З.Туяа: Нийслэлчүүд Богд уулынхаа хаяанд буучихаад эко системийн өөрчлөлтийг нь дүгнэх датагүй байна
ЗОЧНЫ БЛИЦ
Нэр: ЗОРИГИЙН ТУЯА
Эрхэлдэг ажил:
"Нью Урбанизм" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөгч
Үнэ цэн бүтээсэн төслүүд:
- Гандангийн гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл,
- Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө,
- Ханх сумын төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө,
- Сэлбэ, Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх төлөвлөгөө,
- Баянзүрх дүүргийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө,
- Баруун бүсийн логистик төвийг хөгжүүлэх төлөвлөгөө ТЭЗҮ,
- Улаанбаатар хотын соёлын өвийг хамгаалах, гэр хорооллыг хөгжүүлэх төсөл,
- Орон сууцны санхүүжилтийн төслүүдээр гэр хорооллын нөхцлийг сайжруулах, шинэ суурьшилийн бүсийг хөгжүүлэх төслүүд
Бусдад санал болгох дата сан:
1212.mn, http://www.ubstat.mn/, https://moe.gov.mn/, opendatalab.mn, data.worldbank.org, egazar.gov.mn, ebarilga.ub.gov.mn
#1. Дата соёлыг манлайлсан таны түүхээс бид юуг мэдэх ёстой вэ?
Бидний амьдарч буй хэв маяг бол тэр чигтээ дата юм. Тухайлбал, утасны датагаар хөдөлгөөний давтамжийг гаргаж болно. Бидэнд технологи байна шүү дээ. Утаа, түгжрэл гээд ужгирсан олон асуудлыг шийдэхийн тулд ядаж тэрхүү датагаа ашиглан, нөхцөл байдал, чиг хандлагыг таамаглах боломжтой байх хэрэгтэй. Гэтэл нийтлэг бэрхшээлийг олж харж, мөн чанарыг нь ойлгож хамтаараа шийдвэр гаргахын тулд БИД өөрсдийгөө хэр мэддэг вэ? Үнэхээр нийтийн асуудал уу, надад хамаатай асуудал уу гэдгийг ойлгож, шийдвэр гаргахын тулд өөрсдийнхөө тухай мэдээлэл цуглуулж банк үүсгэж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн явцад ямар хувьсал гарч байгааг мэдрэх нь маш чухал юм. Нөгөө талаар, мэдээлэл, дата урт хугацааны байх тусам зүй тогтолыг олж, ирээдүйд тулгарах асуудлыг мэдэрч улмаар урьдчилан авах арга хэмжээг тодорхойлж, хөрөнгө зарцуулж, эрсдлийг бууруулах боломжтой юм. Үндэслэл хэр үнэн байна төдий чинээ олон нийт хүлээн зөвшөөрсөн мэдлэг, цаашлаад нийгмийн соёл болж хувирдаг.
Жишээ нь, Гандангийн гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл гэхэд тэнд амьдардаг 950 гаруй иргэнд манай улсын хотжилтын хамгийн сүүлийн өв болсон газар амьдарч байгаа бөгөөд бүр хуулиар хамгаалагдсан тул тэрхүү газарт юу хийж болох, юу хийж болохгүй тухай мэдээлэл өгснөөр маш гайхалтай үр дүнтэй боловсруулагдсан. Юу гэхээр, хотын төвд байршилтай, түүхэн маш үнэ цэнтэй гэр хорооллыг төрөөс дэд бүтэцжүүлж дэмжинэ, тэрхүү хөрөнгө оруулалтыг нэг гудамжны иргэд хамтдаа эргүүлэн төлнө, тэгэхдээ нэг хашааны айл өөрт ногдсон зардалыг хариуцна гэдэг нөхцөл тавихад бүгд 100 хувь дэмжиж зөвшөөрсөн. Яагаад зөвшөөрсөн бэ гэхээр, энд төвлөрүүлсэн хөрөнгийг дараагийн гэр хорооллын нөхцөлийг сайжруулахад зориулна гэдэг зарчмыг иргэд зөвшөөрсөн хэрэг. Энэ бол иргэдэд мэдээллийг зөв хүргэхэд маш том өөрчлөлт авчирдагийн жишээ.
Харамсалтай нь, хотын захиргаа үүн дээр хойрго хандсанаас хэрэгжиж чадаагүй. Иргэдийн буцаан төлж буй дэд бүтцийн хөрөнгийг төвлөрүүлэх дансыг нээж, орон сууцны хөнгөлттэй зээл амьдрах орчноо сайжруулах үйл явцтай холбож чадаагүй юм.
Гол нь ийм түүх, нотолгоо, давтамжтай мэдээлэл нь бүртгэгдэж өвлөгдсөнөөр тухайн үед тулгарсан асуудлыг шийдэж байсан нийгмийн нийтлэг хэм хэмжээ, зарчим, соёлыг дамжуулж байдаг. Гэхдээ ямар ч мэдээлэл ашиглагдахуйц хэлбэрээр байсан цагт л эргэлтэд орж, үнэ цэн нь өсөх тул мэдээллийг нийтэд хүргэх, үнэ цэнийг мэдрүүлэх нь нэн чухал гэдгийг дараа үеийнхэн маань мэдээсэй.
#2. Таныг энэ хүртэл явахад юу түлхэц болж байсан бэ?
Би хот төлөвлөгч мэргэжилтэй. Нийгэмдээ тэнцвэртэй үйлчилж үнэ цэнтэй баялаг бүтээх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой ажил. Тиймээс нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн мэдээллээс гадна орон зайн баримжаа бүхий өгөгдөл, мэдээлэл тун хэрэгцээтэй байдаг. Олон салбараас цуглуулсан өгөгдлийг ашиглан хотод тулгардаг асуудлын харилцан хамаарлыг харж, оролцогч талуудад ойлгуулж ярилцан, мэргэжлийн шийдэл гаргах хөгжлийн “луужин” болох буюу мэргэжлийн зөвлөгөө өгөхийг зорьдог.
#3. Танд тулгарч байсан сорилтоос гурвыг нэрдэнэ үү?
Хот суурин, эсвэл тухайн салбарын хөгжлийн болон стратеги төлөвлөгөөг боловсруулахад динамик мэдээлэл тун дутмаг байдаг. 10 жилийн давтамжтай явуулдаг Хүн ам, орон сууцны тооллогыг 2000, 2010 онд хийхдээ олон нийтэд мэдээлэл маш сайн түгээж, ямар дуулиантайгаар нэг бүрчлэн хийсэн билээ. Гэтэл сүүлийн 2020 оны тооллогыг түүвэрлэх аргаар хийсэн нь маш аюултай үр дагаварт хүргэнэ. Хэдийгээр ковидтой байсан ч гэсэн утсаар ч атугай яриад нэг бүрчлэн хийх ёстой байсан. Орон сууцны маш том бодлого явж байна. 1450 гаруй га-д 60-80 мянган айлын хороолол хийх гэж байна. Энэ бараг гэр хорооллын газрын ихэнх хэсгийг хамарна. Үүнийг явуулахын тулд хүн ам, орон сууны тооллогодоо үндэслэх ёстой. Харамсалтай нь, зөвхөн орон сууцны тухайд гэхэд хот дотроо шилжих хөдөлгөөнөө мэдэхгүй байна шүү дээ. Хэдэн метр квадрат талбайтай, хэдэн өрөөг хэдэн ам бүлтэй айл аваад байгааг мэдэхгүй. Гэр хороолол цөөрөхгүй, харин хотын төвийн байруудыг түрээслэх нь ихсээд байдаг. Өөрөөр хэлбэл, орон сууцны бодлого байгаа онохгүй, эхний орон сууцаа авсан айлуудын санхүүгийн боломжийг л нэмэгдүүлээд байна шүү дээ.
Мэдээлэл хэзээ хэзээнээс илүү чухал болж байхад төрийн зүгээс үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь тун харамсалтай санагддаг. Хот төлөвлөгч нарт мэдээлэл олоход одоо ч хүндрэлтэй байдаг 3 асуудал бий.
- Орон сууцны фондын талаарх мэдээлэл тодорхой, тогтмол, үнэн зөв байж чадахгүй байгаа нь хот суурин газрын орон сууцны хангамжийн талаар дорвитой шийдэл гаргахад хүндрэл учруулдаг;
- Хаягийн систем тодорхойгүй, байнга өөрчлөгддөг нь орон зайн динамик өөрчлөлтийг харах боломжгүй болгож байгаа;
- Ажиллах хүчний мэдээлэл тун дульмаг байдаг тул орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар шийдэл гаргахад хүндрэлтэй байдаг
#4. Таны бэрхшээлээ давж гарсан туршлагаас хүмүүс юуг мэдэх ёстой вэ?
Ерөнхий зүйлийн цаана олон том асуудал илрэхгүй, гарч ирдэггүй. Тэр хэрээр төлөвлөлт, зохион байгуулалтыг нарийвчлах боломжгүй болдог. Гэтэл төлөвлөлт хийхэд мэдээлэл маш дутмаг байдаг. Чанартай тоон мэдээлэл хангалтгүй тул бид өөрсдийн нөөцөөр дутууг нь цуглуулж авдаг.
Тухайлбал, Богд ууланд гэхэд хотжилт ямар нөлөө үзүүлж байгааг харуулах сүүлийн 50 жилд, байг ээ гэхэд ядаж 10 жил тасралтгүй хийсэн судалгаа байдаггүй. Хүмүүс тухайн үеийнхээ ажлыг хийх гээд л над шиг тохиолдлын байдлаар хийсэн судалгаа байна. Дархан цаазтай ууланд мотортой дугуйгаар явж байна. Ингэж явж болохгүй шүү, яагаад гэвэл гээд тайлбарлах мэдээлэл алга учраас өнөөдөр нийслэлчүүдийн хөлд Богд уулын хөрс талхлагдаж байна.
Байгаль орчныхон бол олон салаа зам гаргахгүй нэг жимээрээ яв гэдэг. Гэтэл тэр замаар олон хүн явж байгаа. Байгалийн өөрийнх нь тэтгэх даацаар хэчнээн хүн явах ёстой вэ, хүмүүсийн тоо илүү гарвал хэрэгцээг нь хэрхэн хангах вэ гээд дараагийн түвшний төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүй байж л бид Богд уулын өвөрт, хатан Туулын хөвөөнд гээд л рекламддаг. Дэлхийн хотууд уулын хаяанд 5 км ойртлоо яах вэ, 2 км ойртлоо яах вэ гэж ярьж байхад нийслэлчүүд бид Богд уулынхаа хаяанд нь буучихаад эко системд нь яаж нөлөөлж байгаагаа дүгнэх датагүй сууж байна шүү дээ. Тиймээс Богд ууланд хотжилт, нийслэлчүүд ямар нөлөө үзүүлж байгааг урт хугацаанд харуулах дата хэрэгтэй байна. Мэдээллийн үнэ цэн, хүртээмжтэй байдал нь нийгмийг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж боддог. Мэдээллийн хүртээмж муу бол мэдээллийн тэгш бус байдал бий болж, нийгмийг хуваадаг гэж боддог. Мэдээллийг шинжилж нийтэд ил болгохдоо хойрго байгаа төр хөгжлийг түүчээлдэггүй юм байна. Тэд бидний дундаа бүтээж буй боломжуудаас бүх нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг тун ядмаг үзүүлэлтэд үндэслэн гаргаж байна. Ийм байгаа цагт төрийн шийдвэр хэзээ ч байгаа онохгүй. Ялангуяа, хөрөнгө, ажиллах хүч багатай Монгол Улсын хувьд энэ үнэхээр аюултай юм.
#5. Та мэдээлэл, өгөгдөлтэй ажиллахад өдөр тутамдаа ямар технологи, software хэрэглэдэг вэ?
Ажил мэргэжилийн онцлог дагаад Arc GIS, Excel, Google map, Google earth, Relive, Eco foot print calculator зэрэг программыг ашигладаг.
#6. Та энэ бүхний дараа зорьсондоо хүрсэн үү?
Мэдээлэл зөвхөн тоо хэлбэрээр байх нэг өөр. Харин тэр тооны эх сурвалжийг орон зайд байршуулж харахад илүү олон хөндлөгийн мэдээлэл, нөхцөлүүд ойлгогддог. Хайж, олж авсан мэдээллээ ашиглаад гаргасан дүгнэлтийн маань үндэслэл илүү нарийвчлалтай болж, илүү олон чанартай ЯАГААД гэсэн асуултуудыг үүсгэж өгч дэвшилттэй болгож өгч байгаа. Гэхдээ тэр хэрээр улам их мэдээллийн дэд бүтцийг эсрэгээрээ нэхэж байгаа. Бэрхшээлүүд ер нь тасрахгүй байхаа.
#7. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?
Орон зайн өгөгдөлийг өргөн хүрээтэй ашиглах, олон нийтэд мэдээллийг нээлттэй болгох боломжийг олгохын төлөө ажиллана. Тэгэхгүй бол төлөвлөгчдийн судалсан судалгаа, боловсруулсан төлөвлөгөө Захиалагчийн цоожтой шургуулганд л үлддэг.
Жишээ нь, Хөвсгөл нуурын хөвөө тэлж байгаа. Далайтай адил. Гэтэл төр засаг эргийн дагууд газар олгож, жорлонгийн нүх ухаад л байдаг. Бид өнөөдөр ийм байвал дараа үе ч гэсэн болдог юм байна гэж ойлгоод ухсаар л байна. Ингэж бохирдуулсаар байгаад замагжаад ирвэл далай ээж маань Хөвсгөл биш болно. Тиймээс үүнийг олон нийтэд ойлгуулж, соён гэгээрүүлэх хэрэгтэй. Дэээрээс нь Хөвсгөл бол цэвдэгтэй газар.
Барилгын салбарынхан цэвдгийг технологийн аргаар шийднэ гэдэг. Гэтэл цэвдэгийн ач холбогдол маш их, хүрч болохгүй шүү дээ. Жишээ нь, Налайх бол цэвдэгтэй газар. Налайхын цэвдэг Чойрын элсийг Тэрэлж рүү орохоос хамгаалж байгаа. Хэрэв Налайх руу дайрч, цэвдэг алдарвал Тэрэлж алдарна гэсэн үг. Манай улс дэлхийн цэвдгийн хамгийн урд бүс. Хэнтийн нурууны хамгийн урд хэсгийн цэвдэгтэй уул нь Богд уул шүү дээ. Цэвдэг алдарвал хүн төрөлхтний мэдэхгүй вирус, бактериуд гарч ирэх аюултайг анхааруулж байна. Энэ бүхнийг орон зайн өгөгдлийг ашиглан олон нийтийг соён гэгээрүүлэх нь маш чухал байгаа.
#8. Та ажлаа өгөгдөлд түшиглэн явуулахад хууль эрх зүйн орчин хэр ээлтэй байгаа вэ?
Төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг олж авахад хаалттай нөхцөл байдал үүсдэггүй. Гэхдээ тухайн албан тушаалтнуудын хандлагаас болж хүндрэл их учирдаг. Жишээ нь, та хувийн компанитай гэж бодъё. Танд мэдээлэл өгөхгүй гээд өрөөнөөсөө хөөгөөд гаргадаг сумын засаг дарга одоо цагт байна гэвэл хүн итгэхгүй дээ. Гэтэл ийм хандлагатай хүн байна. Мөн боловсруулж гаргасан судалгаа болон төлөвлөлтийн баримт бичгийн оюуны өмч нь захиалагчийнх болдог. Тиймээс гэрээний дагуу олон нийтэд хүргэх нь заримдаа хаалттай болдог. Харин тухайн судалгаа хийсэн газар нь олон нийтэд хүргэхийн тулд мэдээлэлд дахин боловсруулалт хийх шаардлагатай болно. Үүнд нь боловсон хүчин, нөөц дутагддаг. Бас цаг уурын үзүүлэлтүүд нь нээлттэй байх ёстой атал төлбөртэй байдаг. Үнээс төвөгшөөгөөд хэн ч судалгаа хийх хүсэлгүй, нэг бол өөрийн хийсэн тухайн цаг үеийн мэдээлэл дээр, нэг бол хэн нэгний бичвэрээс эшлээд явахаас өөр аргаггүй болгодог байх. Уг нь татварын мөнгөөр үүсгэсэн мэдээлэл юм шүү дээ.
#9. Дата ертөнцөд ямар соёл түгээн дэлгэрээсэй гэж хүсдэг вэ?
Мэдэх эрхийг хангах соёл төлөвшөөсэй гэж боддог. Гэхдээ нөгөө талдаа мэдээллийг хүлээж авах суурь боловсрол, хүний эрхийн талаарх ойлголт бүрэлдэж, бэхжээгүй нөхцөлд мэдээллээр манипуляци хийж нийгмийг төөрөгдүүлэх, хагалах, ханаруулах, хүнийг хэлмэгдүүлэх, хүүхдийн эрхийг зөрчих аюултай байдаг гэдэгтэй маргах аргагүй. Нийгмийн үнэт зүйл төлөвшсөн газар дээрх эрсдэл бага байдаг. Тиймээс мэдээллийг олон нийтэд хүргэх зарчим төлөвшөөсэй гэж хүсдэг. Мэдээллийг боловсруулж ойлгох бүх нийтийн мэдлэг өнөөгийн цахим ертөнцөд юу юунаас илүү хэрэгтэй байна. Мөн аливаа дүгнэлтийг ул суурьтай гаргаж хуваалцах нь салбар бүрийн мэргэжлийн ёс зүйд хамааралтай. Мэдээллийн эх үүсвэр, сурвалжийг дурдаж, хуулбарлахгүй байх соёл нэвтрээсэй гэж хүсдэг.
Манай уншигчидтай өгөгдөл ашиглах туршлагаа хуваалцсан танд баярлалаа.
Сэтгэгдлүүд
Шинэ нийтлэлээс хоцрохгүй байцгаая.
Имэйлээ үлдээгээрэй