Logo

Өөрчлөлт далладаг өгөгдлийн мастер

Энэхүү нийтлэлийг Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт ажилладаг STEM эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Хөгжлийн төлөө өгөгдөл НҮТББ, Эрдэс баялаг, эмэгтэйчүүд НҮТББ-ын дэмжлэгтэйгээр бэлтгэв. Гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-08-23 · Уншсан: 2436

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Ариунзаяа, Редактор: З.Цэлмэг

 

"Сониуч л байх хэрэгтэй. Сониуч хүн эрж хайх, шинэ зүйл туршиж үзэх, суралцахад хэзээ ч залхуурдаггүйн дээр бүтээмж өндөр байдаг" гэж У.Оюунсаруул залуучууддаа захив. Учир нь түүний энэ нандин зан л мэдээллийн технологи, өгөгдлийн менежментийн чиглэлээр нийгэмдээ өгөөжөө өгсөн олон төсөлд идэвхитэй оролцох хүслийг нь бадрааж, өдгөө Монгол Улсын урдаа барьдаг уул уурхайн дата шинжээчдийн нэг болгожээ.

 

Эх сурвалж: Хувийн архиваас

У.Оюунсаруул Эрдэнэтэд төрж өссөн болохоор ч тэр үү анхандаа уул уурхайн салбар сонирхлыг нь татаагүй. Тиймдээ ч ЕБС-аа төгсөөд анагаахын хуваарь авч байсан ч зөн совингоо дагаж, ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн ангид элсэн орж, улмаар Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан байна. Энэтхэг бол мэдээлэл технологийн инженерүүдээрээ дэлхийд тэргүүлдэг улс. Нэгэнт суралцахаар очсон бол шилдэг инженерүүдийн нэг болохын тулд тэсвэр зааж, тархиа шавхахаас аргагүй. Тэгэж тэссээр жилд ердөө 14 хоног амардаг сургуулиа амжилттай төгсөж, ажлынхаа гарааг олон улсын мэдээлэл технологи өндөр хөгжсөн уул уурхайн тэргүүлэх компани болох Rio Tinto группээс эхлүүлжээ. Яг энэ цагаас л өнөөгийн У.Оюунсаруул бий болсон байна.

 

Учир нь түүнд өгөгдөл боловсруулан анализ хийснээр асуудлыг шийдвэрлэж байгаа нь маш сонирхолтой санагджээ. Гаргасан шийдвэр нь бизнесийн гүйцэтгэлд шууд нөлөөлж байсан нь мэргэжилдээ эзэн болох хүсэл тэмүүллийг нь бадраах нь тэр. 

Тэрбээр өөрийнхөө мэргэжлийг “хүний хараагүйг харуулж, бодоогүйг бодуулдаг” гэж тодорхойлох дуртай. 

 

“Маш амархан жишээ татъя. Та зураг авахуулах шаардлагатай болж. Зурагчин дээр ороод тольдож, тольдож даруултал үс чинь өрвийчихсөн, нүд нь сүүмийгээд гарчихаж. Тиймээс үсээ дахин самнаад, нүдээ том гэгч нь хараад авахуулахад яг л таны сэтгэлд нийцсэн зураг гарах нь тэр. Дата гэдэг бол тухайн бизнест өөрийгөө толинд харах, дараа нь алдаагаа засах боломжийг олгодог. Энэ салбарт тууштай ажилладаг шалтгаан минь бизнесийн аливаа тулгамдсан асуудлуудад шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлж сурах их хүсэл эрмэлзлээс үүдэлтэй. Миний хамгийн их бахархдаг зүйл бол хүмүүс, нийгэм болон бизнест үзүүлж буй нөлөө. Би өөрийнхөө үүргийг зөвхөн төсөл хүлээлгэж өгөхөөс илүүтэй утга учиртай өөрчлөлтийг жолоодоход өгөгдлийн боломжийг нь нээх явдал гэж хардаг. Хамтарч хийлцсэн өгөгдлийн шийдлүүд маань тухайн компанийг урагшлуулах стратегийн алхамуудын үндэс гэдгийг мэдэх нь бүр СУПЕР. Энэ бол тоо гэхээс илүү мэдээллийн тусламжтай ирээдүйгээ тодорхойлох тухай ойлголт” хэмээн У.Оюунсаруул тайлбарлалаа

Өгөгдлийг шинжлэх, дүгнэх, ашиглах соёлыг түгээн дэлгэрүүлж, технологи, хүмүүс, үйл явцыг тэнцвэржүүлэх нь түүний ажлын хамгийн хэцүү боловч бас маш үр өгөөжтэй хэсэг нь аж. Учир нь дээрх гурван элемент л эцэстээ тухайн байгууллагадаа бодит, үр дүнтэй өөрчлөлтийг авчирдаг болохоор тэрбээр ажилдаа хамгийн сүүлийн үеийн хэрэгсэл, платформуудыг ашиглан ирээдүйн технологийн зорилттой уялдаж ажиллах, багийг зөв ур чадвараар хангаад зогсохгүй хийж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ойлгоход нь туслах, хүн бүр өөрийн үүрэг, өөрийн мэдэлд байгаа хэрэгслийг хэрхэн ашиглахаа мэддэг, тасралтгүй урсгалыг бий болгох гэсэн зарчим баримталдаг. 

 

Эх сурвалж: Хувийн архиваас

У.Оюунсаруулын мэргэшсэн салбар нь уул уурхай. Уул уурхай бол нарийн ажлын дараалалтай. Бүх зүйл нь уялдаа холбоотой байж гэмээнэ ашигтай ажилладаг салбар. Гагцхүү энэ гинжин хэлхээ хэр бат бөх байх эсэх нь дата аналистуудаас ихээхэн хамааралтай. Түүний баримталдаг зарчим ч энэ салбарт яв цав тохирдог.   Хамгийн сүүлд гэхэд л тэрбээр уул уурхайн ажилчдын аюулгүй байдал, ажлын бүтээмжийн чиглэлээр хэд хэдэн судалгаа хийж, дүгнэлт гаргаж, шийдэл боловсруулсан нь амжилттай хэрэгжжээ.

Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэдэг дээ. Түүний карьер дахь чухал мөчүүдийн нэг нь өгөгдлийн ардчилсан шинж чанарыг дэмжсэн хэд хэдэн төсөлд олон улсын багтай хамтран ажилласан явдал. Тэдний ажлын үр дүнд  уул уурхайн салбарын олон талын мэдээллийг нэг дороос харах боломж бүрдэж, өгөгдөл сонирхсон хэн бүхэнд нээлттэй орчин бүрджээ. Өөрөөр хэлбэл ажилтнууд хүссэн дата мэдээллээ авч, өөрийн ажилдаа ашиглах, цаашлаад энэ чиглэлээр сурч, хөгжих боломжийг нь давхар нээж өгсөн байна. 

Түүнчлэн У.Оюунсаруул нийгмийн төслүүдэд идэвхийлэн оролцдог нэгэн. Авьяаслаг мэргэжилтнүүдээс бүрдсэн ӨГӨГДЛӨӨС ҮНЭ ЦЭНЭ ҮҮСГЭХҮЙ ТББ-ыг байгуулж чамгүй олон ажил амжуулжээ. Үүний нэг нь Монголын дата клубтэй хамтран хэрэгжүүлсэн “Төрийн өмчийн компаниудын өгөгдөлд нэвтрэхүй” төсөл аж. 

 

Өгөгдөл үнэнийг эрэлхийлдэг шинж чанартай. “Төрийн өмчийн компаниудын өгөгдөлд нэвтрэхүй” төсөл ер нь монголчуудын баялаг хаашаа яваад байна вэ гэдгийг харуулж чадсан. Төсөл дууссаны дараа хүмүүс дата аналист гэж дуугарч эхэлсэн л дээ. Тухайн үед тандах маягаар судалгаа хийхэд хүмүүс дата мэдээллийн цаад талыг нь бус өнгөн талыг нь хараад байна уу гэх хандлага ажиглагдсан. Үнэндээ бидэнд өнөөдөр дата өгүүлэмж тухайн хүндээ, нийгэмдээ яг ямар асуудлыг шийдэж өгдөг юм, цаашид яаж сайжруулах вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал болоод байна гэлээ. 

 

У.Оюунсаруул одоо өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нутагшуулахаар зорьж буй. Учир нь манай зарим бизнесийнхэн олон талын мэдээлэл цуглуулдаг ч хоорондын уялдаа холбоог нь тэр бүр нэгтгэж харж чаддаггүй. Эсвэл зөвхөн нэг талын мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх гээд байдаг талтай. Тиймээс бизнесийн байгууллагуудад өгөгдөл шинжээчтэй болоорой гэж зөвлөдөг. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа бодитоор дүгнэж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нэмэгдэх юм. 

Эх сурвалж: Хувийн архиваас

Эцэст нь тэрбээр өөрийн амжилтаа эхэнд дурдсанчлан сониуч зантайгаа холбон тайлбарлав. Дата аналистууд тоон утгуудыг нэг бүрчлэн задалж харчихаад буцаагаад нэгтгэн дүгнэдэг. Тиймээс нэг тоо ямар учир шалтгаан илэрхийлж байна вэ гэдгийг сонирхон судлахгүйгээр цааш явдаггүй. Түүнчлэн түүний амжилтын нэгээхэн хэсэг нь хамтран ажиллагсдадаа үзүүлэх хүндлэл юм. Ер нь эмэгтэйчүүд захиалагч болон удирдлагынхаа өгсөн даалгавар хийгээд санаа бодлыг нь ойлгох, тэдэнтэй харилцах тал дээр эрчүүдээс хавь илүү байх нь бий. Эмэгтэйчүүдийн энэ чадвар ширүүн өрсөлдөөнтэй технологийн салбарт эрчүүдээс нэг алхам урд явахад тусладаг давуу тал аж.

Нэгэнт технологийн өндөр ур чадвар эзэмшсэн бол эмэгтэйчүүдийн хувьд ар гэрээ авч явах, гэр бүлдээ цаг гаргах гээд амьдралын шаардлагуудыг түвэггүй биелүүлэх хангалттай боломж байдаг аж. Нялх хүүхэдтэй У.Оюунсаруул долоо хоногийн гурван өдөр зайнаас ажиллаж, ажлаа ч, ар амьдралаа ч зохицуулчихдаг тухайгаа ярив. 

Нөгөөтэйгүүр, мэргэжлийн өндөр ур чадвартай л бол хүний нөөц, засаглалдаа анхаардаг олон улсын өрсөлдөх чадвартай байгууллагуудад ажилласнаар ажил, амьдралын тэнцвэрийг хангах явах боломж дүүрэн байдгийг тэрбээр хуваалцсан юм.