Ураны ордыг нээсэн эмэгтэй
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Ариунзаяа, Редактор: З.Цэлмэг
Дэлхий нийт 2030 он гэхэд эрчим хүчний дутагдалд орж болзошгүй гэх судалгаа бий. Уран бол цөмийн эрчим хүчний гол түлш. Цөмийн эрчим хүч нь бусад сэргээгдэх эрчим хүчний адил нүүрстөрөгч бага ялгаруулдаг тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 1 гр уран 2.8 тонн нүүрстэй тэнцэх эрчим хүч ялгаруулдаг гээд бодвол хөгжингүй орнууд цөмийн энерги рүү хошуурч байгаа шалтгааныг та түвэггүй ойлгох биз ээ. Тиймээс шар нунтаг нэрээрээ бидэнд танил болсон ураны ислийн үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй өссөөр байна.
Өнөөдөр дэлхийн 1 жилийн ураны хэрэглээ 60 мянган тонн байгаа бол энэ тоо 2040 он гэхэд 100 мянган тонн болтлоо өсөх хандлагатай байгаа билээ.
Манай улс дэлхийн ураны нөөцийн 2%-ийг бүрдүүлдэг 13 орд газартай. Эдгээр ордын хоёрыг А.Баярмаа гэх геологич бүсгүй нээлцсэн бахархам түүхийг хуваалцаж байна. Түүний нээлцсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах “Дулаан-Уул”, “Зөөвч-Овоо” гэх ордын нөөц нийлээд 105 мянган тонн. Энэ нь дэлхийн ураны нэг жилийн хэрэглээг хангахад цаана үлдэхүйц нөөц гэж ойлгож болно.
Түүнийг МУИС-ийн шатах ашигт малтмалын геологийн анги рүү хөтөлсөн түүх бол монгол хүн бүрд танил нэгэн үйл явдал юм. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улс газрын тосны ордтой болсныг улс даяар зарлаж, хундан цагаан дээлийнхээ энгэрийг Цагаан-элсний тосоор мялаахыг харсан А.Баярмаа геологич болохоор шийдсэн гэдэг.
Эх сурвалж: Бадрах энержи ХХК
Зах зээлийн ид шилжилтийн үед А.Баярмаа бэх нь хатаагүй дипломоо өвөртөлсөөр ажил удаан хайв. Эрлийн үзүүрт сураг гарч Хөвсгөлийн тайга шишгэдэд үнэт металлын хайгуул хийдэг нэгэн компанид очив. Ажлын байр нь хөвч тайга, аюул нь баавгай, туслах нь сумын иргэн байх нь тэр. Уг нь залуу геологичийн сонирхлыг нь соронз мэт татавч, явж зүрхэлсэнгүй. Геологч хүн эрэл хайгуулын шатанд маршрутанд өдөрт 10 км алхах нь энүүхэнд байдаг тул машин техникээр хүрэх боломжгүй тайгад мориор явж ажиллана гэдэг эмэгтэй хүнд ахадсан нөхцөл байлаа.
Зөвлөх геологич Б.Дэлгэрцогтын санаачлан эхлүүлсэн Монгол орныг геологийн 200 мянгын масштабтай зураглалын ажлаар бүрхэх том төслийн “Дорнод Монгол 200” багт орсноор ажлын гараа нь эхэлсэн бөгөөд тухайн үед Геологийн мэдээллийн төвд эхлүүлж байсан гэдэг.
Харин одоогийн урантай холбогдсон түүх нь Францын төрийн өмчит цөмийн салбартаа тэргүүлэгчийн нэг “Кожема” компанитай хамтран байгуулсан ураны хайгуулын “Кожеговь” ХХК-д ажилд орсноор эхэлжээ. А.Баярмаа энд л уран гэдэг металттай “нөхөрлөсөөр” салбартаа хэлэх үгтэй, хийсэн ажилтай, дуурсах гавьяатай, дуудагдах нэр төртэй 22 жилийн түүхийг бүтээжээ.
Дэлхий дээр алтнаас 400 дахин, мөнгөнөөс 200 дахин их тархацтай ашигт малтмал бол уран. Бидний гишгэж байгаа газар, ууж байгаа усанд ч агуулагддаг. Гэхдээ маш бага хэмжээгээр. Угаас байгалдаа хэзээ ч дангаараа байдаггүй аж.
Алт бол шижрээрээ, зэс бол цулаараа орших тохиолдол байдаг бол харин уран бусад элементтэй нэгдмэл шинж чанартай оршдог байна. Тиймээс ч ураны ордыг илрүүлнэ гэдэг маш олон хүний урт удаан хугацааны хөдөлмөр байдаг аж.
Орд олно гэдэг геологич хүн бүрийн мөрөөдөл. Гэхдээ газар эх хэр баргийн хүнд “нууцаа дэлгээд” байдаггүй. Томхон хэмжээний орд бол яг л мөрийтэй тоглоом шиг 1000-д нэг тохиох аз гэж салбарынхан ярьдаг. Ураны тунамал гаралтай томоохон ордыг нээж олоход хамгийн багадаа 10 жил, 1 сая тууш метр хүртэл өрөмдлөг хэрэгтэй гэсэн судалгаа ч байдаг.
Харин манай нийтлэлийн баатар болох залуухан геологич маань анхандаа тогооч, жолооч гээд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хайгуулаа эхлүүлж байжээ. Нэг цооногийг нэг сар өрөмдөх үе ч гарна. Хэрэв орд байх магадлал байвал тухайн газраа төвлөрч, суурьшиж ажилладаг байв. Тийнхүү эх орныхоо зүүн хязгаараас эхлэн өргөн говийг туулан хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явахдаа хүүхэд нэг мэдэхэд хөлд орж, дахиад очиход хэлд орчихсон байдаг гэх уурхайчдын үг орой руу нь ордог байж ээ. А.Баярмаа “Геологи, хайгуулын ажил хавраас намар дуустал үргэлжилдэг болохоор эхэндээ 50 хоног хөдөө ажиллаад 7 хоног амрахад ар гэрийн амьдрал яалт ч үгүй орхигддог. Хүүхэд бага, удаан хугацаанд ээж маань өвчтэй байх үед амаргүй үе их байсан” хэмээн дурсана. Хайгуулын ажил урагшлахын хэрээр Франц, ОХУ, Монголын геологичид нэгдэж баг бүрэлдэхүүн ч өргөжиж байв.
Энэ их хичээл зүтгэлийнх нь хариуд газар эх буян хишигээ хайрлаж, 2007 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлснээр Монгол Улсын ураны нөөцийг 2 дахин нэмэгдүүлж чаджээ. Зөөвч-Овоо орд 93,291 тонн, Дулаан-Уул орд 6,260 тонн ураны нөөцтэй байгаа нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байгаа юм.
Энэ 2 ордын нөөц нэмэгдсэнээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн ураны нөөцтэй 16 улсын 10 дугаарт жагсах болов.
Харин А.Баярмаагийн хувьд Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордыг олоход амьдралынхаа 10 жилийг, төсөл болгож хөгжүүлэхэд дахин 12 жилийг зарцуулжээ. Тэрбээр “Ураны хайгуулаас эхлээд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, түлш үйлдвэрлэх бүх шатыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг Францын төрийн өмчит компанид ажиллаж, төслийн үе шат бүрд оролцож, шинэ мэдлэг хуримтлуулж, Монгол Улсад уул уурхайн шинэ салбарыг хөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж явдаг. Ажил мэргэжлийн хувьд ураны хайгуул цоо шинэ зүйл байсан учраас хамт ажиллаж ирсэн гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс их зүйлийг сурсаар явав. Хайгуулаас орд болгоод, олборлолтын үйлдвэрлэлийн туршилт хийж, одоо ашиглалтад шилжих шатанд ч мөн сурсаар байна” хэмээн ярьлаа. Тэрбээр одоо “Бадрах Энержи” ХХК--ийн уран олборлох, боловсруулах төслийн менежерээр ажиллаж байна. Мэргэжилдээ эзэн болж, эх орондоо хувь нэмэртэй байна гэдэг энэ буюу.
Ураныг ил, далд, газар доор уусгаж гэсэн 3 аргаар олборлодог байна. Их хэмжээний талбайд бага агуулгатай тархсан ураны ордууд хамгийн түгээмэл байдаг бөгөөд манай Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордын өгөгдөл ч адил аж. Харин газар доор уусган олборлох технологийг ихэвчлэн ийм ордуудад ашигладаг гэнэ. Энэ технологи дэлхий дахинаа нэвтрээд хагас зуун жил болж байгаа бөгөөд 1 тонн хүдрээс ойролцоогоор 200 гр уран гаргаж авдаг. Энэ аргаар А.Баярмаа болон түүний багийнхан Дулаан-Уул, Зөөвч-Овоо орд дээр 2011 онд технологийн, 2022 онд үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай явуулжээ.
Одоо бол Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани, Францын төрийн өмч давамгайлсан “Орано Майнинг” группийн хамтран байгуулсан “Бадрах энержи” ХХК Зөөвч-Овоо орд дээр жилд 2050 тонн хүртэлх уран олборлох хүчин чадалтай ашиглах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулж, бүтээн байгуулалтын нөр их ажил өрнөж буй билээ. Улмаар өнгөрсөн жил Франц болон Монгол Улсын Төрийн тэргүүнүүд харилцан айлчлал хийж, ураны салбарт хамтрах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколыг баталсан. Талуудын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлөө тохирох хэлэлцээ ид явагдаж байна. Зөөвч-Овоо бол Оюу толгойн дараа орох гуравдагч орны хөрөнгө оруулалттай томоохон төсөл бөгөөд одоогоор 50 жил үргэлжилнэ гэж тооцож буй. Төслийн хүрээнд шууд болон шууд бус нийт 1,600 орчим ажлын байр бий болж, Монгол Улсад жилдээ 5.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татвар, хураамжийн орлого төвлөрүүлэх тооцоололтой байгаа юм.
Уран бол дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй салбар. Ялангуяа манай улсад шинэ тутамд хөгжиж буй салбар учир боловсон хүчний асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс “Бадрах Энержи” компани төслийн хугацаанд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхээр талуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж. МУИС болон ШУТИС-ийн мэргэжлийн ангиудын сургалтын хөтөлбөрт ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын талаарх дэлхий дахины цоо шинэ мэдлэгийг суулгах зорилгоор салбарын томоохон мэргэжилтнүүдийг урьж лекц тавиулах гээд уг салбарыг шинжлэх ухаанчаар, хариуцлагатай, хяналттай хөгжүүлэхэд санаачилгатай ажиллаж байна. Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт өрнүүлж байгаа энэ цаг үед ураны шинэ мэргэжилтнүүдийн эрэлт олон улсад ч бий болоод буй. Урантай “нөхөрлөсөн” А.Баярмаа уул уурхайн салбар тэр дундаа ураны чиглэлийг сонирхож судалсан залууст дотооддоо төдийгүй олон улсад ч ажиллах боломж өргөн байгааг дурдаад, өнөө үед технологийг өдөр тутмын ажилдаа хэрэглэж ажлаа хөнгөвчлөх, хурдасгах боломжтой тул гадаад хэл, технологийг шамдан сурахыг зөвлөлөө.