Тогтвортой хөгжилд тэмүүлэгч
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Ариунзаяа, Редактор: З.Цэлмэг
Ц.Нямгаравын шинжлэх ухааны замнал бол “тэнгэрээс газарт унах” ямар байдгийн бодит жишээ. Нар, сар гараг эрхэс гээд сансар, одон орны шинжлэх ухааны ертөнцөд жигүүрээ дэлгэн дүүлэн нисдэг байсан тэрбээр нэг л өдөр астрофизикч байхаа больсон гэдэг. Амьдралынх нь энэ эргэлтийн мөч түүнд амар байгаагүй нь мэдээж. Гэхдээ л тэр огторгуйн салбарын хаалгыг хаасан ч орчны менежментийн үүдийг амжилттай татаж чадсан. Ц.Нямгарав одоо байгаль орчны мэргэжилтнээс бодлого хянадаг аудиторуудын нэг болжээ.
Эх сурвалж: Хувийн архиваас
Түүний одон оронч болох мөрөөдөл тухайн үеийн ЗХУ-ын “Науки и жизнь” сэтгүүлээс эхлэлтэй ч зорилго тэмүүлэлд хөтөлсөн хүн нь Монгол Улсын анхны одон оронч эмэгтэй С.Нинжбадгар аж. “Наука и жизнь” сэтгүүлийг ааваараа уншуулж, сонирхол татахгүй байхын аргагүй зурагнуудыг нь харж өсчээ. Тиймээс 5 дугаар ангидаа С.Нинжбадгар гуайд хаяглан “Яавал тан шиг одон орон судалдаг хүн болох вэ гээд л элдвийг сонирхож, сонжиж асуусан” захидал илгээж байжээ. Улмаар сониуч охины захидал “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдсэн төдийгүй “Тун удахгүй физикийн хичээл орно. Физик, математикийн хичээлдээ шамдан суралцвал одон оронч болно шүү” хэмээн ихэд дотночилсон хариу иржээ. Тэрхүү захиас сониуч охинд мөрөөдлөө биелүүлэх зорилго тэмүүлэл хайрлаж, хичээлдээ шамдсаар физик, байгаль шинжлэл хичээлийг сонгон суралцав.
Оюутны дөрвөн жилийг мэдлэгийн далай дунд сэлүүрдэн гаталж, шинэхэн төгсөгч Одон орон, геофизикийн хүрээлэнг зорив. Гэвч Монгол Улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг анхлан хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн С.Нинжбадгар тэтгэвэртээ гарчихсан, ажиллах нөхцөл, цалин мөнгө нь ч тааруухан орчин угтжээ. Гэсэн хэдий ч Др.Д.Батмөнхийн удирдлага дор нарны судлагааны багт орж ажилласанаар түүний улам ихийг танин мэдэх сонирхлыг өдөөжээ. Иймээс астрофизикээр гүнзгийрүүлэн сурахаар ХБНГУ-ыг зорьж Тьюбингений их сургуульд суралцаж астрофизикч болсон бөгөөд Астрономи, астрофизикийн институт буюу их энергитэй сансрын туяаг судлах судлагааны багийн хамт олны нэг болж эрдэм шинжилгээ судалгааны ажлаа хийж эхэлжээ.
Гэвч тэрбээр докторын зэргээ горилж жил гаруй суралцахдаа харь нутгийн нугачаат амьдралын хажуугаар бүхнээ зольж доктор боллоо ч Монголдоо очоод суралцсан чиглэлээ хөгжүүлэх өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулж чадах бил үү? Манай улсын одон орон сансар судлалын салбарын судлагаанд хөрөнгө оруулалт хийх чадвар бий билүү? Сурч мэдсэндээ таарсан цалин, хөлс авч чадах уу гээд олон бодолд ээрэгдэв.
Яг үед нэг танил нь “эх оронд маань уул уурхайн салбар хөгжиж байгаа. Тиймээс Германы байгаль орчныг хамгаалах салбар дэлхийд хамгийн сайнд тооцогддог тул энэ чиглэлээр суралцсан хүн эх оронд маань их хэрэгтэй байгаа” гэдэг зөвлөгөө өгчээ. Яг энэ үеэс тэрбээр амьдралын хүрдээ өөрчилж, ХБНГУ-н Нюртинген-Гейслингений их сургуульд хүрээлэн буй орчны менежментийн чиглэлээр суралцаж эхлэв.
Гэвч “тэнгэр огторгуйгаас газарт буусан” хүнд хичээлийн эхний сарууд шалгуур дүүрэн байлаа. Уг нь хичээлийнх нь хөтөлбөр маш сонирхолтой аж. Бямба гараг бүр үйлдвэрүүдээр явж тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулах туршлагыг судалж, дэлхий ертөнцийн хамаг л сонин сайхантай танилцуулна. Хог хаягадал дахин боловсруулах төв, химийн үйлдвэр, хиймэл нуур, гол цөөрмийг хэрхэн бүтээдгийг практик дээр харж, дадлага хийхийн хажуугаар орчны хяналт шинжилгээний туршилтуудыг давхар хийлгэдэг байжээ. Ц.Нямгарав “Герман улсын боловсролын системийн давуу тал нь энэ. Дан онолоор бөмбөгдөх бус практикт сайн ажиллуулж, ажлын байран дээр гарахад бэлдэж өгдөг” гэв. Хэдийгээр энэ бүхэн түүнд сонирхолтой байсан ч одон орны шинжлэх ухааныг нь гүйцсэнгүй. Эргэлзэж, тээнэгэлзсэн 6 сарын дараа л мэргэжлийнхээ утга учрыг ойлгож, суралцах хүсэлтэй болсон гэдэг.
Сургуулиа төгссөнийхөө дараа Ц.Нямгарав Герман улсад энэ чиглэлээрээ ажиллах сонирхолтой байсан бөгөөд үүнээсээ өмнө эх орондоо түр очоод буцахаар шийджээ. Гэтэл Монголд уул уурхайн салбар “boom” болж, байгаль орчны мэргэжилтэн авна гэсэн зар их байв. Тиймээс уул уурхайн салбарт томоохон төсөл хэрэгжүүлэгч гурван ч компанийн ажлын байрны зарын дагуу мэдээллээ өгөв. Сүүлийнх нь бүр хүсэлтээ өгчихөөд булан ч тойроогүй байхад нь дуудав. Мэдээж Германд боловсрол эзэмшсэн байгаль орчны чадварлаг мэргэжилтнийг хэн алдахыг хүсэх билээ.
Ингээд төд удалгүй Өмнөговь аймагт томоохон төсөл хэрэгжүүлж буй “Энержи ресурс” ХХК-д байгаль орчны ахлах мэргэжилтнээр ажиллах болсноор тэрбээр мэргэжлийнхээ хувьд жинхэнэ гялалзах эхлэл тавигдсан байна. Байгууллагын соёл гэдэг ажилтнуудаа улам хөгжүүлэх үү эсвэл авьяас чадварыг нь ашиглаж чадахгүй үлдэх үү гэдгийг шийддэг чухал үзүүлэлт. Харин “Энержи ресурс” энэ тал ихэд анхаардаг байсан учир Ц.Нямгарав тэнд 8 жил ажиллахдаа хог хаягдлын менежментийг нь хариуцаж, байгаль орчны олон бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Мөн ажилчид, орон нутгийн иргэдэд байгаль орчны талаарх зөв мэдлэг ойлголт өгч, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор “Урам” клубыг байгуулж, сэтгүүл хүртэл гаргадаг болсон нь уур уурхайн салбартаа анхдагч болсон байна.
Ц.Нямгарав “Яг тухайн үед Монголд байгаль орчин, тогтвортой хөгжлийн тухай дөнгөж л яригдаж эхэлж байсан. Хүмүүс заримдаа намайг сансрын гэмээр зүйл ярих юм. Сансрын хүн байсан болохоор ингэдэг юмуу гэдэг байлаа. Монголчууд уг нь байгаль орчноо хамгаалах эртний уламжлалтай ч ихэнх нь аман яриа л болж үлдсэн байна. Тиймээс олон нийтийг шинжлэх ухаанд суурилсан мэдээллээр хангаж, байгаль орчноо хамгаалах ёстой гэдэг сэтгэхүйг суулгах нь маш чухал гэдгийг олж харсан. Хамгийн наанадаж л говьд малчид малаа машин, мотоцикль унаж хариулах нь их. Одоо ч ийм үзэгдэл манай улсад хаа сайгүй бий. Гэтэл энэ нь байгальдаа, малдаа ч сөрөг нөлөө үзүүлдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй” хэмээн дурслаа.
Уул уурхай бол байгалийг сүйтгэдэг гэдэг хэт өрөөсгөл ойлголтыг арилгаж, харин хамгаалж чаддаг, хянаж чаддаг, иргэдтэйгээ ойлголцож, хамтарч ажиллах нь уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа юм гэдгийг Ц.Нямгаравын хариуцаж байсан олон ажил нь илэрхийлдэг.
Өдгөө Ц.Нямгарав аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны засаглалын суурь үнэлгээ хийж, зөвлөгөө өгч байна. Нэг талаас хуулийн шаардлага, нөгөө талаас тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үнэ цэн дэлгэрэхийн хэрээр томоохон аж ахуй нэгжүүдийн үнэлгээ хийлгэх сонирхол нэмэгджээ. Байгаль орчиндоо халгүйгээр бизнесээ эрхлэхийг эрхэмлэхийн хэрээр ажилчдадаа эерэг нөлөө үзүүлж нийгэмдээ гэрэл гэгээ түгээх нь шинэ үеийн бизнесийн соёл болж буй. Засаглалынхаа үнэлгээг хөрөнгө оруулалтдаа ашиглахаас гадна өөрсдийнх нь суурь хаахна байгааг давхар шалгачихдаг учир компаниудын хувьд нэн хэрэгцээт үйлчилгээ болсон байна.
Ц.Нямгарав ийнхүү үнэлгээ хийхийн хажуугаар ноос ноолууран хувцас үйлдвэрлэхэд хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа талаар судалгаа хийж, докторын судлагааны ажлаа хийж байна.
Дэлхий нийт тогтвортой хөгжил ярьж, хүрээлэн буй орчны мэргэжилтнүүдийн эрэлт өсөн нэмэгдэж буй цаг үед бид амьдарч байна. Тиймээс ч тэрбээр залуу үеийг шинжлэх ухаан, инженерийн салбарт шамдан суралцаасай гэж боддогоо хуваалцлаа. “Хүн инженерийн ухаанд суралцчихсан байхад хаашаа ч хөрвөж чадна. Миний хувьд одон орон судлалаас байгаль орчны салбарт хөрвөхөд өмнөх мэргэжил маань маш их тус болсон. Шинжлэх ухаан хүнийг аливаа зүйлд ул суурьтай, тооцоололтой ханддаг болгож төлөвшүүлдэг. “Хэрвээ надад шийдэл гаргахад нэг цагийн хугацаа байвал 55 минутыг нь асуудлын учрыг ойлгоход харин 5 минутыг шийдлийг олоход зарцуулна” гэж Алберт Эйнштейн хэлсэн байдаг. “Тиймээс асуудлыг ойлгосон байхад шийдэл зөв олж болдог” гэж Ц.Нямгарав зөвлөв.