ТӨК: Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй цогц шинэчлэл
Datastory · 2024-11-27 · Уншсан: 543

Байгалийн баялгаа дахин хуваарилах Засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжиж буй бодит жишээ нь “Эрдэнэт үйлдвэр” болж байна. Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр байж болох хэмжээнд бүсээ чангалчихаад байгаа” хэмээв. Зэсийн баяжмалын агуулга нь жил ирэх бүрт багасаж буй тус үйлдвэр энэ жил 900 сая ам.доллараар улсын валютын нөөцийг зузаатгаж, цэвэр ашгийнхаа 34%-ийг Хуримтлалын санд төвлөрүүлэх даалгавартай.

 

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар төрийн өмчит уул уурхайн компаниудын шинэчлэлийг үргэлжлүүлэх буюу 2 дахь шатны шинэчлэлийг эхлүүлэх тогтоол баталсан. Энэхүү шийдвэр “Эрдэнэс монгол” нэгдлийн хэмжээнд геологи, хайгуулыг идэвхжүүлэх, засаглалын ил тод байдлыг сайжруулах, зардлаа бууруулж, аж үйлдвэржилтийг бий болгоход чиглэсэн гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр онцлов.

 

Тус үйлдвэр нэгдлийн хэмжээнд институт болон материаллаг баазын хувьд бэхжиж бие даасан тул “Эрдэнэс монгол”-ын стратегид туссан аж үйлдвэржилт, технологийн тусламжтай засаглалын ил тод байдлыг сайжруулах шинэчлэлүүд өрнөж эхэлжээ. Энд хэрэгжиж буй ажлуудыг бусад төрийн өмчит уул уурхайн компани, цаашлаад төрийн байгууллагуудад ч нэвтрүүлэх боломжтой.

 

 

Хиймэл оюун ба “төрийн амазон” 

Үйлдвэрийн дата төв дээр 2023 оны 6 дугаар сараас хиймэл оюунд суурилсан худалдан авалтын TenderEval 1.0 системийг сургаж эхэлжээ. Уг системийг “Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагааны нэгдсэн удирдлагын ERP системтэй хамт нэвтрүүлж буй бөгөөд нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Төрийн худалдан авалтын tender.gov.mn, тоон гарын үсгийн GSign болон онлайн уулзалтын Zoom платформтой нэгтгэгдэн, тендэрийн бичиг баримтыг одоогоор хүний оролцоотой үнэлж байгаа ч жилийн дараа өөрөө үнэлэх хэмжээнд сургаж байна.

 

"Цаашдаа гааль татварын нэгдсэн систем болон тендэр шалгаруулалтад шаардлагатай төрийн мэдээллийн системүүдтэй холбогдох нь чухал. Тендэрт оролцогч төрөөс авах үндсэн мэдээллүүдийг өгөх шаардлагагүй болж, тухайн бараа үйлчилгээтэй холбоотой мэдээллийг л захиалагч талд бүрдүүлж өгнө” гэдгийг “Эрдэнэс монгол”-ын гүйцэтгэх захирал С.Наранцогт онцлов. 

 

TenderEval 1.0 систем 2 жил суралцаад ойрын жилүүдэд нэгдлийн хэмжээнд нөөцийн удирдлага, үйл ажиллагааны ERP системтэй холбон нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцүүлэн байнгын хэрэглэдэг өдөр тутмын буюу стандарт бараа бүтээгдэхүүнд зориулан онлайн худалдааны системийг давхар хөгжүүлж байгаа юм байна. Нэгэнт хэрэглэх нь тодорхой, нийлүүлэгч нь тодорхой энгийн бараа бүтээгдэхүүнд тендэр зарлаж, бичиг цаас болж байснаас технологийн тусламжтай бүтээмжийг сайжруулж, хүний оролцоог багасгах шийдэл нь “төрийн амазон” систем байх аж. Худалдан авалтыг цахимжуулж, бүртгэлжүүлж, ил тод болгох нь үндсэндээ нэгдлийн бүрэлдэхүүн компани, хувийн хэвшил хоорондын бэлтгэн нийлүүлэлтийг илүү үр ашигтай болгож, илүүдэл, шахааны бараа бүтээгдэхүүнийг агуулахад хадгалахаа болих тухай ойлголт юм.

 

Эрдэнэтийн ҮТП-н дэд бүтэц 90%-д хүрчээ 

Зөвхөн олборлоод экспортлох бус дунд нь боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үр шимийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах нь хамтарсан Засгийн газрын гол зорилтуудын нэг. Тиймээс “Эрдэнэс монгол” нэгдэл стратегийн 6 ордоо түшиглэн үйлдвэрлэл технологийн парк (ҮТП) байгуулахаар зорьсны нэг нь Эрдэнэтийн ҮТП. Г.Ёндон захирлын мэдээлснээр ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 90%-тай байгаа юм байна.

 

Тэрбээр “Төмөр замын бүтээн байгуулалтыг хүлээлгэж өгөх санал гүйцэтгэгч компаниас ирсэн. Авто замын ажил 60% орчим явж байна. Усан хангамжийн ажил ч төлөвлөгөөнийхөө 50%-ийг давсан, цахилгаан хангамжийн хувьд зураг төслөө боловсруулж, магадлангаа хийлгэсэн. 2025 онд энэ ажлуудаа дуусгана. Одоо тендэрээ зарлахаар ажиллаж байна” гэлээ.

 

Эрдэнэтийн ҮТП-ийн нийт хөрөнгө оруулалт 914 сая ам.доллар гэж тооцоолсон бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр”-ээс 226 тэрбум төгрөгийг зарцуулжээ. ТЭЗҮ-д тусгаснаар зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр жилд 560 мянган тонн баяжмалыг боловсруулж 120 гаруй мянган тонн катодын зэс үйлдвэрлэснээр борлуулалтын орлого 100 сая ам.доллараар нэмэгдэх тооцоог 2013 онд ЖАЙКА хийсэн байдаг аж.

 

С.Наранцогт “катодын зэс экспортлох нь зах зээл, тээвэр ложистик, үнэ цэнийн хувьд ч давуу байдал үүснэ. Үүнээс гарах үр ашгийн төрд ногдох 34%-ийг ард иргэдийнхээ нэрийн данс буюу Хуримтлалын санд хуримтлуулж эхэлсэн. Тэгэхээр энэ төслүүдийн үр ашгийг шууд болон шууд бусаар ард иргэд хүртэх боломж бүрдэж байна” гэв.

 

Нэмж мэдээлэхэд, Эрдэнэтийн ҮТП-д 10 гаруй төрлийн өнгөт төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд 1300 орчим ажлын байр шинээр бий болгож, 1.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой байна гэж тооцжээ. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр”-т ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнд нь ҮТП-т ажиллах боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэж байгааг Г.Ёндон захирал хэллээ.

 

Зардлаа бууруулах алхмууд

Төрийн өмчит компаниудын зардлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлж буй ажлууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд эрчим хүчний зардал дээр илүү тод ажиглагдаж байна. Энэ онд нийт зардал 3.1 их наяд төгрөг болох хүлээлттэй байгаа бөгөөд үүн дотор 12%-ийг эрчим хүч эзэлж байна. 11 дүгээр сарын 15-аас эрчим хүчний тариф нэмэгдсэн нь цаашдаа энэ төрлийн зардал дарамт болж ирнэ. Үйлдвэр дизель түлшний хэрэглээг халахаар зорьж буй нэг алхам нь автомашинаа цахилгаан болгох ажлыг эхлүүлжээ. Мөн хоёр ч удаагийн томоохон өргөтгөлөөр бутлуур, тээрмийн хүчин чадлаа сайжруулж шинэчилсэн. Энэ нь нэг талаас цахилгаан эрчим хүчний зардал өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй давтамж хувиргагч, ил уурхайд конвейр тээвэр нэвтрүүлэх гээд аль болох эрчим хүчний хэмнэлттэй шийдэл рүү явж байна.  

 

 

Конвейр тээвэр 2025 оны 8 дугаар сард ашиглалтад орох бөгөөд ил уурхайн зардлыг 20% бууруулах тооцоотой байна.Цаашдаа ҮТП ашиглалтад орвол үйлдвэрийн хоногийн эрчим хүчний хэрэглээ 200 МВт давах тул зарим хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах эрэл хайгуул хийж эхэлсэн байна.

Тус үйлдвэрийн бараа материалын худалдан авалт 650 тэрбум төгрөг бөгөөд дийлэнх нь импортын хангамж юм. Гэхдээ энэ зардлын тодорхой хэсэг дотооддоо үлддэг болжээ. Тухайлбал, эмульсээ өөрсдөө үйлдвэрлэдэг бол удахгүй Төв аймагт ашиглалтад орох хүхэрт натрийн үйлдвэрээс зарим бараагаа хангана гэдийг холбогдох эх сурвалжууд хэлж байна.

“Үндсэн зардлын 70 орчим хувь нь татвар төлбөр, тээвэр, цахилгаан эрчим хүч, элэгдлийн гэх мэт биднээс үл хамаарсан зардал эзэлдэг. Үүнийг бид удирдах боломжгүй. Харин өөрсдөөс хамаарах үлдсэн 30 орчим хувийн зардлаа бууруулахад бид төвлөрч ажиллаж байгаа” гэж Г.Ёндон захирал ярилаа.