тоног төхөөрөмж, технологийн процесийг сайжруулах төслүүдийг төрийн өмчит уул уурхайн болон эрчим хүчний компаниуд, дамжуулах сүлжээнүүдэд нийлүүлжээ. Мөн 2014 оноос нийлүүлсэн Германы Дигсайлент компанийн “Повер фактор” хэмээх эрчим хүчний горимын тооцооллын программыг эрчим хүчний бүхий л байгууллага ашигладаг аж.

 

Энэ бүх мэдээллээс харвал М.Энхцэцэгт эрдэмтэн доктор гэхээс илүү эрчим хүчний салбарын бизнес эрхлэгч хэмээх тодотгол зохих аж.

 

Эрх баригч намын жагсаалтын эхэнд бичигдэнэ гэдэг автоматаар төрийн сэнтийд сууснаас ялгаагүй. Гэвч УИХ-ын гишүүн бүрт халдашгүй дархан эрх гэж байдаг шиг хууль журмыг дээдэлж, ёс зүйг чанд сахих журамт үүрэг гэж бий.

 

Өнгөрсөн жил УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн 20.2-т Улс төрд нөлөө бүхий албан тушаалтны хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэж зохицуулсан.

 

Доктор М.Энхцэцэгийн эрдэм чадал, салбараа гэсэн сэтгэл, хийж бүтээсэн гавъяаг нь үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү эрдэмтэн докторын дүрээр төрийн тамга атгалцах гэж орж ирж буй энэ хатагтайд дээрх хуулийн заалт ч хамааралтайг, хуулиа биелүүлж, хувийн бизнесээ төрийн ажлаас ялгаж, зааглах ёс зүйтэй байхыг олон нийтийн өмнөөс сануулах гэсэн хэрэг. Үүний учир болбоос эрчим хүчний салбарт эргэлдэх хөрөнгийн хэмжээ жил ирэх бүр өсөж байна. Тухайлбал, төсвийн гүйцэтгэл болон төлөвлөлтөөс харвал манай эрчим хүчний салбарын төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 18.4 тэрбум төгрөг байсан бол 2024 онд даруй 12 дахин нэмэгдэж 224.8 тэрбум болжээ. Үүнээс гадна төрийн өмчит компаниуд, аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээ гээд стратегийн энэ салбартаа Засгийн газар эрчимтэй “анхаарах” болсон.

 

Өнгөрсөн 10 жилд төрийн эрх мэдлийг атгаж байсан эрхмүүд ЖДҮ-г дампууруулах гэж журам баталсан шиг, Хөгжлийн банкийг тонох гэж бонд босгосон шиг, нүүрсээ хулгайлах гэж төрийн нууцад оруулсан шиг одоо эрчим хүчний салбарт шинэчлэл хийх нэрээр улс төрийн эрх мэдлээ санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгох гэж мөрийн хөтөлбөр боловсруулсан байхыг ч үгүйсгэхгүй билээ. 

 

Ямартай ч хэрэв эрчим хүчнийхээ салбарт өөрийн хувь нэмрээ оруулах мөрөөдөл тээсэн М.Энхцэцэг УИХ-ын гишүүн болоход хэлэх үг, хийх үйлдэл бүр нь олны хараанд байх учиртай хүмүүсийн нэг юм.