Logo

Төр түшилцэх "жагсаалтынхныг" дижитал ул мөрөөр нь таних нь

Datastory.mn иргэдийн мэдэх эрхийг хангахад зориулан жагсаалтад буй нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тэдний дижитал ул мөр, нээлттэй мэдээллийг ашиглан дүгнэн шинжилж, ижил төстэй шинж тэмдгээр нь 11 бүлэгт хуваав. Улмаар бүлэг тус бүрийг ойлгомжтой өгүүлэхийг хичээлээ.
Datastory · 2024-06-11 · Уншсан: 3450

Бэлтгэсэн: Б.Дэлгэрмаа, З.Цэлмэг, А.Марал, Б.Ариунзаяа

 

Парламентын ес дэх удаагийн сонгуулиар 370 хүн 18 намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу “жагсаалтынхан” шинэ парламентын гишүүдийн 38%-ийг бүрдүүлнэ. Чамлахааргүй өндөр үзүүлэлт! Гэхдээ тэднийг иргэд шууд сонгохгүй. Иргэдээс авсан саналынхаа тоогоор намууд бодлогоороо оруулж ирж буй төлөөлөл юм. Өөрөөр хэлбэл, намын шийдвэрээр хэн гэдэг аавын хүү, ээжийн охин төр түшилцэнэ гэсэн үг. Тиймээс жагсаалтад ямар түүхтэй, хэнийг оруулаад ирэв гэдэг нь сонгогчдын хувьд хэрсүү хандах мэдээлэл юм.

 

Хэдийгээр намууд жагсаалтаар нэр дэвшигчдийнхээ боловсрол, эзэмшсэн мэргэжил, ажил байдлын талаар олон нийтэд мэдээлэл хуваалцаж буй ч тэр олон салангид мэдээллийг дүгнэж, ялгаж салгаж ойлгоход уншигч танд амар биш байгаа болов уу. Тиймээс Datastory.mn редакцын зүгээс иргэдийн мэдэх эрхийг хангахад зориулан жагсаалтад буй нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тэдний дижитал ул мөр, нээлттэй мэдээллийг ашиглан дүгнэн шинжилж, ижил төстэй шинж тэмдгээр нь 11 бүлэгт хуваав. Улмаар бүлэг тус бүрийг ойлгомжтой өгүүлэхийг хичээлээ. 

 

Ингэхдээ эхний ээлжинд МАН, АН-ын 96 нэр дэвшигчийг сонгон авсан бөгөөд тэд жагсаалтаар нэр дэвшигчдийн 23.5%-ийг бүрдүүлж байна. 

ЭРДЭМТЭД: МАН-ын жагсаалтад амьдралынхаа ихэнх цаг хугацааг эрдмийн үйлсэд зарцуулдаг 5 нэр дэвшигч байна. Тэд 10-50 хүртэл жилийг эрдэмтний замналд зориулж буйг намтраас нь харж болно. 5 эрдэмтний 2 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг бол 1 нь парламентын гишүүдийн тоог 126 болгох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, хувь нэмрээ оруулсан, МУИС-ийн профессорууд байна. Харин АН-ын жагсаалтад дээрх эрдэмтэдтэй дүйх нэр дэвшигч харагдсангүй.

ПАРЛАМЕНТЫН ЛИДЕРҮҮД: Нөгөөтэйгүүр, АН-аас туршлагатай парламентчидаа жагсаалтын эхний 10-т багтаажээ. Тэд ирэх 4 жилд АН-ыг хүчтэй сөрөг хүчин байхад хангалттай мэдлэг туршлагатай. Сонгогчдынхоо хүлээлтэд хүрч ажиллах болтугай.

ЭКСПЕРТҮҮД: Энэ ангилалд эзэмшсэн мэргэжлээрээ дор хаяж 10-аас дээш жил тууштай ажилласан эсхүл лавшруулан суралцаж, мэргэжил дээшлүүлсэн нэр дэвшигчдийг оруулсан бөгөөд эрдмийн зэрэг цолыг авч үзээгүй болно. МАН-ын экспертүүдийн хувьд тухайн чиглэлээрээ дунджаар 20 орчим жилээс дээш ажилласан туршлагатай байна. Тэдний 4 нь буюу хот төлөвлөлт, эрчим хүч, төрийн удирдлагын эксперт нь жагсаалтын эхний 20-д байгаа бол эмч, хүний нөөц, банк санхүүгийн салбарыг төлөөлөх 3 эксперт нь жагсаалтын сүүлийн 6-д байна. Ардчилсан намын хувьд боловсрол, хүний эрхийн чиглэлийн экспертүүдийг оруулж ирснээрээ давуу боловч медиа салбарынхаас бусад нь жагсаалтын сүүлчийн хагаст бичигджээ. 

 

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: Хоёр намын хэн хэн нь парламентад бизнесийн төлөөлөлтэй байхыг хүсчээ. МАН-д технологийн энтрепренер, боловсролын болон корпорац компанийн төлөөлөл байгаа бөгөөд тэдний 2 нь “Ондо” ХХК-ийн ТУЗ-д байдаг бизнесийн шаркууд юм. Харин Ардчилсан намд олон нийтэд танигдсан нефть импортлогчдын төлөөлөл, ЖДҮ-ийн төлөөлөл байна.

ОЛОН НИЙТ: Нийгмийн маш тодорхой бүлгийн эрх ашгийг төлөөлдөг хүмүүсийг энэ хэсэгт авч үзэв. Тусгай хэрэгцээт иргэд, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг намууд жагсаалтын дээгүүр оруулсан бол урлаг соёлынхон парламентын гишүүн болохын тулд илүү их санал авах шаардлагатай болох нь ээ. Харин спорт, хүний эрхийн төлөөлөл жагсаалтын эхний хагаст бичигджээ. Гэхдээ намуудын олон нийтийн төлөөлөлд байгалиа хамгаалагчид, залуучуудын хөгжлийг дэмжих, ахмадуудын эрхийг хамгаалдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл харагдсангүй.

 

Z ҮЕИЙНХЭН: Энэ ангилалд 1995 оноос хойш төрсөн нэр дэвшигчдийг оруулж тооцсон бөгөөд хоёр намын аль алинд нь Z үеийнхний төлөөлөл байна. АН Z үеийн төлөөллөө жагсаалтын 4 рүү “шидсэн” бол МАН хойд хормойдоо хавчуулжээ. 

НАМЫН ШИНЭ ҮЕ: Өндөр боловсрол эзэмшиж, бодлого боловсруулах түвшинд маш хурдтайгаар албан тушаал дэвшиж буй, эсхүл намын дэргэдэх байгууллагуудыг манлайлан намын шинэ нүүр царай болон гарч ирж буй шинж тэмдгээрээ эдгээр хүмүүс ижил төстэй.  МАН-ын шинэ үеийг эмэгтэйчүүд өнгөлж байх агаад ихэнх нь 2020 оноос хойш улс орны ачааг үүрэлцэж байна. Харин 2 сонгууль дарааллан ялагдсан нь Ардчилсан намын шинэ үеийнхний олон нийтэд танигдах боломжийг хумисан хэдий ч намын шинэчлэлийг манлайлдаг, эрх чөлөөний үзэл санааг тээдгээрээ танигдсан төлөөлөл байна.

НАМЫН АЛБАТУУД: Дэвшигчдийн намтрыг болон интернэт орчин дахь мэдээллийг шинжлэхэд “намын албат” гэж ойлгогдохоор нийтлэг шинжтэй нэр дэвшигчид байна. Тухайлбал, намын дэргэдэх байгууллагуудад олон жил тасралтгүй зүтгэсэн, эсхүл төрийн төрөл бүрийн албанд мэргэжил үл хамааран удирдах албан тушаалтнаар томилогддог, арын албыг хариуцдаг гэх мэт. Тиймээс энэ төрлийн намтартай хүмүүсийг “Намын албатууд” ангилалд оруулав. Хоёр намыг харьцуулж үзвэл Ардчилсан намын албатуудын хувьд төрд өндөр албан тушаал хашиж байсан туршлагаар улаан намыг гүйцэхгүй байна.

ОРОН НУТГИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Орон нутгийн төлөөллүүд намуудын жагсаалтад орж ирсэн байх агаад эрэмбэ нь харин 30-аас хойш бичигджээ. Өмнөговь, Говь-Алтай аймгийн хувьд улаан, цэнхэр төлөөллөө жагсаалтад багтааж чадсан бөгөөд ихэнх нэр дэвшигчид тухайн орон нутагтаа намынхаа нүүрийг тахалдаг нийтлэг гавъяатай аж. Гэхдээ орон нутгийн төлөөллийг таних, таниулах ул мөр, мэдээллийн олдоц тун базаахгүй аж.

СЭЛГЭЭНИЙХЭН буюу жагсаалтын хамгийн сонирхолтой хүмүүс юм. Эдгээр төлөөллийн мэргэжил, ажлын туршлага, намтрыг үзэхэд ажлын карьер нь унаж боссон, эсхүл салбар дамжсан, сэлгэсэн нийтлэг хандлага ажиглагдаж байна. Тэрхүү цаг хугацаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон салбарын сайдаар ажиллаж байсан хүмүүсийн улс төрийн замналын он цагтай давхцаж буй нь анхаарал татаж байгаа юм.

СЮРПРИЗҮҮД: Улс төрчийнхөө хувьд ч эсхүл хувь хүнийхээ хувьд олон нийтэд танигдаагүй, танигдахаар зорьж буй гэсэн нийтлэг шинж тэмдгээр нь дээрх хүмүүсийг 11 дэх буюу хамгийн сүүлийн ангилалд үлдээлээ. Эрэмбийн хувьд М.Мандхайгаас бусад нь жагсаалтын 30-аас хойш жагсжээ.

 

ДҮГНЭЛТ: Иргэдийн намуудад өгсөн санал хэрхэн амилж, парламентад ямар төлөөлөл нь зонхилох магадлалтайг уншигч та доорх графикаас шинжиж, өөртөө тунгаана биз ээ. 

 

Эх сурвалж: Монгол ардын намын FB хуудас, Ардчилсан намын FB хуудас, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Datastory.mn-ийн өгөгдлийн сан, мэдлэгийн граф, нэр дэвшигчдийн олон нийтийн сүлжээн дэх аккаунт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нээлттэй мэдээллийг ашиглав.

 

Сэтгэгдлүүд

2024-06-18 08:35

Үнэхээр гоё мэдээлэл байна. Баярлалаа☺️

2024-06-17 12:32

Wow 😲 bayrlalaa

2024-06-13 08:32

Ойлгомжтой, сонирхолтой нийтлэл болжээ. Редакцын хамт олонд амжилт хүсэе.

2024-06-13 03:15

МАН болон АН хоёр эвслийн засгийн газар байгуулах байгуулах боломжтой эндээс харагдаж байна. Иймд энд хоёр намд санал битгий өг. Харин шинэ жижиг намуудыг дэмжих хэрэгтэй

2024-06-12 04:43

Govi-Altai L.Bolormaa aimgiin irediin hurliin tuluulogch, hunii erhiin chigleliin mash olon tusul heregjuulsen baidag. UNDP surguuliin huuhduudiin udiin tsai hutulburiin sanaa gargaj sudalj gargasan bdag. Ter talaar n oroogui bna.