Уурхайд ажилладаг ургамлын эмч
Монгол Улс дэлхий нийтэд "Тэрбум мод" тарих амлалт өгснөөр уул уурхайн салбарт байгаль орчны асуудал чухал байр суурь эзлэх болов.
Ялангуяа, төрийн өмчит уул уурхайн компаниуд тэрбум мод тарьж, ургуулахад хөрөнгө мөнгө, хүн хүч хаях болсны нэг нь “Эрдэнэс тавантолгой” ХК юм. Тус компани 180 сая модыг туслан гүйцэтгэгч гэрээт компаниудтайгаа хамтран тарьж ургуулах амлалт авсан. Эл амлалтаа хэрэгжүүлэхээр 10 га талбайд агропарк байгуулан, говийн нөхцөлд ургадаг мод, эмийн ургамлын үржүүлгийг хийдэг болжээ. Энэхүү буянтай, гэгээлэг ажлыг хариуцдаг агрономч, хөрс судлаач Ц.Болорхундагын түүхийг хүргэж байна.
Анх Ц.Болорхундагатай уулзахад яагаад уул уурхайн компанид агрономч хэрэгтэй болсон юм бол гэх асуулт гэж өөрийн эрхгүй орж ирээд, өөрөөс нь асуусан билээ.
Технологийн хөгжил, аж үйлдвэржилтийн энэ цаг үед дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, хүнсний аюулгүй байдал, усны инженер гээд байгаль орчинтой холбоотой нарийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагийн нэг илрэл нь Ц.Болорхундагын хийж буй ажил юм.
Говийн агропаркийн төсөл хэр зэрэг амжилттай байх нь одоохондоо Ц.Болорхундагаас, алсдаа түүнтэй адил олон мэргэжилтнээс ихээхэн шалтгаална. Агропаркт одоогоор говийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон 10 гаруй төрлийн мод ургамлыг тарьж үржүүлэн ургуулж байна. Баяжуулах үйлдвэртээ, сумын зам дагуу хойд хэсгээр гээд агропаркт ургуулсан тарьц суулгацууд түрүүчээсээ говийн хөрсөнд амьдраад эхэлжээ. Жил бүр 55-75 мянган ширхэг мод бутыг үр, мөчрөөр үржүүлэн бойжуулсаар 2030 он гэхэд жилд 2-3 сая модыг зорилтот газруудад тарималжуулах төлөвлөгөөтэй. Ингэхдээ 30 саяыг нь говийн бүсэд тарьж ургуулна. Тиймээс усгүй, хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй суулгац гаргаж авахад агропаркийн гол судалгаа шинжилгээ, туршилт, мониторинг чиглэдэг. Үүнийг Ц.Болорхундага гардан хийж байна.
Уг нь Ц.Болорхундага эмч болох мөрөөдөлтэй байв. Гэвч анагаахын сургуульд тэнцээгүй тул хими, биологи, математикийн оноогоороо ХААИС-д тэнцэж, нэлээд дээгүүр жагсжээ. Зунжин амарч, намар ирж ангиа сонгох гэтэл ихэнх ангиуд эзэдтэй болсон байв. Ингээд л мэдээлэл дутмагаас болоод ангигүй хоцорч, баахан сандрахдаа сургуулийнхаа сургалтын албатай уулзжээ. “Тэнд байсан багш нар агрономч ёстой гоё, ховор эрэлттэй мэргэжил гээд суртчилаад эхлэлээ. Би ч эргэлзээд юугаа ч мэдэхгүй байтал гэтэл нэг багш орж ирж таарлаа. Маш ганган, гоё гэж. Тэгснээ “Өө за ангигүй болчихсон уу? Агрономч бол оо. Багш нь насаараа агрономч, багш судлаач хийлээ. Маш буянтай, нэр хүнд сайтай нарийн мэргэжил шүү. Байнга газар шороо ухаад, хар бор ажил хийнэ гэсэн үг огт биш. Удирдах ажил хийнэ, судалгаа шинжилгээ хийнэ, судлаач болно, ургамлын эмч болно гэж хэлсэн. Нээрээ л тэр багшийг хартал бүр үнэхээр сэхээтэн, гоё харагдаж байлаа. Тэгээд л Агрономч мэргэжлийг юу ч мэдэхгүй сонгоод л явсан” гэв.
Тийнхүү “ургамлын эмч” оюутан болж, үр тариа, жимс ногоо, ургамал, хортон шавж, газар нутаг, хөрс, цаг агаар, ус гээд л бидний амьдралын өдөр тутмын зүйлсийг нарийн судалж эхэлснээр түүний шинжлэх ухааны аялал нь эхэлжээ. Хавар, намар дадлага хийж, үйлдвэрлэлийн түвшинд ажиллах нь түүнийг бүр соронз мэт татаж, мэргэжилдээ улам шимтэн суралцсан гэдэг.
Сургуулиа төгссөнөөс хойшхи 10 жил Ц.Болорхундагын хувьд харвасан сум шиг хурдан, хуйларсан салхи шиг эрчимтэй өнгөрчээ. Мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, хажуугаар нь судалгаа шинжилгээгээ ч амжуулна. Бас аяллын амтанд орж, үүргэвчээ үүрээд 21 аймаг, 10 гаруй орноор аялжээ. Энэ үе бол түүний хувьд хөлөөрөө ч, оюун ухаанаараа ч хорвоо ертөнцтэй танилцаж, өөрийгөө олсон цаг хугацаа байжээ. Тэрбээр “Би аялж явахдаа эх орон гэж ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон. Ялангуяа, гадаад оронд хар ажил хийж амьдрахгүй, харин мөнгө үрж аялна гэсэн бодолтой болсон. Үүнээс гадна, би юу чаддаг, юу хүсдэг, миний мөн чанар юу вэ гэх мэт өөрөө өөрийгөө олсон. Юунд ч санаа зовохгүй, эрүүл энх байж, урдах ажлаа сэтгэл амар хийх нь аз жаргал юм гэдгийг ойлгосон” хэмээв.
Тэрбээр 2019 онд уул уурхайн компанид орохоос өмнө хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарын хүн байв. Аялж явахдаа Шведэд 6 сар угаалгын газарт ажилласныг эс тооцвол ерөөсөө мэргэжилдээ “үнэнч” явж иржээ. Цалингаа гололгүй, гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан нь уул уурхайтай амьдралаа холбоход ихээхэн нөлөөлсөн гэдэг.
“Тэрбум мод”-ны 60-70 хувийг уул уурхайн салбарынхан тарьж ургуулах амлалттай. Энэ ч үүднээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн “Ойн генетик нөөцийн төв”, харин “Эрдэнэс тавантолгой”-д агропарк байгуулан үр, хөрснөөс эхлээд тарьц, суулгац гээд үндсэн түүхий эдийг бэлтгэхээр ажиллаж буй. Тиймээс ч туршлагатай агрономч хэрэг болж, ажлын байрны зар тавихад Ц.Болорхундага тэнцэж оржээ.
Түүнийг ярилцлаганд орж, шалгалт өгсний дараа хэлтсийн дарга нь “Шалгаруулалтад чи хамгийн сайн байсан. Би чамайг яагаад дэмжсэн бэ гэхээр залуу эмэгтэй ажлынхаа хүнд хэцүүг, цаг нарыг үл ажран зүтгэж, цалингаа голохгүй тууштай явсан чинь их чухал байсан” гэж олзуурхжээ. Тиймээс манай уул уурхайн салбарт цоо шинэ энэ ажлыг туршлагатай хүн гардан хийж, манлайлж авч явах ёстой гэж үзсэн байна.
Тэр цагаас хойш Ц.Болорхундага болон бусад байгаль орчны мэргэжилтнүүд говийн бүсийн агропарк байгуулахад оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байна. Агропаркт одоогоор хайлаас, шар хуайс, заг, жигд, агч, сухай, гүйлс, буйлс гэх зэрэг 10 гаруй төрлийн модыг үржүүлэхийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэлд зориулан нэн ховор эмийн ургамлыг тарималжуулахаар туршиж буй аж. Ц.Болорхундага “Үрийн нөөц, плантаци байгуулах ажлыг би сүүлийн 2 жил өөрөө гардаж судалгааг нь хийж байна. Мөн ховордсон эмт ургамлууд болох их шүүдэргэнэ, хүн орхоодой, хятадын цайны улаан үзэм, нохойн хошуу, гүргэм зэрэг ховор, эмт шинж чанартай ургамлуудыг тарималжуулж байна. Эхний ээлжинд бага багаар үр авчраад хүлэмждээ үржүүлж, тэндээсээ үр гаргаж эхэлсэн” гэж ярилаа.
Газар тариалан, ургамлын салбараас тэс өөр уул уурхайн салбарт шилжиж, дасан зохицоход тулгарсан нэг том сорилт нь өөрийнхөө ажлын онцлог, мөн чанарыг хамт ажиллаж буй хүмүүстээ ойлгуулж таниулах нь явдал байв. Ц.Болорхундага “Бусдад хүлээн зөвшөөрөгдөх эсвэл эхлүүлсэн ажлынхаа үр дүнг нийтэд танилцуулах хүртэл ажил маань өөрөө асуудал, сорилт шиг санагддаг” гэлээ. Түүний хийдэг ажил уурхайн хөрс хуулалт, олборлолт, тэсэлгээний ажил шиг нүдэнд шууд харагддаггүй, харин улиралын чанартай, цаг хугацаа, хөрөнгө мөнгө их ордог, эргэж нөхөгдөх хувь бага байдаг онцлогтой. Тиймээс ч техникийн хүчээр баялаг бүтээдэг салбарынханд Ц.Болорхундага шиг мэргэжилтнүүд хээрээр явж юу хийдэг нь мэдэгдэхгүй, ойлгогдохгүй байх нь арга ч үгүй биз. Яг үнэндээ мань хүн амьтан, ургамал мод, хөрс, ус гээд л амьд зүйлс, харагдахгүй организмуудтай харьцдаг нарийн ажил хийдэг.
Ажлынхаа юунд тэгэж их татагдаж, дурладгийг асуухад тэрбээр “Нэг цэцэг мод, жимс ногоо маш их цаг хугацаа, хөдөлмөрөөр бий болдог. Ургамал шөнө 5 дахин хурдан ургадаг. Ус, температур, нар гээд бүгдийг судална. Хөрснөөс үндсээрээ шим тэжээлээ авч, ишээр нь дамжиж навч цэцгэндээ хүрч буй тэрхүү өөрчлөлтийг ойлгож, танин мэдэх мэдрэмж хамгийн гоё. Ургамал судална гэдэг ургамлын эмч юм. Би багаасаа л ер нь чимээгүй, далд зүйлийг сонирхож, судлах дуртай байсан” гэж тайлбарлалаа.
Ц.Болорхундага уурхайд ургамлын эмчээр ажилладаг болсноосоо хойш салбарын талаар үнэн зөв мэдлэг мэдээлэлтэй болохын зэрэгцээ уг салбарын цар хүрээ ямар том бөгөөд өөрчлөлт хийх хүчтэйг ойлгосон гэдэг. Байгаль орчны суурь дата сайтай тул тэрхүү мэдээлэл дээр ажилласнаар цаг хугацаагаар аялахаас гадна уул уурхай нь өөрийн хамарч буй салбарынхаа мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, шинэ технологи нэвтрүүлэх потенциалтай. Энэ ч үүднээс Ц.Болорхундагын хувьд сурч хөгжих хэрэгцээ маш их гарч буй аж.
Түүнчлэн уурхайн ээлжийн ажилтай болсноор Ц.Болорхундага шиг цаг үргэлж сурч боловсрох хүсэлтэй хүмүүст өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлдээ цаг гаргах гээд олон ажлыг зэрэг амжуулах боломж бүрддэг нь сайхан. Тэр одоо мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалахаар суралцаж буйн зэрэгцээ Монгол Улсын тэргүүлэх агрономч, Байгаль орчны тэргүүлэх аудитр гээд хувь мэргэжилтнийхээ үнэ цэнийг өсгөх ажлуудыг хүртэл амжуулсан нь уул уурхайд ажиллаж буй цаг үеийнх нь нэг хэсэг юм.
“Тэрбум мод” шиг том санаачилгад сурсан мэдсэнээ зориулж, стратегийн ач холбогдолтой уурхайд ажил мэргэжлээ үнэлүүлж яваа нь түүний амьдралд талархах нэг том шалтгаан. Тэрбээр “Энэ санаачилга хэдэн мод тарихдаа гол нь биш. Харин цар хүрээ нь хамгийн чухал. Техник технологи хөгжөөд хүмүүс амьд байгалиасаа холдож байгаа энэ цаг үед Монгол Улс дэлхий нийтийг сэрээж, модны ач тус, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар хүчтэй тэмцэж байгаагаа харуулж байна. Тэрбум мод 2030 оноор хязгаарлагдахгүй. Үр өгөөж нь 30-40 жил ч үргэжилсээр байх болно” гэлээ.
Сэтгэгдлүүд
Эх орондоо ихийг бүтээлцэхэд бие сэтгэлээ бүрэн зориулсан тэдгээр залуусын жишиг болоорой. Амжилт хүсье!
Амжилт хүсье
Шинэ нийтлэлээс хоцрохгүй байцгаая.
Имэйлээ үлдээгээрэй