Б.Мөнхдөл: Нийтийн эрх ашгийн төлөө ажиллахдаа хамгийн их аз жаргалтай байдаг
ЗОЧНЫ БЛИЦ
Нэр: Бадралын Мөнхдөл
Эрхэлдэг ажил:
1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны дарга
2. Зах зээлийн мэдээллийн "Cover Mongolia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Үнэ цэн бүтээсэн дата төслүүд: #ПаркааАваръя хөдөлгөөн
Бусдад санал болгох дата сан: 1212.mn, opendatalab.mn, data.worldbank.org, egazar.gov.mn, ebarilga.ub.gov.mn
#1. Дата соёлыг манлайлсан түүхээсээ та юуг хамгийн түрүүнд хуваалцах вэ?
Хувь иргэн ч бай, улстөрч ч бай, байгууллага ч бай аливаа өөрчлөлтийг шаардаж тэмцэхдээ баримт, нотолгоон дээр суурилж үндэслэлээ сайтар боловсруулсны үндсэн дээр эрх бүхий этгээдээс шаардах, олны анхааралд хүргэж эхлэх нь тэмцлийг мордохын хазгай болохоос сэргийлэх үндэс гэж би хардаг болсон. Үүнийг миний бие 2021 оны хавар эхлүүлсэн #ПаркааАваръя хөдөлгөөнөөс ойлгосон юм.
Анх парк дахь "Түмэн эх чуулга"-ын түүхэн байрыг нураах гэж байна уу? гэх утгатай, олон экскаватор, контэйнер дэргэд нь байрлуулчихсан зургийг сошиалоос хараад, очиж бичлэг хийн баталгаажуулаад сошиал хаягаараа түгээхээс бүх зүйл эхэлсэн юм. Тэр үеэс эхлэн хүүхэд насны минь дурсамж дүүрэн паркийн газар яагаад ийм арчаагүй байдалд орчихсныг судалж, хэн, хэзээ, хэнд паркийн газраас тасдаж "зарсныг" хөндөж эхэлсэн юм.
Үүнд хамгийн их хэрэг болсон мэдээллийн бааз бол нээгдээд удаагүй байсан, газрын зөвшөөрлийн мэдээлэл бүхий egazar.gov.mn сайт. Гэхдээ тус сайт санаатай гэмээр мэдээлэл нь дутуу, ашиглахад бэрх байсан ч ямартаа ч мөрдөж хөөх эхний сэжүүрийг өгсөн. Тэр нь газрын зөвшөөрөл олгосон Нийслэлийн засаг даргын хамгийн сүүлийн захирамжийн дугаар болон огноо нь юм. Захирамжууд ulaanbaatar.mn сайтад байршиж байх ёстой боловч байхгүй байх нь элбэг. Ингэж “нууцалсан” нь эрэн сурвалжлах ажлыг мухардуулж байсан ч олсон мэдээллээ паркаас бичлэг хийж ярих замаар олны анхааралд хүргэх гэж хичээсэн. Хичээл зүтгэл маань тодорхой үр дүнд хүрч, олны дэмжлэг, шаардлага нэмэгдэж, үүн дээр ХҮН намын хамт олон маань хүч нэмж, олон удаагийн лайв, мэдээлэл, ярилцлагын үр дүнд Нийслэлийн ИТХ дээр Ажлын хэсэг байгуулагдсан юм. Үүний эцсийн үр дүнд тус газрын эзэмшигч компани тодорхой хэсгийг нийслэлд буцаан шилжүүлж, “Рио Тинто Монгол” компани жинхэнэ утгаараа ногоон байгууламж бүхий парк болгон тохижуулж байна.
Паркийг аврах хөдөлгөөн өмнө нь 2, 3 удаа өрнөж байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй нам жим болчихсон байсан юм билээ. Өөрийнх нь эсрэг тэмцэж байхад аль ч улсын төр нь түүнд саад, тээг учруулдаг жам учраас аливаа тэмцлийн эцсийг нь үзэх бэлтгэлтэй байхыг хичээх хэрэгтэй санагдсан.
#2. Таныг энэ хүртэл явахад юу түлхэц болж байсан бэ?
Монголд гэлтгүй дэлхийд олон шударга бус зүйл байгааг хараад зүгээр сууж чаддаггүй юм.
Олон жил хөрөнгийн зах зээлд ажиллаж, дараагаар хөрөнгө оруулагчдыг зөвлөгөө, мэдээллээр хангадаг компаниа байгуулж орлого олдог ганц эх үүсвэртэй байсан. Хэдий тийм боловч нэг мэдэхэд сэрүүн байх ихэнх цагаа олон нийтийн ажилд зарцуулж байснаа анзаарсан юм. Ингээд би өөрийгөө олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг юм байна гэдгээ ухаарч энэ чиглэлээр дагнаж ажиллахаар шийдсэн. Ингээд 2015 онд ХҮН намд элсэж, удалгүй 2018 онд яг төрийн бодлогын чиглэлээр Сингапурын үндэсний их сургуулийн харъяа, тус улсын үндэслэгчийн нэрээр нэрлэгдсэн “Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын их сургуульд Төрийн удирдлагын магистраар суралцаж ирсэн юм. Миний сурсан их сургууль бол Азидаа #1, дэлхийд #8-д эрэмбэлэгддэг.
Олон нийтийн ажил
#3. Танд тулгарч байсан сорилтоос гурвыг нэрлээч?
-Гэр бүл, үндсэн ажлын хажуугаар цаг гаргах нь хамгийн хэцүү.
-Хууль эрх зүй, төрийн байгууллагын тогтолцооны тухай ойлголт дутмаг.
-Олны анхааралд хүргэх мэдлэг, туршлага хомс.
#4. Таны бэрхшээлээ давж гарсан туршлагаас хүмүүс юуг мэдэх ёстой вэ?
-Зөв зүйлийн төлөө тэмцэж буйг ойлгодог гэр бүл, найз нөхөд, багтай байх.
-Мэддэггүй зүйлээ мэддэг хүнээс нь санаа зоволтгүй асуудаг байх.
-Тэмцлийг ганцаар бус олонтойгоо нийлж хийх нь үр дүнд хүрэх хамгийн баталгаатай зам.
#5. Танд ямар технологиуд, software өөрчлөлтийг авч ирэхэд тусалсан бэ. Одоо өдөр тутамдаа ямрыг ашигладаг вэ?
Facebook, Twitter, Instagram зэрэг сошиал сувгууд мөн харилцааны хэрэгслүүд болох Messenger, Telegram, WhatsApp их тусалсан.
#6. Та энэ бүхний дараа зорьсондоо хүрсэн үү?
"Хүүхдийн парк"-ийг ашиглахгүй хаясан байсан хэсгийг бүрэн "авраагүй" ч тодорхой хэсгийг нь нийтийн эзэмшилд авчирч, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр "ногоон" орчин болгох ажил эхэлсэн.
Энэ ногоон байгууламж Улаанбаатар хотын захад биш тэг дунд байх нь ямар их хэрэгтэйг хотын бүх иргэдэд бодитоор харуулна гэдэгт итгэлтэй байна. Сүхбаатарын талбайд хиймэл зүлэг тавих төдийд л иргэд ямар олноороо ашиглаж буйг бүгд харлаа. Зүлэг дээр суугаад тухлан саатах ногоон байгууламж дүүрэг, хороо бүрд байгаасай гэж хүсдэг.
#7. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?
Хорвоод шударга бус зүйл олон ч захаас нь барьж аваад тууштай тэмцэж эхлэх нь иргэн бүрийн үүрэг гэж үздэг. Энэ үүднээс өссөн газрын минь төдийгүй Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг "байсан" цирк маань цирк биш болсныг хөндөж, циркийн захиргаа байсан, одоо Үндэсний хөрөнгө оруулалтын банк байршиж буй барилгыг нурааж 35 давхар орон сууц, оффис барих гэж буйг хөндөж #ЦиркээАваръя хөдөлгөөн эхлүүлэхээр төлөвлөж байна.
#8. Та ажлаа өгөгдөлд түшиглэн явуулахад хууль эрх зүйн орчин хэр ээлтэй байгаа вэ?
Хууль, дүрэм, журам иргэдийн талд байх нь элбэг ч харамсалтай нь хүн бүрт тэгш үйлчилдэггүй, хэрэгжилт нь алхам бүрдээ дабль стандарттай үйлчилдэг нь шударга бус байдлыг өөгшүүлж, хуульд болон төрд итгэх итгэл улам алсарч байгаад санаа зовж байна.
#9. Дата ертөнцөд ямар соёл түгээн дэлгэрээсэй гэж та хүсдэг вэ?
Дараах соёлыг иргэн, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд бүрт суусан байхыг хүсдэг юм.
-Өөрт нь хамааралтай, нээлттэй байх ёстой бүхий л датаг ил болгохыг шаардаад зогсохгүй тэр мэдээлэл нь ашиглахад, олдоход хялбар байдлаар байршуулахыг шаарддаг байх.
-Өөрт нь хамаааралтай мэдээллийг хаанаас олохоо мэддэг байх, тухайн мэдээллийг хоёрдагч эх үүсвэрээр баталгаажуулж хувь, хувьсгалдаа ашиглаж сурах.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдлүүд
Шинэ нийтлэлээс хоцрохгүй байцгаая.
Имэйлээ үлдээгээрэй