Logo

Шатдаг хийг бамбардагч

Энэхүү нийтлэлийг Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт ажилладаг STEM эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Хөгжлийн төлөө өгөгдөл НҮТББ, Эрдэс баялаг, эмэгтэйчүүд НҮТББ-ын дэмжлэгтэйгээр бэлтгэв. Гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-08-26 · Уншсан: 2934

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Ариунзаяа, Редактор: З.Цэлмэг

Эх сурвалж: Хувийн архиваас

 

Жилийн өмнө Монголын говийн цөлд тавьсан цооногоос байгалийн хий оргилж, хөх тэнгэрт бамбардсан нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.  Улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж, хийн хэрэглээнд эрчимтэй шилжиж буй энэ үед манай улсад “Тэлмэн ресурс” ХХК нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж, анхны туршилтаар бамбар ассан нь тэр юм. Энэхүү түүхэн үйл явдлын эздийн нэг болох Т.Дэлгэржаргал бүсгүйн түүхийг хүргэж байна. Тэрбээр “Тэлмэн ресурс” ХХК-д газрын тосны ахлах инженерээр ажилладаг, уул уурхайн салбартаа шинэ түүхийг бичилцэж яваа нэгэн юм.

Т.Дэлгэржаргал 10 жилдээ өөрийнхөө ирээдүйг арай өөрөөр төсөөлдөг байлаа. Багаасаа л урлагт дуртай, жүжигчин болно гэж мөрөөддөг байсан ч аав нь толгой сайтай охиноо энэ замналаар явуулахыг хүссэнгүй. Ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байна хэмээн ШУТИС-ийн Газрын тосны инженерийн ангид оруулжээ. Өөрийнхөө хүслээр бус аавынхаа сонголтоор мэргэжлээ сонгочихсон учир хичээл нь түүний сонирхлыг эс татна. Харин хичээлийнхээ хажуугаар хийдэг байсан сайн дурын ажлууд, зав зай л гарвал очиж шимтэн сонсдог иргэний нийгмийн байгууллагуудын сургалтууд лекцүүд нь түүний хайгаад байгаа тэр л зүйл рүү зүг чиг гаргах мэт. 

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ--ын хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын хөтөлбөрт хамрагдаж, Малайзын газрын тос, байгалийн хийн үндэстэн дамнасан корпорац болох Petronas-ын газрын тосны инженерээр суралцаж буй эмэгтэй оюутнуудын дунд зарладаг ментор хөтөлбөрт хамрагдсан зэрэг нь түүний алсын харааг тэлж байсан гэдэг. Тиймээс ч тэрбээр шинэ үеийнхэндээ “их сургуульд олж авсан мэдлэгийг бэхжүүлэхээс гадна олон улсын зах зээлд амжилттай ажиллахад бэлтгэдэг учраас олон улсын сургалт хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, салбарынхаа цар хүрээг судалж байх”-ыг аминчлан захив.

Нэг л мэдэхэд харвасан сум мэт оюутны дөрвөн жил ард үлдэв. Сургуулиа төгсөөд Т.Дэлгэржаргал шууд л шатахуун борлуулдаг газар шатахуун түгээгчээр 24/48 хуваариар ажиллаж эхэлжээ. Цагийн байдал, салбарын хөгжил нь ийм л байсан хэрэг. Ер нь л газрын тосны инженерээр суралцсан хэн бүхний заавал дайрч гардаг ажлын байр нь ШТС-ын түгээгч байх нь бичигдээгүй хууль аж. Импортоор хангадаг газрын тосны салбарт шинэхэн төгсөгчид түгээгчээс инженерийн түвшинд, өрөмдлөгөөс олборлолт руу гарах боломж бараг л байдаггүйтэй адил байв. Дотооддоо ядаж нефть, хийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр ховор, нийгэм, эдийн засаг нь ч энэ чиглэлийг үл тоож байсан тухайн үед шинэхэн төгсөгч, тэгээд бүр эмэгтэй хүнд ажил олдоно гэдэг бараг л бүтэшгүй мөрөөдөл байлаа. ШТС-д ажиллах нь салбарынхаа бүтээгдэхүүнтэй танилцах анхны “аялал” нь болж байсан хэдий ч ямар их үнэ цэнтэй мэргэжил эзэмшсэнээ улам бүр мэдэрч ухаарсан, өөрөө өөрийгөө эрж хайсан тэрсэлдсэн он жилүүд байсан гэдэг.    

Оюутан байхдаа цөөн хэдхэн лекцэнд алгасалгүй суудаг байсны нэг нь хийн хангамжийн хичээл аж. Ирээдүйд орон сууцыг хийгээр хангах талаар бодож бүр энэ чиглэлийн компани байгуулна хэмээн мөрөөддөг байсан болоод ч тэр үү хийн чиглэлээр түлхүү судалж, магистрын зэрэг хамгаалж, олон улсын хэд хэдэн сургалтад хамрагдсан байна. Улмаар 2019 оноос энэ салбарт ажиллаж эхэлжээ. Нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Австралийн хөрөнгө оруулалттай компанид ажилд орж, удалгүй “Тэлмэн Ресурс” ХХК инженерээр ажиллах санал тавьснаар их үйлсийн гараагаа эхэлжээ. 

Холч ухаантай, алсын бодолтой аав нь охиныхоо чадварыг мэдэрч, юугаараа ялгарах ёстойг аль хэдийнэ харсан байж. Хэдийгээр Т.Дэлгэржаргал үүнийг ойлгож ухаарахад багагүй хугацаа зарцуулсан ч тэрбээр өнөөдөр шинэ салбарт мөс зүсэж яваа манлайлагч нэгэн болжээ. Монгол Улсад уламжлалт бус газрын тосны салбар болох нүүрсний давхаргын метан хийн анхны туршилт олборлолтын хөтөлбөрийг гардан хийсэн эмэгтэй инженер хэмээн цоллуулж явна.

Т.Дэлгэржаргал энэ талаар “Нэлээд хэдэн жилийн өмнө би бизнесийн салбарыг нэлээн их судалж, дэлхийн 17 улсад салбар байгууллагатай IWFCI -д (Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо)-д гишүүнээр элсэх боломж олдож, орсон хамгийн анхны өдөр Манлайллын хөтөлбөрт суусан юм. Тэнд бизнес, хүний эрх гээд маш өндөр карьертай салбар, салбарын мундаг эмэгтэйчүүд цугларсан байсан. Бүгд өөрийн гэсэн орон зайгаа бүтээчихсэн өөрийн гэсэн нэрийн хуудас буюу нийгэмд эзлэх байр сууриа олчихсон гайхалтай бүсгүйчүүд байлаа. Мөс хагалах тоглоомын үеэр биднээс асуулт асууж, ТИЙМ гэж хариулбал нэг алхам урагш, ҮГҮЙ гэвэл нэг алхам хойш алх гэв. Би ухраад л байсан. Яг энэ үед би юу хийх ёстой, хэн байх ёстойгоо ухаарсан. Миний толгойд нэг л бодол эргэж буцалтгүй орж ирсэн. Намайг илэрхийлэх, бусдаас ялгарах ганц зүйл бол миний мэргэжил юм байна гэж. Энэ хүртэлх аялал маань өөрийгөө олох байсан юм уу даа. Үүний дараа мэргэжлийн салбараа илүү их судалж, дахин боловсролоо нэмэгдүүлэх зорилго тавьж, илүү нарийн суралцсан. Тэр дундаа нүүрсний давхаргын метан хий чиглэлийн анхны төсөлд эргэж буцалтгүйгээр зүтгэхээр шийдсэн” гэлээ. Тэр дэлхийн бөмбөрцгийн эрчим хүчний ландшафтыг бүрдүүлсэн нефтийн инженерчлэлийн гайхалтай ертөнцөд ажиллажж буйдаа талархаж явдаг аж.

Газрын тосны инженер гэж хэн бэ? гэдэг асуултад тэрбээр “Талбай дээр ажиллаж байхдаа ажил мэргэжил сурталчлах өдөрлөгийн үеэр ЕБС-ийн 10 жилийн хүүхдүүдтэй уулзаж байлаа. 4,5 бүлэг ангийн хүүхдүүдээс мэргэжлээ сонгосон хүүхэд цөөхөн. Инженер болно гэсэн хүүхэд бараг байгаагүй. Яагаад гэвэл инженерүүд яг юу хийдэг вэ гэдгийг хүүхдүүд мэдэхгүй байсан юм. Газрын тосны инженерүүд бол газрын тос, байгалийн хийн хайгуул, өрөмдлөг, олборлолтод чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн эрчим хүчний хангамжид ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэд эрчим хүчний салбарын гол тоглогчид бөгөөд газрын тос, байгалийн хийн төслийн амьдралын мөчлөг бүрд өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг. 

Хайгуул, нөөцийн менежментийн үед гэхэд газрын тос, байгалийн хийн боломжит ордуудыг геофизик, геохимийн зэрэг үндсэн өгөгдлийг ашиглан тодорхойлж, эдгээр нөөцийг үр ашигтай олборлох дизайны аргыг боловсруулдаг. Харин өрөмдлөг, олборлолтын үйл ажиллагаанд цооногийн үр ашигтай өрөмдлөг, цооногийн дизайныг зохиож, өрөмдлөг олборлолтын хөтөлбөрийг удирдаж, үйлдвэрлэлийг оновчтой болгох, зардлыг бууруулахаас гадна байгаль орчны нөлөөллийг бууруулахад анхаарлаа хандуулдаг. Газрын тосны инженерүүдийн үндсэн ажил бол газрын гүнд байгаа ордуудаас газрын тос, хий олборлох хамгийн хэмнэлттэй аргыг шийдэж, хэрэгжүүлэх явдал юм. Жишээлбэл, өрөмдлөгийн байршлыг төлөвлөж, өрөмдлөгийн үйл явцыг хянаж, цооногийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэхийн тулд дэвшилтэт технологийг нэвтрүүлдэг. Нүүрсний давхаргын метан хий бол нүүрсний ан цаванд агуулагдаж байгаа хий. Үүний дараа газрын гүнд байгаа хий газрын гадарга дээр хэрхэн яаж гаргахыг ч инженерүүд шийддэг.

Энэ мэтчилэн бүтээгдэхүүнийг хайж олохоос эхлээд олборлох, ашиглах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, цаашлаад дараагийн түвшний бүтээгдэхүүнийг гаргах бүх мөчлөгт инженерүүд маш өндөр үүрэг гүйцэтгэдэг. Инженерүүдийн хийх ажил зөвхөн үүгээр хязгаарлагддаггүй. Төслийн хөгжүүлэлтээ хийнэ, орон нутгийн иргэдэд мэдээлэл өгнө. Ер нь төсөл хэр амжилттай явах нь тухайн инженерээс бүх зүйл шалтгаална даа” хэмээн мэргэжлийнхээ онцлогийг дурдлаа. 

Эрчим хүчний шилжилтийн энэ цаг үед инженерүүд тогтвортой олборлох арга техникийг улам бүр боловсронгуй болгох, устөрөгч, нүүрстөрөгчийн хуримтлал, хадгалалт (CCS) зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг үйл ажиллагаандаа нэгтгэж байгаа аж.

Уламжлалт бус газрын тосны салбар нь манай улсад шинэ тутам бөгөөд одоогоор нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээг 5 талбайд байгуулаад байна. Т.Дэлгэржаргалын ажилладаг “Тэлмэн Ресурс” ХХК-ийн хувьд Монголд томд тооцогдох нүүрсний давхаргын метан хийн орд гэгдэж буй Гурвантэс XXXV талбайд 2019 онд АМГТГ-тай Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж улмаар 2022 онд Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. Ийнхүү нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын үе шатнаас туршилтын олборлолтыг эхлүүлэх хүртэлх түүхийг бүтээлцэх явцдаа Т.Дэлгэржаргалын давж туулсан сорилт их ээ. Хэдийгээр өмнө нь энэ чиглэлээр судалгааны түвшинд цөөнгүй хүн ажиллаж байсан ч яг орд газар дээр төслийн бүхий л хөгжүүлэлтийн түвшинд инженерээр ажиллаж байсан хүн ховор аж. Сорилт дүүрэн цаг хугацааг хамт олныхоо хүчээр, удирдлагуудынхаа дэмжлэгээр, хэр баргийн зүйлд бууж өгдөггүй, эрэлч хайгуулч зангаараа даван гарчээ. Цаашид тэрбээр салбарынхаа гүнд нь ортол судалж шинжлэн, олон улсын мэргэшсэн туршлагатай инженерүүд, судлаачидтай хамтран хийн салбарыг эх орондоо хөгжүүлэхээр сэтгэл шулуудан зүтгэж байна. 

Хийн салбарыг хөгжүүлэхэд бидэнд хийх ажил их байгааг Т.Дэлгэржаргал онцлов. Монгол Улс хийн салбарыг хөгжүүлэх, ашиглах хэд хэдэн үндэслэл хэлсэн нь тун сонирхолтой. 

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улсын нүүрсний давхаргын метан хий нь 1.2 их наяд шоо метр  нөхцөлт нөөцтэй нь тогтоогджээ. Одоогоор “Төрөөс хэрэгжүүлэх эрчим хүчний бодлого”-доо сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлнэ, уламжлалт бус газрын тосны салбарыг хөгжүүлэх гэж зааснаас өөрөөр энэ салбарт луужин болох бодлогын баримт бичиг, хууль журам байхгүй. 

Байгалийн хийн үүрэг дэлхий дахинд болон манай улсад хэр зэрэг байгааг, стратегийн салбар мөн үү гээд хараад үзье. Манайх шиг нүүрсний баялаг өндөртэй ч эрчим хүчний дутагдалтай улсад метан хий бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Учир нь метан хийг эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэж үздэг. Ашиглаж чадвал асар их үнэт баялаг болох боломжтой.

Дээр нь өнөө үед дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч, газрын тос, байгалийн хийн хайгуул, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх нь эрчим хүчний шилжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой хэмээн онцолж буй. Учир нь сэргээгдэх эрчим хүч 100% байгалиас хамааралтай. Харин хийтэй хослуулбал төгс зохицол болж байгаа бөгөөд хийн үүрэг оролцоо нь улам ихсэх ирээдүй хаяанд ирснийг газрын тос, хийн салбарынхан ярьж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд бичсэнээр дэлхийн нүүрсний 80%-ийг Ази тив хэрэглэж байгаа бөгөөд тэр дундаа эрчим хүчнийхээ 50%-ийг нүүрсээр хангаж байна. Хятад, Энэтхэгээс гадна Вьетнам улс нүүрсний 5 дахь том импортлогч болох нь анхаарал татаж байгаа бөгөөд хэрэв Ази тив өсөн нэмэгдэж буй эрчим хүчээ цэвэр эх үүсвэртэй болгох ажлыг дорвитой хийхгүй аваас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах улс орнуудын зорилт биелэхгүй. Тиймээс Азийн эрчим хүчний ирээдүйд байгалийн хий чухал үүрэгтэй болж, аажмаар шилжилт хийж байна. Тухайлбал, Энэтхэг улс гэхэд л дэд бүтцийн салбартаа хийг ашиглахаар үе шаттайгаар өөрчлөлт хийж байгаа бол Филлипин, Индонез улсууд шингэрүүлсэн байгалийн хийг олборлох анхны терминалаа бариад байна. Манай урд хөрш БНХАУ ч энэ салбартаа нэлээн анхаарч хөрөнгө оруулалтуудыг ихээр хийж байгаа аж. Тиймээс Монгол Улсын хувьд нүүрсний давхаргын метан хийг ашигласнаар олон жилийн толгойн өвчин болох агаарын бохирдол, эрчим хүчний хараат байдалдаа цэг тавихаас гадна машин цэнэглэх, хоол хийх, байшингаа халаах гээд амьдралын хамгийн энгийн асуудлууд хүртэл дагаад шийдэгдэх ирээдүй байгааг Т.Дэлгэржаргал хүсэл тэмүүлэл дүүрэн ярих аж.