Logo

Монгол, Францын Ерөнхийлөгч нарын тохиролцоо ба ураны гэрээ

Гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-11-07 · Уншсан: 1065

Франц улс, Элизейн ордон. 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар байлцсан ёслолын үеэр “Эрдэнэс монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Орано” группийн ТУЗ-ийн дарга Клод Имовен нар Монгол Улсад уран олборлох төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын тухай протоколд гарын үсэг зурав. Энэхүү протокол Монгол, Францын Засгийн газрын урт хугацааны хамтын ажиллагааны суурь болох ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ талуудын аль алинд нь ашигтай байх үндсэн зарчим болсноороо ач холбогдолтой юм.

 

 

Хоёр орны төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон тэдгээр зарчмын дагуу Орано групптэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний саналыг боловсруулахад ЗГХЭГ, 6 яамны төлөөлөл, "Эрдэнэс монгол" нэгдэл болон салбарын эрдэмтэн судлаач, шинжээчид гээд 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндсэн болон дэд Ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Энэ талаар "Эрдэнэс монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт манайд өгсөн ярилцлагадааа "Зарчмын буюу нэлээн суурь агуулгын 10 орчим асуудал дээр 2 тал сайн ярилцах хэрэгтэй байна. Тухайлбал, ирээдүйн дүр зурагаа харвал өсөн нэмэгдэх АМНАТ-ийн нөхцөлөөр манай тал нэлээд их мөнгө авахаар байгаа. Гэтэл нөгөө тал үүнд инфляц тооцох санал гаргаж ирэх жишээний. Бид хэлэлцээг явуулж л байна. Тогтворжуулалтын хувьд бид өмнөх мега төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүйн тулд олон улсын байдал, нийгэм, байгаль орчин гээд олон зүйл хувьсан өөрчлөгдөж байгааг харгалзан үзэж, аль болох тогтворжуулахгүй байх байр сууриа хадгалж байгаа. Ялангуяа, байгаль орчинтой холбоотой ямар ч татвар хураамж, зүйл заалтыг тогтворжуулахгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа" гэж ярьсан. 

Түүний энэхүү байр суурь Цөмийн энергийн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагалдсан хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн тусгалаа олж буйг харъя.

 

Энгийн 34% ба давуу эрхийн 10%-ийн хувьцааны сул ба давуу тал

Мардайн ураны орд 1995 онд хаагдсанаас хойш Монголын уул уурхайн салбарт цацраг идэвхт ашигт малтмал хайгуулын түвшинд явж ирсэн. Уран нь стартегийн ашигт малтмал мөн боловч Ашигт малтмалын тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын харилцааг зохицуулдаггүй байсан талаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгад бичжээ. Тиймээс уран хэмээх байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь одоо ба ирээдүй үед ногдох Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг нээлттэй болгож буйгаараа Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт онцлогтой болж байна.

Юуны өмнө Зөөвч-Овоогийн төсөл дээр стратегийн орд дахь төрийн эзэмшлийн 34%-ийг Оюутолгойнх шиг хэвээр хадгалах уу, эсвэл 10%-ийн давуу эрхийн хувьцаа болгох уу гэдэг хувилбар бий.

Хэрэв одоогийн хууль эрх зүйн орчноор явна гэвэл Монголын тал Оюутолгойн гэрээ шиг төслийн хөрөнгө оруулалтад Засгийн газар тодорхой үүрэг хүлээхийн зэрэгцээ ногдол ашгийн 34% дээр суурь АМНАТ-ийг 5%-иар тооцож авна.

 

Энэ нь жилд дунджаар 169 сая ам.доллар, төсөл хэрэгжих нийт хугацаанд  Монгол Улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн өгөөж шингэнэ гэсэн үг. Гэхдээ төслийн зардлыг хянаж чадахгүй бол Оюутолгой шиг 34%-ийн ногдол ашиг авах хугацаа хойшлох магадлалтай, бүтээгдэхүүний үнэ өсөхөд орлого дагаж өсөхгүй. Цаашлаад өр үүсэх ч эрсдэл бий.

Зөөвч-Овоо төслийг Оюутолгойтой харьцуулахад жижиг боловч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн - гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай гэдгээр эдийн засгийн аюулгүй байдал, геополитикийн ач холбогдол өндөртэй. Мөн төслийн санхүүгийн үр өгөөж, байгаль орчны эрсдэл, нийгмийн нөлөөлөл, ил тод байдал гэх мэт баялгийн засаглалыг үр дүнтэй удирдахын ач холбогдол ч бас ялгаагүй чухал.

Тиймээс 34%-ийг давуу эрхийн 10%-ийн хувьцаа болгож, суурь болон тусгай, өсөн нэмэгдэх гэсэн 3 төрлийн АМНАТ-ийг тооцож баялгийн өгөөжөө хүртэх өөрчлөлтүүдийг Цөмийн энергийн тухай хуульд тусгажээ. Монголын тал 10%-ийн давуу эрхийн хувьцаатай болсноор төслийн хөрөнгө оруулалтад ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж юм байна. Суурь АМНАТ-ийг 5%, тусгай АМНАТ 5%, дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ-ийг үнийн түвшнээс хамааруулан 19 хүртэлх хувиар тооцно. Жилд 153 сая, нийтдээ 5 тэрбум ам.долларын урсгал Монгол Улсад орох урьдач таамаг бий.


Энэхүү хувилбараар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулбал АМНАТ-ийн төлбөрийг тогтмол авахаас гадна төслийн зардал өсөхөд үр өгөөж буурах эрсдэл харьцангуй бага, урт хугацаандаа талуудын орлого тогтвортой байх аж. 

 

Зөөвч-Овоо төслийн гол бүтээгдэхүүн болох ураны исэл (U3O8) буюу шар нунтгийн үнэ 1 фунт (0.453 кг) нь 78.7 орчим ам.доллар байна. Үүгээр тооцвол борлуулалтын орлогоос нийтдээ 13%-ийн АМНАТ тооцогдоно гэсэн үг. Economics Trade-н мэдээлж буйгаар оны эцэст шар нунтагийн үнэ 80-90 ам.доллар болж, урт хугацаандаа 100 ам.доллар давах хүлээлттэй байна. Энэхүү таамгаар бол суурь болон тусгай АМНАТ-ийн 10% дээр өсөн нэмэгдэх АМНАТ-ийг 5-6% тооцож авах боломжтой гэсэн үг. Гэхдээ төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа 2030 он. Тэр үед ураны үнэ 120 ам.долларт хүрч магадгүй гэж олон улсын хэвлэлүүдэд бичиж байна.

 

 

Шинжээчдийн үзэж буйгаар урт хугацаанд ураны эрэлтийг нэмэгдүүлэх хэд хэдэн хүчин зүйл байгаа аж.

Энийх нь, уран бол цэвэр эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Өнгөрсөн оны 12 дугаар сард Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо болсон COP28 уулзалтаар дэлхийн улс орнууд 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний эх үүсвэрээ одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр цөмийн реакторуудад хэрэглэгддэг түүхий эдийн эрэлт нэмэгдэнэ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан жилийн тайланд 2030 он гэхэд цөмийн эрчим хүчинд хэрэглэдэг ураны хэмжээ одоогийноос 28%, 2040 он гэхэд даруй 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгааг дурджээ.

Мөн Орос, Украйны дайнаас үүдэлтэйгээр ураны нийлүүлэлтийн сүлжээнд гарсан тасалдал үнэ өсгөх бас нэг хүчин зүйл болжээ. Тэрчлэн АНУ, Европ зэрэг технологиор хөгжлөө залах болсон орнуудад хиймэл оюун ухаанд зарцуулах эрчим хүчний хэрэглээ нь ураны түүхий эдийн үнэд нөлөөлөхүйц том хүчин зүйл болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн эрчим хүчний их түрлэг Монголын уул уурхайн түүхий эдийн экспортыг төрөлжүүлэх том энерци болж байна гэсэн үг.

 

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилго бүхий Парисын хэлэлцээрийг манлайлж буй гол орон болох Францын хувьд ч Монгол Улстай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ чухал ач холбогдолтой билээ. Тус улс эрчим хүчний хэрэглээнийхээ 70%-ийг цөмийн эрчим хүчний эх үүссвэрээр хангадаг аж. Тиймээс Монгол Улсаас ураны исэл импортлох нь тус улсын эрчим хүчний эх үүсвэрийг тэлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Монголд цөмийн хаягдал булшлахыг хориглов

 

Ураны исэл нь цацраг идэвхт ашигт малтмал учир бусад ашигт малтмалтай харьцуулахад олон улсын хяналтад байдаг түүхий эд. Тиймээс Монгол Улсаас олборлосон ураныг хэн, хааш нь ямар зорилгоор ашиглаж, хаягдлыг хаана хэрхэн булшилж байгаа талаарх мэдээллүүд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хяналтад байдаг. Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахгүй байхаар нэмэлт оржээ. Тиймээс Монголд цацраг идэвхт цөмийн хаягдал булна гэх хуурамч мэдээлэлд итгэж, айдаст автах хэрэггүй. Тэр эрсдлийг хуулиар хаах юм байна.  

Үүнээс гадна байгаль орчинтой холбоотой ямар ч хууль эрх зүйн орчныг тогтворжуулахгүй гэдэг зарчмын байр суурь дээр талууд нэгдэж чадсан гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа онцолсон. Тухайн үед байгаль орчинтой холбоотой ямар хууль, дүрэм үйлчилж байна түүнийг л мөрдөөд явнаа гэсэн үг. Харин үүнийг Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах шаардлагагүй гэж үзжээ.

Ирэх жилүүдэд хүн төрөлхтний өмнө тулгарах том эрсдэлүүдийг уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдсэн байгалийн аюулт үзэгдэл, гамшгууд тэргүүлж байгаа. Тиймээс томоохон төслүүд дээр байгаль орчны татвар хураамж, шаардлагуудыг тогтвожуулах нь тухайн олборлогч улсдаа эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас 2 дахин хурдтай явагдаж буй Монгол орны хувьд, тэр тусмаа говийн бүсэд төвлөрч буй том төслийн хувьд байгаль орчинтой холбоотой татвар хураамжийг тогтворжуулахгүй байх нь ухаалаг алхам билээ. 

Мөн уурхайн нөхөн сэргээлтийн төлбөрийг Монгол Улсад урьдчилан байршуулахаар өөрчлөлт оруулсан байна. Уул уурхай нь бусад бизнестэй харьцуулахад эрсдэлтэй салбар. Юунд ч өртөж, хэзээ ч хаагдаж магадгүй гэж үздэг тул уурхайн хаалтын төлөвлөгөө, санхүүжилтийг урьдчилан тооцож, тодорхой хугацаанд байнга шинэчилдэг туршлага олон улсад бий. Хамгийн муугаар бодоход, уурхай хугацаанаасаа өмнө хаагдлаа гэхэд ямар мөнгөөр, хэрхэн нөхөн сэргээх талаар тухайн улсын эрх баригчид төдийгүй орон нутгийн удирдлагууд, ард олон нь хүртэл мэдлэгтэй, нэгдсэн ойлголттой болсон байх ёстой. Нэг ёсондоо хариуцлагатай уул уурхайн жишиг юм. Үүнийг ч олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд мэддэг, хэрэгжүүлдэг.

 

Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулийн өөрчлөлтүүд нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог Монголын хууль эрх зүйн орчинд баталгаажуулж, цаашид мега төслийг дагасан нийгмийн хуваагдал, улс төржилтийн эрсдлээс сэргийлэх, хөрөнгө оруулагчид төслөө тогтвортой хэрэгжүүлэх орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.