ШИМТ боловсролтой шинэ үеийг бэлтгэгч
Нийтлэлийг бэлтгэсэн: З.Цэлмэг
Химийн бодис, өнгөт уусмалтай шилнүүд, өвөрмөц багажууд гээд лабораторийн дотно орчинд татагдан химич болсон Б.Батцэнгэл өдгөө боловсрол болон эдийн засаг гэсэн хоёр том салбарыг ШИМТ (Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи) боловсролтой сэхээтнүүдээр амжилттай холбож яваа нэгэн. Компани болон их сургуулийн хамтын ажиллагааг дэмжих замаар хөдөлмөрийн зах зээлд онолын хийгээд практик суурьтай мэдлэг хосолсон, зөөлөн ур чадвартай инженерүүдийг эх орондоо бэлтгэх нь ШИМТ боловсролыг шүтсэн түүний зорилго байв. Тэгэж байж л Монголд хэрэглээний шинжлэх ухаан хөгжиж, эдийн засгийг хөдөлгөх илүү олон араа шүд ургадаг.
Б.Батцэнгэлийн энэ сэдэл химич мэргэжлээс нь эхтэй. Химичдийн гэр бүлд өссөн тэрбээр, МУИС-ийн Химийн факультетийг 1996 онд химич, химийн багш мэргэжлээр бакалавр, 1998 онд химийн ухааны магистраар дүүргэжээ. Үүнийхээ дараа ХБНГУ-ын Аахен хотын Техникийн их сургуулийг зорьжээ. Тэнд өнгөрүүлсэн 7 жил бол хувь хүний хөгжлөөс эхлээд эрдмийн эрх чөлөө хэрхэн улс орныг хөгжилд хүргэдэгийг Б.Батцэнгэл олон талаар ойлгож мэдсэн цаг хугацаа байсан аж.
Эх сурвалж: Хувийн архиваас
Тэрбээр “Манай сургуульд химийн инженерчлэлийн чиглэлээр олон төсөл хэрэгждэг байсан. Миний хувьд уул уурхай, нефтийн бүтээгдэхүүний түүхий эдийн хажуугийн бүтээгдэхүүн буюу косметик, угаалгын нунтаг зэрэг органик бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компанийн судалгааг хийж, харьцангуй залуу буюу 27 насандаа докторын зэрэг хамгаалсан. Тэр үед л би мэдлэг яаж үүсдэг, гол мэдлэг үйлдвэрлэдэг магистр, докторын оюутнуудын судалгааг хэрхэн дэмжиж, их сургууль болон хувийн хэвшил хамтарч ажиллаж хөгжлийг бий болгодог туршлагыг судалсан” хэмээв.
Эрдмийн эрх чөлөөг хангасан олон зуун жилийн түүхтэй Германд докторууд нь яагаад тэнд байгаа, оюутнууд нь яах гэж сурч буй нь маш тодорхой байдаг аж. Хөгжингүй ертөнцөд бий болсон энэ системийг Монголд бий болгохын тулд эхний ээлжинд судалгааны орчныг бүрдүүлэхээр Б.Батцэнгэл 2006 онд МУИС-даа буцаж иржээ. Ингээд 2012 оныг хүртэл өөртэйгээ адил хүсэл тэмүүлэлтэй залуу эрдэмтэдтэй хамтран МУИС-д химийн судалгааны 2-3 лаборатори байгуулж, шинэ мэдлэг үйлдвэрлэх зорилгоор магистр, докторуудын сургалтын төлбөр, судалгааг санхүүжүүлэх тэтгэлэг хүртэл хэрэгжүүлсэн аж. Энэ тухайгаа тэрбээр “Бид багахан мөнгөөр маш их үр дүнтэй ажиллаж байсан. Гэтэл Монголд энэ соёл байхгүй, биднээс яагаад магиструудын төлбөрийг төлсөн талаар асуулгад хүртэл орж байсан. Уг нь энэ бол яг л тогтсон жишиг. Судалгааны соёлын үрийг тариагүй цагт зөвхөн орчныг нь бүрдүүлэхэд учир дутагдалтай байдаг юм билээ. Нийгмээрээ үүнийг ойлгож, өөрчлөлт хийхийн тулд хугацаа хэрэгтэй болдог” хэмээн дурсав.
Харин ХБНГУ-ын анхны эмэгтэй Канцлер хатагтай Ангела Меркел одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 онд Монгол Улсад айлчилж, Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх үед Б.Батцэнгэлийн эдийн засаг, боловсрол хоёрыг холбох холын мөрөөдөл нь хаяанд ирэх нь тэр. Уг хэлэлцээний үр дүнд 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль байгуулагдав. Ингэснээр ШИМТ боловсрол эзэмшсэн Б.Батцэнгэлд их сургууль болон компаниудын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар уул уурхай, аж үйлдвэрийн салбарт зөөлөн ур чадвартай, онол хийгээд практик мэдлэг хосолсон инженерүүдийг бэлтгэх боломж бүрдсэн юм.
МГТИС нь “Монголын Алт МАК”, “Энержи ресурс”, “Оюутолгой” зэрэг томоохон олборлогч, түүхий эдийн нэмүү өртөг шингээгч компаниудад оюутнуудаа цалинтай дадлага хийлгэж, компанийн хувьд ч гэсэн ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх, тулгарч буй асуудлаа их сургуулиудаар шийдүүлэх замаар мэдлэг үйлдвэрлэх загварыг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Хувийн архиваас
Дэлхий даяар өрнөж буй Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын эрин үед ШИМТ боловсролтой бүтээлч иргэд мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээнэ гэх үзэл санаа бүх хөгжлийг зураглаж, шинжлэх ухааныг чиглүүлж, хүмүүсийг хөдөлгөж байна. Тиймээс ч боловсролын хөгжил ШИМТ суурьтай, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны буюу зөөлөн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх Боловсрол 4.0 хувьсгалыг өрнүүлж байгаа билээ. Ийм мэдлэг, ур чадвартай иргэд технологийн эрин үед инновац үйлдвэрлэж, мэдлэг шингэсэн эдийн засгийг бүтээдэг гэдгийг Б.Батцэнгэл тэртээ 20 жилийн өмнө Аахенд амьдарч, суралцаж байхдаа мэдэрсэн гэдэг. Түүний зөвлөж буйгаар хэдийгээр байгалийн ухааны суурьтай байх нь аливаад логик сайтай хандах, мэдлэгийн олон давуу талыг олгодог ч шинэ үеийн мэргэжилтнүүдийн хувьд зөөлөн ур чадваргүйгээр холын карьераа төлөвлөх амаргүй цаг үе ирсэн аж. “Инженерүүд бол олон түвшний хүнтэй харилцдаг. Ядаж л доод тушаалын ажилтнуудаа ойлгох чадвартай байхын тулд харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой” гэв. Энэ ч үүднээс МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийн 50%-д хүнтэй харилцах, багаар ажиллах, нэгнээ сонсож ойлгох, хүлээцтэй байх зэрэг харилцааны хичээлүүд багтдаг аж.
Мөн Боловсрол 4.0 хувьсгалд хүүхэд бүрийг хамруулж чадвал ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд хүйсийн ялгаа буурах аж. Зөвхөн уул уурхайн тухайд гэхэд уламжлалт ойлголтоор биеийн хүч шаарддаг тул эрэгтэйчүүд давамгайлдаг. Гэтэл одоо технологи, хиймэл оюун ухааны тусламжтай хүний хүч, гарын бяр шаардлагатай үйл ажиллагаануудыг халсаар, оронд нь автоматжуулалтаар удирдаж байна. Тэгэхээр энэ талын мэдлэг, ур чадвартай, орчин үеийн технологи, программыг эзэмших нь хүйсийн ялгавартай байдалд бараг л нөлөөлөхгүй шүү дээ” хэмээн Б.Батцэнгэл ярив.
Монгол Улс ч гэсэн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогодоо аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтцийнхээ салбарт сэргэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд 30 гаруй мянган инженер шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэтэл улсын хэмжээнд ШИМТ боловсролтой шинэхэн боловсон хүчний тоо жилд 3–4 мянгаар л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд байгалийн ухаан, технологи, математик, инженерингийн чиглэлийн ажил мэргэжлүүдийн эрэлт улам өснө гэсэн үг. Тиймээс тэр чиглэлд хүн ч, их сургууль ч, бизнес ч бай хэн түрүүлж боловсорсон нь хөгжлийг зураглах цаг айсуй.
Сэтгэгдлүүд
Шинэ нийтлэлээс хоцрохгүй байцгаая.
Имэйлээ үлдээгээрэй