Төсөв 2025: Мега төсөлд ₮36.9 их наяд, хөгжлийн төслүүдэд ₮15.4 их наядын санхүүжилт төлөвлөжээ
Өнөөдөр (2024.10.01) нээлтээ хийж буй 126 гишүүнтэй парламентын анхны намрын чууланаар хэлэлцлэх хамгийн том сэдэв бол 2025 оны улсын нэгдсэн төсөв. Түүхэндээ байгаагүй өндөр буюу 36 их наядын төсвийг хамтарсан Засгийн газар УИХ-д өргөн бариад буй. Бодлого зангидаж, хөгжил хэлэлцэхээр бүрэлдсэн шинэ парламент Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх амбийц улсын төсвийн бодлогоор хэрхэн хэрэгжих, хөгжлийн гэгдэх том дүнтэй төслүүд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, үр дагавар хийгээд эрсдэл нь юу байх гээд төсөв тойрсон хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийгээсэй гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа.
Ирэх 2025 онд манай улс нийт 10.3 их наяд төгрөгийг мега төслүүд, хөгжлийн бүтээн байгуулалтад зарцуулахаар Нэгдсэн төсвийн төсөлд тусгажээ. Үүний 38% буюу 4.3 их наяд нь улсын төсвөөс, 27% буюу 2.6 их наяд нь гадаадын зээл тусламжаас санхүүжиж байгаа бол үлдэх 3.4 их наяд төгрөг (35%) нь нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтууд байх аж.
Нийтдээ ирэх онд улсын төсвийн 20.4%-тай тэнцэх мөнгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулахаар төлөвлөжээ.
2025 оны хөрөнгө оруулалтын онцлог бол хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нэн тэргүүнд хэрэгжүүлэх 14 мега төсөл, мөн бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд туссан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.
Тэр ч утгаараа урьд жилүүдийн төсвийн хөрөнгө оруулалтаас өндөр дүнтэй, өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагагүй шинэ төслүүд олон бий. Ялангуяа, Хөшигийн хөндийг түшиглэн Улаанбаатар хотын дагуул болох Шинэ Зуунмод хотын дэд бүтцийн бүтээн байгуулалт, “Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат гүүр”, “Хөшигийн хөндийн туннел” гээд инженерийн байгууламжийн төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб “Төсөв 2025” хэлэлцүүлгийг зохион байгуулж, өндөр дүнтэй санхүүжилт шаардагдах эдгээр төслүүдийн талаар Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, эдийн засагчид, судлаачдыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн Datastory.mn 2025 оны нэгдсэн төсвийн тооцоолол, өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг ашиглан төсвийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төслүүдийн мэлээллийг нэгтгэсэн бөгөөд хэлэлцүүлгийн оролцогчдын байр суурьтай хамт хүргэж байна.
Мега төслүүд
Хамтарсан Засгийн газрын нэн түрүүнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 7 нь хэрэгжихэд бэлэн болж, ирэх оны төсөвт тодорхой санхүүжилтүүд суугаад байна. Харин үлдсэн 7 нь бэлтгэл хангах түвшинд байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Одоогоор 12 мега төсөлд нийт 36.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцжээ. Харин Оюутолгой төслийг түшиглэсэн Алт цэвэршүүлэх үйлдвэр, зүүн бүсийн Эрээнцэв-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт боомт чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын хөрөнгө оруулалт, эх үүсвэр тодорхойгүй байна.
Ирэх онд санхүүжих 7 төсөлд нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн бөгөөд үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Үндэсний хиймэл дагуул, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслүүдэд шаардлагатай санхүүжилтүүдийг хийх юм.
Мега төслийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн өмчит компанийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Сангийн сайдын хэлж буйгаар төсөв болон төлбөрийн тэнцэл дээр сөрөг дарамт өгөхгүйгээр, аль болох гадаад эх үүсвэрээр мега бүтээн байгуулалтуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Хөгжлийн төслүүд
Мега төслүүдээс дутахааргүй өндөр дүнтэй хөгжлийн гэгдэх төслүүдэд Улаанбаатар хотын дагуул хотыг байгуулах дэд бүтэц, эрчим хүч, бүсийн хөгжил, засаглал, орон сууцжуулалтын 20 орчим бүтээн байгуулалт бий. Нийт санхүүжилт нь 15.4 их наяд төгрөг. Үүнээс “Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат гүүр”, “Хөшигийн хөндийн туннел” төсөлд 8.4 их наяд төгрөг шаардагдана гэж тооцжээ. Гэхдээ энэ 2 төслийн санхүүжилтийг аль эх үүсвэрээс, ямар нөхцөлтэй босгох нь тодорхойгүй тул урьдчилсан байдлаар Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар тусгажээ. Мөн Хархорин хотын ТЭЗҮ, урьдчилсан судалгаа зэрэг олон тэрбумаар хэмжигдэх зардлуудыг төсөвт суулгажээ.
Хөгжлийн төслүүдийн талаар “Төсөв 2025” хэлэлцүүлгийн оролцогчдын онцолсон байр суурийг хүргэж байна.
Сэтгэгдлүүд
Шинэ нийтлэлээс хоцрохгүй байцгаая.
Имэйлээ үлдээгээрэй