Logo

Макроскоптой геологич

Энэхүү нийтлэлийг Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт ажилладаг STEM эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Хөгжлийн төлөө өгөгдөл НҮТББ, Эрдэс баялаг, эмэгтэйчүүд НҮТББ-ын дэмжлэгтэйгээр бэлтгэв. Гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-09-06 · Уншсан: 774

Бичил ертөнцийг микроскопоор, огторгуйн чанадыг телескопоор хардаг шиг дэндүү аварга орон зайг макроскопын тусламжтай ойлгодог мэдлэгийн ертөнцөд инновац үйлдвэрлэж яваа геологич Б.Маралын түүхээр бид STEM-ийн эмэгтэйчүүд цувралаа үргэлжлүүлж байна.

 

Эх сурвалж: www.royalcommission1851.org


Б.Маралыг монголчууд мэднэ дээ. Өнгөрсөн жил болсон CОР28 буюу НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 28 дугаар уулзалтаар дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэлэг төслийн уралдаанд гар спектрометр түүний ахалсан Оксфордын их сургуулийн судлаач оюутнуудын баг сансрын зайны тандан судалгааг ашиглан уурхайн мониторингийн систем бүтээсэн нь шалгарч, шагнал авсан билээ. 

 

Уг бүтээлийг хийхэд макроскопын тусламжтай дэлхийн гадаргын өгөгдөл мэдээллийг боловсруулан ашигласан. Макроскоп гэдэг нь дэлхийн гадаргын мэдээллийг нэгтгэн орон зай, цаг хугацаагаар шинжлэх алгоритм бүхий программ хангамжийн систем гэдэг тайлбар түгээмэл байна. Хүн төрөлхтөн сансрын уудамд хөл тавьж, дэлхий ертөнц, гараг эрхсийн мэдээлэл цуглуулж эхэлсэн тэр үеэс макроскоп хэмээх ойлголт гарч ирсэн гэж үздэг ажээ.

 

Б.Марал Бристолийн их сургуульд геологичоор суралцаж байхдаа анх сансрын технологитой ажиллах эхлэлээ тавьсан гэдэг. Тэрбээр “Нэг удаа сургуулиас тарж явахдаа уул уурхайд гар спектрометр ашиглах тухай оройн лекцтэй санамсаргүй таарлаа. Профессор энэ төхөөрөмжийг чулуунд тусгаж, хариу тусгалаар нь тухайн чулуу ямар эрдэс бодисоос бүрдсэнийг мэдэж болдог талаар тайлбарласан. Тэгээд сүүлийн слайддаа үүнийг хэрхэн сансраас илүү өргөн хүрээнд хийж болохыг ярьж байсан” гэв. Тэр үед л мань хүн геологичид багахан газар чулууны зураглал хийх гэж хэдэн долоо хоног алхах шаардлагагүй,  харин сансрын технологийн тусламжтай лаптопын дэлгэцээр дэлхийн гадаргыг бүхэлд нь зураглах боломж байдгийг мэдсэн байна. “Хиймэл дагуул бол дэлхийг гадна талаас нь харж буй том дуран гэж би боддог. Микроскопоор бид бичил биетний ертөнцөд нэвтэрч олон өвчнийг анагаах мэдээллийг олж авдаг бол хиймэл дагуулууд бол бидэнд том зургаар нь ойлгоход тусладаг макроспокууд” гэж тэр тайлбарлалаа. Тиймээс энэ сэдвээрээ магистр хамгаалахаар, Оюутолгой, Цагаан суваргын ордын хайгуулыг зайны тандан судалгаа ашиглан хийх техникийг судалжээ. Ингэж илүү гүн гүнзгий судлах болсноор геологи болон сансрын технологийг хослуулсан газрын гадаргыг ажиглагч болжээ.

Гэхдээ тэр газрын гадарга ажиглахыг карьераа болгоно гэж огт бодож байсангүй. Багаасаа л зурах дуртай тул өөрийгөө зураачаар төсөөлдөг байж. Бас математикт сонирхолтой, оршихуйн философийн төлөөлөгчид болох Альберт Камю, Герман Гессе мөн Симона де Бовуар нарын бүтээлийг уншдаг тул эдийн засаг, философийн чиглэлээр хос чадвар эзэмшинэ гэж ирээдүйгээ хардаг байжээ.

 

Гэтэл их сургуульд орохын өмнөх зун эмээгээ (палетеологийн нэрт эрдэмтэн, доктор Ё.Ханд) дагаж Америк, Монголын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй говийн экспедицэд орчуулагчаар ажиллахдаа тэдний чулуу унших чадварыг нь биширсэн гэдэг. “Тэд миний зогсож байгаа газар эрт цагт байсан галт уул, голын тухай надад ярьж өгөх үед миний толгойд ийм сонирхолтой аялал хийнгээ цалин авч болох юм байна шүү дээ гэдэг бодол орж ирсэн. Би шууд л дэлхий судлалын ном уншихад цаг гаргаж, эцэст нь геологид шунан дурласан даа” гэж амьдралд нь эргэлт авчирсан мөчөө хуваалцав. 

 

Б.Марал бол шинжлэх ухааныг шүтсэн эрдэмтэн гэр бүлийн гурав дахь үеийн төлөөлөл. Эмээ Ё.Ханд нь ЗХУ-д суралцаж, Монголдоо палеонтологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нэг насны амьдралаа зориулсан доктор хүн. Харин ээж Ц.Базаррагчаа нь Монголд төдийгүй олон улсад эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгох эмнэл зүйн судлаач, анагаах ухааны доктор. Б.Марал өсвөр настайдаа ээжийгээ дагаж Европт хөл тавьж байжээ. “Ээж маань Германд магистраар суралцаад, дараа нь Их Британид доктороо хамгаалсан. Намайг бараг оюутны тэтгэлгийн төлбөрөөрөө өсгөсөн дөө” гэв. 

 

Б.Марал Лондонд дунд сургуулиа төгсөж, Бристолийн их сургуульд бакалавр, магистраа хийснийхээ дараа Airbus Defence and Space компанид геологийн тандан судалгааны аналистаар хэсэг ажиллажээ. Харин 2017 оноос Их Британийн Засгийн газрын инновац, технологийн төв болох Satellite Applications Catapult компанид сансрын дайны тандан судалгааныахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ Английн Хатан хааны сангийн тэтгэлгээр Оксфордын их сургуульд хиймэл дагуулаар авсан газрын гадаргын өгөгдлийг хиймэл оюуны тусламжтай уул уурхайн хаягдлын даланг нуран унахаас эрт сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулах ажлаараа докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа аж. Тэрбээр эзэмшсэн мэргэжил, сурсан ур чадвар, хуримтлуулсан мэдлэгээрээ дэлхий дахинд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт үзэгдлүүд, газрын гадаргын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх гээд олон боломжийг сансрын технологи ба хиймэл оюуны хослол бий болгодог нь түүний хувьд ажилдаа дурлах шалтгаан.

Хүн төрөлхтөн сансрын уудамд хэдэн арван жилийн өмнө гарсан ч энэ салбар маш хурдтай хөгжиж, хувьсан өөрчлөгдөж, төрөл бүрийн ур чадвартай салбар бүрийн төлөөлөл ажилладаг нь сонирхолтой аж. Зөвхөн Б.Маралын багт гэхэд программ хангамж, харилцаа холбоо, физик, геологи, газар зүйн салбарын эрдэмтэд, инженерүүд байдаг бол хэрэглэгчдийг хариуцсан дизайны багт зураач, уран барималч, үйлдвэрлэлийн дизайны инженерүүд бий. Сансрын салбарт ажилладаг хүмүүс маш санаандгүй байдлаар өөрийгөө нээж, сонирхолтой эргэлт өөрчлөлтөөр дүүрэн байдаг гэнэ.

 

Б.Маралын хувьд ч сансрын зайны тандан судалгаа, хиймэл оюун ухаан ба геотехник гэсэн гурван том салбарын заагт ажилладаг. Хэмжилтийн суурь өгөгдлөө сансрын зайны тандан судалгааны тусламжтай гаргаж, дараа нь өгөгдөл геотехникийн хувьд хэр баталгаатай болохыг боловсруулснаар үүндээ тулгуурлан хиймэл оюуныг ашиглан сэрэмжлүүлэх системийг нь бий болгодог юм байна. Түүнд эхэндээ энэ том салбаруудыг дамжин нэг хаалганаас нөгөөд хөлөө хавчуулах нь хүнд байсан ч стандарт карьер хөөснөөс дээр хэмээн бодогджээ. Тиймээс энэ бүхэнтэй нүүр тулж, даван туулсан нь өөртөө хийсэн маш том хөрөнгө оруулалт болсон байна. Б.Марал “Ер нь хаана ч чи хэн байхаас, ямар хүйстэй, хэдэн настай, ямар арьстай байхаас үл шалтгаалан хэн нэгэн чамд саад болж л байдаг. Эсрэгээрээ, юу ч болж байсан чамайг  дэмжиж, тусалдаг хүмүүс бас бий. Тиймээс бид үүний эсрэг дархлаагаа нэмэгдүүлж, тулгараад ирлээ гэхэд даван туулах чадвартай байх нь их чухал” хэмээн зөвлөв.

 

Түүнд шинжлэх ухаан, технологийг ашиглан нийгэмд өөрчлөлт хийж, дэлхийн мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж, хөгжлийн зүгийг чиглүүлэх их хүсэл бий.