Уул уурхайн STEM эмэгтэйчүүдийн мэдлэгт хөтлөх ном II гарлаа
Datastory · 2024-11-22 · Уншсан: 447

Уул уурхайн салбарт эмэгтэйчүүд STEM (Science, technology, engineering, mathematics) чиглэлээр ажиллах боломж, үр өгөөж, сорилт болон ирээдүйн чиг хандлага, бодит түүхийг хуваалцсан “Мэдлэгт хөтлөх 50 асуулт, хариулт-II” номыг “Датастори криетив агентлаг”-аас эрхлэн гаргалаа.

Тус номыг Шведийн Байгаль хамгаалах агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд “Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо”, “Хөгжлийн төлөө өгөгдөл” ТББ-ын дэмжлэгтэй бүтээсэн байна.

 

“Мэдлэгт хөтлөх 50 асуулт, хариулт” номын энэ удаагийн цувралын онцлог нь мэдлэг түгээх энгийн асуулт, хариултаас гадна амжилттай ажиллаж яваа STEM эмэгтэйчүүдийн бодит түүхийг хуваалцсанаараа онцлог юм.

 

Номын зарим онцлох тоо баримтаас дурдвал, манай улсын уул уурхайн салбарын нийт ажиллагсдын 14%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо үзүүлэлт юм. Харин инженер, техникийн чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүдийн тоо нийт ажиллагсдын 7% байгаа бөгөөд Оюутолгойн уурхай, Эрдэнэт үйлдвэрт дийлэнх нь ажиллаж байна. Мөн урт хугацааны чиг хандлагыг харвал сүүлийн 10 жилд уул уурхайн эрэгтэй ажиллагсдын тоо 42%-ийн өсөлттэй байгаа бол эмэгтэй ажиллагсдынх үүнээс 2 дахин удаан байна.

 

 

Уул уурхайн салбар нь мэргэжлийн бусад салбартай харьцуулахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү хамгийн багатай, дундаж цалин өндөр байдаг давуу талтай. Нөгөөтэйгүүр, техник технологийн хөгжил нь уул уурхай, олборлох салбарт эрчимтэй нэвтэрч байгаа нь эмэгтэйчүүдийн ажиллах нөхцлийг дэмжиж, эдийн засгийн үр шимийг нь эн тэнцүү хүртэх боломж гэж олон улсад үздэг болжээ. Тиймээс ч охид, бүсгүйчүүдийг STEM-ийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, өрсөлдөх чадвартай боловсон хүчин болж улс орныхоо хөгжлийн гол салбарт хувь нэмэр оруулах боломж байдгийг “Мэдлэгт хөтлөх 50 асуулт, хариулт-II” номоор харуулжээ.

 

Номын мэдлэг түгээх өдөрлөгийг 10 дугаар сарын 28-нд нийслэлийн СХД-ийн Хөгжил цогцолбор, БЗД-ийн Шинэ монгол ахлах сургууль, 11 дүгээр сарын 9-10-нд Дархан, Орхон, Булган аймгийн ЕБС-д хийж, ахлах ангийн 900 гаруй хүүхдэд уул уурхайн салбарын тухай өгөгдөл, бодит туршлагад тулгуурласан мэдлэг, мэдээлэл хүргэсэн юм. Мэдлэгт түгээх өдөрлөгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглалын хөтөлбөр болон Датастори криетив агентлагаас гадна

  • Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбооны үүсгэн байгуулагч О.Туяа,
  • Монгол Улсын зөвлөх инженер Ш.Байгальмаа,
  • “Тэлмэн ресурс” ХХК-ийн газрын тосны ахлах инженер Т.Дэлгэржаргал, 
  • “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын Солонгос, Монголын хамтарсан газрын ховор металлын төв байгуулах төслийн зохицуулагч, баяжуулагч инженер Б.Азжаргал,
  • Уул уурхай өгөгдлийн шинжээч У.Оюунсаруул,
  • “Ризилиент консалтинг сервиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямгарав нар уул уурхайн салбарт STEM-ийн чиглэлээр ажиллаж буй туршлага, сургамж, бахархлын түүхээ хуваалцсан юм.

 

Тайлбар: Номын нээлтэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаа оролцов /Шинэ монгол ЕБС, 2024.10.28/

 

Тайлбар: "Шинэ монгол" ЕБС-ийн ахлах ангийн 150 гаруй охид номын нээлтэд оролцож, мэдлэг хуваалцлаа. /2024.10.28/

 

Тайлбар: Номын нээлтэд нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн 12 дугаар ангийн 200 гаруй сурагч номын нээлтэд оролцож, мэдлэг хуваалцлаа. /2024.10.26/

 

Тайлбар: "Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо" ТББ-ын ТУЗ-ийн дарга, уул уурхайн инженер О.Туяа Хөгжил сургуулийн сурагчдад мэдлэг хуваалцав. /2024.10.26/

 

Тайлбар: Газрын тосны инженер Т.Дэлгэржаргал, уул уурхайн баяжуулагч инженер Б.Азжаргал нар "Хөгжил", "Шинэ монгол" сургуулийн сурагчдад уул уурхайд STEM чиглэлээр ажиллаж буй бодит түүхээ хуваалцлаа. /2024.10.26/

 

Тайлбар: Булган аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 250 гаруй охид номын нээлтэд оролцов. /2024.11.11/

 

Тайлбар: Монгол Улсын зөвлөх инженер Ш.Байгальмаа, тогтвортой хөгжлийн зөвлөх Ц.Нямгарав нар Булган, Орхон, Дархан-уул аймгийн ахлах ангийн сурагчдад хэрхэн STEM-ийн мэргэжил эзэмшиж, уул уурхайн салбарт юу хийж бүтээсэн тухай бодит түүхээ хуваалцлаа. /2024.11.11/

 

Тайлбар: Эрдэнэт хотын ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн ахлах ангийн 100 гаруй охид номын нээлтэд оролцож бодит түүх сонсож, мэдлэг хуваалцлаа. /2024.11.11/

 

Тайлбар: Дархан-Уул аймгийн мэдээллийн технологийн "Хурдан" клубын 150 гаруй сурагч номын нээлтэд оролцож бодит түүх сонсож, мэдлэг хуваалцлаа. /2024.11.11/

 

Номын агуулга мэргэжлээ сонгох гэж буй залуу үеэс гадна уул уурхайн салбарын оролцогч талуудад ч хэрэгтэй мэдлэг, мэдээлэлтэй. Тухайлбал, уул уурхай, олборлох салбарт эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжихэд Засгийн газар, компани, иргэний нийгэм гээд оролцогч талууд бодлого хийгээд нөлөөллийн түвшинд юу хийж, хэрхэн хамтарч ажиллах боломжтой гээд өргөн хүрээг хамарч байгаа юм.