Logo

Deep Insight: 4 толгой “залгисан” Тавантолгой ба дүр эсгэсэн ТУЗ

Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” ТББ, олон улсын “Open extractives” төслийн дэмжлэгтэйгээр Монголын дата клубын хэрэгжүүлсэн “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” өгөгдлийн шинжилгээ, дата сэтгүүл зүйн 5 сарын хөтөлбөрийн хүрээнд нээлттэй мэдээллийг ашиглан бэлтгэсэн бөгөөд 2023 оны 4 дүгээр сард нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
Datastory · 2024-01-16 · Уншсан: 828

“Эрдэнэс тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацааг УИХ өнгөрсөн долоо хоногт дахин хагас жилээр сунгалаа. Гишүүд бүгд л “БЭТ Ж.Ганбат сайн ажиллаж байгаа” хэмээн магтацгаав. Зарим нь бүүр “наад хүнээ Сангийн яам руу нь явуулж, үндсэн ажлыг нь хийлгэ. Төрийн ажил хэцүүдлээ” гэж халаглаж байна билээ. Үнэхээр энэ цаг үед төрд хэрэгтэй зайран БЭТ л байна.

Онцгой дэглэмийн хугацаанд компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан гэнэ. Ялангуяа, он гарснаас хойш эхний улиралд 7.5 сая тонн нүүрс экспортолжээ. “Экспорт энэ эрчээрээ явбал оны төгсгөлд 30 сая тоннд хүрч чадна” гэж төрд хэрэгтэй зайран маань итгэл төгс айлтгав. ҮСХ-ны мэдээллээр Монгол Улс 2022 онд 31.8 сая тонн нүүрс экспортолсон. Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой” дангаараа улсын нүүрсний экспортын жилийн хэмжээг гаргах боломжтой гэсэн үг. Харин БЭТ тавхан сарын дотор компанийг сэвхийтэл босгоод ирлээ. БЭТ томилоод төрийн өмчит компанийн үйл ажиллагаа сайжирчихдаг бол Төлөөлөн удирдах зөвлөл гэж байх юун. Уг нь нэг хүнээс хамааралгүй систем ажиллуулах гэж ТУЗ-ийг оройд нь залсан шүү дээ.

Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, хянах үүргийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг дүрэмтэй. Гэтэл хуулиар тогтоосон энэ дүрэм хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй, төрийн өмчит нүүрсний аварга компанийн ТУЗ-д үйлчилдэггүйг өнгөрсөн түүх нь хүүрнэх аж. Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбат “ТУЗ-ийн гол ажил бол гүйцэтгэх удирдлагыг томилох, ажиллуулах, хяналт тавих, чиглүүлэх. ТУЗ-ийн гол зорилго нь компанийн эцсийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Компанийнхаа эрх ашигт үйлчлэх үү, томилсон яам, байгууллагынхаа эрх ашигт үйлчлэх үү гэдэг нь гол асуудал болдог” гэв.

“Эрдэнэс тавантолгой” ХК байгуулагдсанаас хойших гүйцэтгэх эрх мэдлийн тамгыг атгасан хүмүүс хууль хяналтынхны үүдэнд байсгээд уягддаг. Долоон гүйцэтгэх захирлын дөрөв нь торны цаадах амьдрал туулсан, бас туулж яваа. Харин үлдсэн гурав нь компанийн гүйцэтгэх захирлаар жил хүрэхгүй хугацаанд ажиллаж, өөрсдөө халагдах өргөдлөө өгөөд таг чиг болжээ.

Гэтэл эсрэгээрээ тэдний ард гол шийдвэр гаргадаг ТУЗ цэвэрхэн үлддэг. Өнөөг хүртэл тус компанийн түүхэнд ТУЗ-ийг 9 хүн даргалж байснаас ял эдэлсэн ганц л хүн бий. Яагаа вэ, нөгөө “хүргэн” Г.Дэнзэн.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд ихэвчлэн улс төрийн томилгоогоор томилогддогийг Үндэсний аудитын газрын 2019 онд хийсэн тайланд маш тодорхой анхааруулж бичсэн байх аж. “ТУЗ-ийн гишүүд …ямар шалгуураар хэрхэн томилогдсон нь тодорхойгүй, тогтвор суурьшилгүй байгаа нь Саанхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-т заасан ТУЗ-ийн гишүүд нь боловсрол, мэдлэг, дадлага туршлагын тухайд комдпанийг зохистой удирдах шаардлагыг хангасан, салбарын өндөр мэргэшсэн байх гэсэн компанийн засаглалын зарчимтай нийцэхгүй байхын зэрэгцээ улс төрийн нөлөөнөөс ангид байж чадахгүй байна” гэжээ. Энэ дүгнэлтээс харахад, компанийн түүхийг харахад ч тэр аль нам сонгуульд ялж, засгийн эрхийг авна тэр намын эрх дарх ЭТТ-д ноёлдог аж.

 

 

Бид энэхүү нийтлэлийг бэлтгэхийн тулд “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-н амьдралыг зах зухаас нь мэдэх эх сурвалжуудтай уулзсан. Тэдний нэг “Угаасаа Ерөнхий сайдын хүмүүс л ТУЗ-ийн дарга болдог. Тэрийг мэдэхгүй хүн байдаггүй шүү дээ” гэв. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүд улс төрийн даалгавартай тул шийдвэр нь бизнесийн зарчимтай нийцдэггүйг гайхах юун.

 

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хамгийн анхны ТУЗ-ийн дарга нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан бол гүйцэтгэх удирдлагыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Энэбиш хариуцаж байв. Д.Сугар, Б.Энэбиш нарын хийсэн хамгийн том ажил нь 2012 оны сонгуулийн популизмд зориулан “Чалко” компаниас нүүрсний урьдчилгаа нэрээр 350 сая ам.доллар авсан. Энэ үед ээлжит сонгуулийн дараа Д.Сугар Үндсэн хуулийн Цэцийн сэнтийд заларсан бол Б.Энэбиш дараагийн засагт суудлаа тавьж өгөв. “Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын “Чалко” компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй “шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Улмаар эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон. Тэр Монголд ирсэн эсэх, түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь өнөө хэр нь тодорхойгүй” хэмээн “Зууны мэдээ” сонин 2016.10.18-нд “Захирлууд нь золигт гардаг ЭТТ” нийтлэлдээ бичжээ.

 

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийг анх байгуулж асан 2009 онд Монгол Улсын ДНБ 6.5 их наяд төгрөг байсан бол 2012 он гэхэд 2.5 дахин нэмэгдэж 16.7 их наяд төгрөгт хүрэв. Төсвийн орлого мөн хоёр их наядаас 4.5 их наяд төгрөг болж тэллээ. Гадаад зах зээлд нүүрс, зэсийн ханш таатай байж, дотоодод Оюутолгой, Тавантолгой зэрэг зэс, нүүрсний томоохон ордууд эргэлтэд орох зэргээр дэлхийн санхүүгийн хямралын дараах эдийн засгийн идэвх тулганд ноцож буй гал шиг дүрэлзэж байлаа.

 

ОЛЗЛОЛДСОН БУЛААЛДСАН ОН ЖИЛҮҮД

 

Нэгэн үе хэвлэлийн “баатар” болж байсан “Хүргэн Дэнзэн”-гийн гэх мэдээллүүдийг гарчиглах бүрд “Ардын элч”-ийн урвагч Дүлзэнгийн дүр нүдэнд харагдаж, хуншгүй зан нь санаанд буудаг байв. Түүнээс биш түүний хууль хяналтын байгууллагад шалгагдаж, улс төрийн халуун сэдвийн гол дүр, хоёр намын улс төрийн онооны “бай” болж байсан шалтгааныг ойшоодоггүй байж. Г.Дэнзэн 2008 оноос Н.Алтанхуягийн шадар туслах (мөн худ ургийн харилцаатай болсон), хожим Ерөнхий сайд болоход нь ЗГХЭГ-ын дэд дарга болж дэвшсэн. Улмаар эл албан тушаалаараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга автоматаар болсон. Анхны ТУЗ-ийн дарга Д.Сугараас ялгаатай нь 30 ч хүрээгүй тэр залуу УИХ-ын тогтоолоор томилогдоогүй. Оюутан байхад нь Н.Алтанхуяг Тавантолгой, Оюутолгойн эдийн засгийн хэтийн тооцооллыг хийлгэхээр дэргэдээ шилж авсан. Энэ түүхээ Г.Дэнзэн ч ярилцлагадаа, Н.Алтанхуяг ч “Шударга бусын хонгил” номондоо дурдсан байдаг.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас яагаад Г.Дэнзэнг “Эрдэнэс таваантолгой”-н ТУЗ-ийн дарга болгосныг асуухад нэг их том харснаа, ямар ч хариулт хэлэлгүй ордны хоёр давхрын коридороор алхаж одсон юм.

 

Г.Дэнзэн ТУЗ-ийн даргаар жил хүрэхтэй үгүйтэй ажилласан. Бизнесийн зарчмаар төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргын шалгуурыг хангаж орж ирээгүй учир Н.Алтанхуягийн Засгийн газарт АН доторх фракцаас, сөрөг хүчин МАН-ын аль алинаас нь үзүүлсэн шахалтаар тэр буусан. Гэхдээ буухдаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг хөлдөө чирэв. Эрх мэдлээ урвуулан ашиглаж “Говь повер” гэх компанид давуу эрх олгож, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Я.Батсуурьт 3.5 жилийн хорих ял оноосон юм.

 

Н.Алтанхуяг, Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын засаглалын үед “Эрдэнэс тавантолгой” хүнд нөхцөлд байв. Нүүрсний ханш уруудаж, “Чалко”-той байгуулсан хатуу нөхцөлтэй гэрээний балгаар өөр олборлогч оруулж ирэх боломжгүй, нүүрс олборлолт нь өртгөө ч нөхөж чадахгүй байгааг Я.Батсуурь нэг биш удаа хэвлэлд ярьж байсан билээ.

 

Тиймээс Тавантолгой ордыг хамтран ашиглах гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой болох хүртэл Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын зээлээр үйл ажиллагаагаа явуулж байв. Гэвч АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шенхуа”, “Эрдэнэс тавантолгой” хамтран төслийг урагшлуулахаар тохиролцоонд хүрээд байсан ч 2014 оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцров.

Н.Алтанхуягийн орыг залгасан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хөрөнгө оруулагчдын дүр солигдов. Монголын талын бүрэн эрхийг “Энержи ресурс” ХХК, 49 хувийг БНХАУ-ын “Шенхуа” эзэмшиж, харин Японы “Сумитомо” корпорац гуравдагч орны зах зээлд гаргах гол ажлыг гардахаар орж ирснийг “Монголиан майнинг журнал” сэтгүүл 2016 оны дугаартаа нийтэлжээ. “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-т байсан, “Алтан гадас” фракцын Ч.Сайнбилэг томилогдсон бөгөөд энэ хугацаанд компани гурван ч гүйцэтгэх захирлын нүүр үзэв. Тэгээд 2016 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар “Эрдэнэс тавантолгой” дахь Ардчилсан намын ноёрхол нуран унаж, фракц хоорондын тэмцэл намжив.

Түүхий эдийн ханшаас үүдсэн хямрал 2016 онд улсын төсвийн алдагдлыг нэг их наяд төгрөгт хүргэв. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр болж, Ажлын хэсгийн ахлагчаар УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж ажиллав. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеэс эхэлсэн яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж, 2017 онтой уралдан талууд гэрээ үзэглэх нь бараг тодорхой болчихоод байсан юм. Гэхдээ 2016 оны сүүлчийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.

Популизмын төлөөс болсон “Чалко” компанийн 350 сая ам.долларын өрийг 3 сонгууль, 4 засгийн нүүр үзэж байж 2017 оны гуравдугаар сард төлж дуусган, компани анх удаа ашигтай ажиллав. 2017 онд гялайж гялтайсан ганц мэдээ нь энэ л байв. Бусдаараа тэр жил эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч халуун өрнөсөн билээ. Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал нүүрлэсэн тул Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, төсвийн алдагдлыг бууруулахаар долоон төрлийн татвар хураамжийг үе шаттай нэмж эхэлсэн. Мөн “Шударга 5”-ын жагсаал болж, улс төрийн эрх мэдэл У.Хүрэлсүхэд ирэв. Энэ үеэс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тоглоомын дүрэм өөрчлөгдөв.

 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" УУХҮ-ИЙН САЙДЫН МЭДЭЛД ОЧИВ

 

УИХ-ын 2018 оны “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолоор тус компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанаас гарган бие даасан компани болгов. Засгийн газрын тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийн 70 хувийг УУХҮЯ, 30 хувийг ТӨБЗГ хэрэгжүүлэхээр тогтож, ТУЗ-ийн гишүүдийн тоо ес байсныг 11 болгож нэмэв. ТУЗ-ийг УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баяраа тэргүүлж, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ТУЗ-д оруулж ирэв. Хэдийгээр компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжихад гүйцэтгэх удирдлага ТУЗ-д байх нь зохимжгүй гэж яригдаж байсан ч Б.Ганхуягийг УИХ дээр Т.Аюурсайхан зүтгүүлснийг хэвлэлийнхэн мэр сэр хөндөж байсан юм. Мань хүн ТУЗ-ийн хурал дээрээ “Байнгын хороо намайг дэмжсэн” хэмээн томорч байсан тухай эх сурвалж хэлсэн юм.

Харин ТУЗ-ийн дарга М.Баяраа бол Д.Сумъяабазарыг 2012 онд СХД-ээс УИХ-д сонгогдсоноос хойш байнга хамт яваа. Д.Сумъяабазар гишүүн болоход М.Баяраа СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга болж, 2016 онд дахин парламентад сонгогдоход дүүргийн Тамгын газрын даргаар очив. Улмаар 2017 онд Д.Сумъяабазар УУХҮ-ийн Сайдаар томилогдоход М.Баяраа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга болсноор “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын сэнтийд заларсан. Харин 2020 оны 10 дугаар сард Д.Сумъяабазар гэнэтийн шийдвэр гарган хотын дарга болоход М.Баяраа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, дараа нь хотын ерөнхий менежер болж, тэд хоёул Хангарьд ордонд ажиллаж эхэлсэн байна. Бат бөх энэ хэлхээ Д.Сумъябазар, М.Баяраа нарыг хаа ч явсан хамтдаа гэдгийг харуулав.

 

Энэ талаар М.Баяраагаас тодруулахад “Надад санал тавьсны дагуу би дээрх ажлуудыг хийсэн. Хотын дарга бид хоёрт эдийн засгийн, эрх ашгийн сонирхол байхгүй” гэсэн юм.

 

 

 

М.Баяраа жил орчмын дараа ТУЗ-ийн даргын эрхээ Үндэсний хөгжлийн газрын захирал Б.Баярсайханд шилжүүлэв. Тэр мөн л Д.Сумъяабазартай холбогддог. Санхүүгийн зохицуулах хорооны нээлттэй мэдээллээр Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 15.99 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг бизнесийн хамтрагчид юм. Б.Баярсайханыг 2016 оны наймдугаар сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын захирлаар томилсон. Хувийн хэвшилд, тэр дундаа япончуудтай ойр ажилладаг компаниудаас гэнэт л төрийн өндөр албан тушаалд тухалсан Б.Баярсайхан төрийн шатлан дэвших зарчмыг огоорон ТУЗ-ийн дарга болжээ.

2017 оноос хойш “Эрдэнэс тавантолгой”-д уул уурхайн сайдын баруун гар, бизнесийн хамтрагч нар засаглаж байхад өмнөх гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг мөргөцөг алга болсон хэргээр баривчлав. Хууль хяналтынхан түүнийг хэсэг хорьж, хэдэн сар байцааж, үүдэндээ уяж байгаад удалгүй сулласан юм. Тэрхүү мөргөцгийн хэрэг одоо ч нүүрсний хулгайн хавсарга сэдэв хэвээр байгаа билээ.

“Эрдэнэс тавантолгой” дахь уул уурхайн сайдын засаглал ТУЗ-ийн хоёр даргаар дамжин хоёр жил үргэлжлэв. Энэ хугацаанд компани олон ч “охин”-той боллоо. Компанийн 30 хувийг гадаад зах зээлд гаргахаар “Эрдэнэс тавантолгой майнинг”, төмөр замын төслүүдээ урагшлуулахаар “Тавантолгой төмөр зам” компани байгуулж Гашуунсухайт — Тавантолгой, Зүүнбаян — Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт руу хөрөнгө урсав. Үүндээ зориулж бонд хүртэл гаргалаа. Мөн өдгөө ид өрнөж буй оффтейк гэрээнүүдийг олноор нь байгуулж, мөн нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах нэрээр “Тавантолгой түлш” ХХК гэх “охин” төрүүлэв.

 

Хоёрхон жилд их зүйл амжуулсан ч одоохондоо төмөр зам гүйцэд ашиглалтад ороогүй, “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК нь татан буугдсан. Бондын эргэн төлөлт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн балансад өр болон үлдэж, “Тавантолгой түлш” ХХК 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан” гэх пиарын үүргийг тун сайн гүйцэтгэсэн билээ.

 

ХЭНТИЙНХНИЙ МЭДЭЛД ОЧИВ

 

Идэр гурван есийн хүйтнээр нялх биетэй, нярайгаа тэврэн таавчигтай зогсох ээжийн зураг нийгмийн сүлжээг доргиож, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах “шидтэй” байв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны 1 дүгээр сард дараагийн Ерөнхий сайд болсноор “Эрдэнэс тавантолгой” ХК дахь засаглал ч бас дараагийн хүндээ халаагаа шилжүүлэв. Энэ удаад ТУЗ-ийн даргаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ томилогдлоо.

Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэс тавантолгой”-д эзэн суух гэсэн эрх баригчдын тэмцэл ид өрнөж байх үед МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад тохой нийлүүлж байсан андууд. Л.Оюун-Эрдэнэс НАМЗХ-ны тэргүүн, Б.Бат-Эрдэнэ Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. НАМЗХ-оос улс төрд ороход нь У.Хүрэлсүх намынхаа залуу үеийг хэрхэн дэмжиж байсан талаар Б.Бат-Эрдэнэ хувийн блогтоо бичсэн байдаг юм. Тэр ТУЗ-ын даргаар жил зургаан сар ажиллаад, 2022 оны хавар БОАЖ-ын Сайдаар дэвшсэн.

 

 

 

Улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд ямар нэг байдлаар “Эрдэнэс тавантолгой”-той холбогддог жишээ олон байдгийг тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан эх сурвалж хөндөв. Тэрбээр “УИХ-ын 76 гишүүн бүгд л ЭТТ-н нүүрс тээвэрт ядаж нэг нэг машин байдаг” гэв. Гэлээ гэхдээ ТУЗ-ын хурал дээр иймэрхүү асуудлыг хөндөх, ядаж худалдан авалтын төлөвлөгөө, үр дүнгээ ч олигтой ярих боломжгүй байдаг. Зарим ТУЗ-ийн дарга бол за наад асуудлуудаа хурдан хэлэлц, тэгээд гарын үсэг зураад явуул гэх зэргээр тухайн хурлыг удирдаж байгаа хүнээс их зүйл шалтгаалдгийг тэрбээр онцолсон юм.

Хоёр жил үргэлжилсэн Ковидын улмаас царцаад байсан эдийн засгаа сэргээхэд нүүрсний экспортын орлого амь тариа шиг хэрэгтэй байв. Засгийн газар боомтууд дээрээ ажиллаж, эрх баригчид өмнөд хөрштэй ойр ойрхон уулзаж, нүүрсний татан авалтыг нэмэгдүүлсэн ч Ковидын өмнөх үеэс бараг 20–30 хувь чангарчихаад байсан ам.долларын ханш сулрахгүй л байлаа. Гадаад валютын албан нөөцийг зузаатгахын тулд “Эрдэнэс тавантолгой” ХК-д 2022 онд багтааж 500 сая ам.доллар олж ирэх үүрэгтэй болов. Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг үсрээд 350 саяыг нь л бүрдүүлж дөнгөнө гэдгээ хэлжээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн ч валют орж ирэхгүй байсан шалтгаан нь Б.Ганхуягийн үед байгуулсан есөн оффтейк гэрээ байв. 2018 онд ойр ойрхон гаргасан УИХ, Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх гэж нүүрсээ урьдчилан борлуулах замаар төмөр зам, нүүрс угаах үйлдвэрүүд гээд дэд бүтцийн төслүүдэд оруулсан байв. Өдгөө нүүрсний хулгайн гол агуулга эдгээр оффтейк гэрээн дээр яригдаж буй.

Ийнхүү 2022 аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-д таван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Үүнээс сар хагасын дараа Б.Ганхуягийг өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэмээн баривчилж, түүнтэй холбогдуулан шалгаж буй авлигын хэргүүдийн талаар АТГ мэдээлсэн билээ.

 

 

 

Ж.Ганбат бол 2020–2022 оны ТУЗ-д Сангийн яамыг төлөөлөн сууж байсан хүн. Гарал үүслийг нь хөөвөл Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, ах Ж.Ганбаатар нь Хэнтий аймгийн ЗДТГ-ын Тамгын газраар ажилладаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой нутаг нэг.

 

Намын даалгавраар тэр тавхан сарын дотор нүүрсээ биржээр арилжиж, үнэлгээг нь нэмж, С зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг шинэчилж, ам.долларын ханшийг хазаарлаж чадав. Энэ бүхэнд ТУЗ ямар оролцоотой байсан нь тодорхойгүй. Уг нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллах нь маш өндөр хариуцлага. Компани урт хугацаанд, тогтвортой орших эсэх нь ТУЗ-ийн шийдвэр, менежментийн бодлогоос хамаардаг. Гэтэл “ЭТТ”-н үе үеийн ТУЗ орчин үеийн компанийн засаглалын дүрэм, зарчмаас ихээхэн холуур байсаар ирснийг дээрх түүх харуулж байна.

 

ХАРААТ БУС ГИШҮҮД Ч ХАРААТ БАЙДАГ

 

“Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүдийн зургийг бариад л явахад улс төрийн хүрээнийхэн эхнээс нь тэр тэрний хүн гээд толгой дараалуулан хэлэх аж. Хараат бус гишүүд нь ч гэсэн улс төрд нөлөөтэй хэн нэгний хараат байдгийг аудитын дүгнэлтэд бичсэн байв. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн хараат бус гишүүдээр Р.Батболд,Г.Даваажаргал, Б.Очбадрах нарыг томилжээ. Гэвч 14 хоногийн дараа ээлжит бус хурлаар тэдгээр гишүүдийг өөрчлөн Э.Ганбаатар, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг томилсон байна. Гэтэл Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн, одоогийн ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулууны дүү, П.Өлзийнаран нь эрх баригч намын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий гишүүн, БГД-ийн МАН-ын үүрийн даргаар ажилладаг нэгэн байв.

 

Компанийн тухай хуулийн дагуу хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх хорооноос сонгон шалгаруулалтаар сонгох ёстой ч 2018 оны есдүгээр сарыг хүртэл ТУЗ-ийн хараат бус гишүүдийг хэрхэн томилсон нь тодорхойгүй хувьцаа эзэмшигч буюу толгой компани “Эрдэнэс монгол” ХХК-аас шууд томилж ирсэн нь аудитын дүгнэлтэд байна.

 

Ерөөсөө төрийг төлөөлж ТУЗ-ийн гишүүн болох этгээдийг төрийн байгууллага хэрхэн дэвшүүлж гишүүн болгох ажиллагаа ч эрх зүйн хувьд ч тодорхой биш байдгийг аудит анхааруулжээ. Томилгоо нь ийм байхад сахилга хариуцлагын талаар ярих нь бүр алсын мөрөөдөл гэлтэй. Төрийн өмчит компанийн засаглал гэдэг зөвхөн ТУЗ гэлтгүй өргөн хүрээтэй ойлголт байдаг аж. Манай улсын засаглалын соёлд улс төрийн томилгоо байдаг учраас зөвхөн ТУЗ-ийн асуудлыг хөндөөд, хяналтын зөвлөл, хараат бус гишүүд, олон нийтийн зөвлөл, комплеанс гээд бусдыг нь ярих цаг нь болоогүй мэт.

Саяхан “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийг татан буулгаж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд гурван ТУЗ-тай байхаар төлөвлөж буйгаа хэлэв. Нүүрс, эрчим хүчний группт, Зэс металлын групп, толгой компанид тус бүр 9–11 гишүүнтэй байх аж. Гүйцэтгэх удирдлага ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орохгүй. Өмнө нь төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгийг хараат бус гишүүн бүрдүүлдэг байсан бол одоо 49 хувьд нь хараат бус, мэргэжлийн гишүүдийг сонгон шалгаруулахаар Засгийн газар шийджээ. Харин толгой компанийн төрийг төлөөлөх 51 хувьд яамдуудаас нэр авч, Сайдаар ахлуулсан комисс сонгон шалгаруулалт хийх юм байна. Групп компанийн ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг толгой компани хийнэ.

 

С.Наранцогт “Үнэхээр чадвартай, бизнесийн туршлагатай хүмүүс манай компанид ороод ирээсэй гэж хүсэж байна. 49 хувь гэдэг боломжийн тоо. Энэ дээр чадвартай мэргэжилтнүүд ороод ирвэл сайн шийдвэр гаргаж чадна гэж итгэж байна” гэв.

 

Гэхдээ энэ шийдэл улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж, компани үр ашигтай ажиллаж, гүйцэтгэх захирлууд нь дангаараа ял үүрдэг одоогийн системийг өөрчилж чадах эсэхийг хэлэхэд эрт байна. Төрийн өмчит компаниудыг баялаг дагасан хараалаас ангид байлгахад бүх түвшиндээ ил тод байхыг олон улсын жишээ харуулдаг. Ил тод байх нөхцөл нь олон нийтэд нээлттэй компани болсноор бий болдог. Онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх талаарх чуулганы хуралдаан дээр Эрдэнэс тавантолгой ХК-н хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, олон нийтэд нээлттэй компани болгох талаар хуруу дарам цөөн гишүүн асууна лээ. Гэвч Ажлын хэсгийнхний амнаас олон нийтэд нээлттэй компани болгох талаар лав үг унаагүй.

 

Сэтгүүлчид — С.Уянга (Зууны мэдээ сонин), Б.Эрдэнэчимэг (gogo.mn)

Дата дүрслэл –Монголын дата клуб, М.Доржханд (Нанжины аудитын их сургуулийн магистрын оюутан, дата шинжээч)

Дата сэтгүүлч, редактор — З.Цэлмэг (Монголын дата клуб)

Ерөнхий редактор — Д.Мөнхчимэг (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх)