“Хаалттай” өгөгдлийн сангуудад аминчхан зөвлөе
Datastory · 2023-03-31 · Уншсан: 558

“Монголын дата клуб”-ын залуучууд төрийн өмчит уул уурхайн гурван компанийн худалдан авалтын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээний явцад төрийн нээлттэй өгөгдлийн сангууд “хаалттай” гэдэг дүгнэлтэд хүрсэн билээ.

Юун төлөө төрийн 300 гаруй мянган мөр нээлттэй өгөгдөлтэй ажилласан билээ ядаж ямар асуудлууд тулгардаг, тэр нь үнэн чанартаа нээлттэй өгөгдлийн чанарыг ямар муухай доош чангааж байгааг, хэрхэн тэрхүү чанаргүй “татах хүч”-ний нөлөөнөөс гарч болох тухай бид өөрсдийн зүгээс аминчхан зөвлөмж өгөхөөр бэлтгэлээ.

Шилэн дансны хувьд бид цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээших 17,494 гүйлгээний өгөгдөлтэй ажилласан.

  1. Юуны өмнө, шилэн дансны өгөгдлийн санг хөтлөх нэгдсэн журам, стандарт, гарын авлагатай байхыг зөвлөж байна. Зарим компани өссөн дүнгээр, зарим нь сарын гүйцэтгэлээр гүйлгээгээ бүртгэсэн нь дата шинжилгээний явцад эргэлзээ үүсгэж байв. Уг нь, мэдээлэл оруулж буй бүх хүн нэгдсэн ойлголтоор, нэг форматаар мэдээлэлээ оруулах нь маш чухал юм. Өгөгдөл ашиглагч нарын дунд мэдээлэл анхлан оруулж буй хүмүүсийг “бурхан” гэж хөгжилдөн ярьдаг нь цаанаа нэг учиртай.
  2. Шилэн дансанд мэдээлэл оруулахад байгууллагын нэрийг шууд УБЕГ-ын өгөгдөлтэй холбож системтэй холбож, байгууллагын регистр эсвэл нэрээр шалгаж оруулдаг болвол дээр. Ингэвэл байгууллагын нэр алдаатай бичигдэхээс зайлсхийх боломжтой.

УБЕГ-ын Хуулийн этгээдийн мэдээллийн сангийн 208,923 хуулийн этгээдийн бүртгэлтэй тулгалт хийсэн. Ингэхэд сайжруулах дараах боломжууд харагдсан билээ.

  1. Улсын бүртгэлийн мэдээллийн санд аж ахуйн нэгж нь нэрээ өөрчилсөн тохиолдолд тэрхүү холбоосыг оруулж өгөх.
  2. Татан буугдсан компаниудын мэдээллийн санг сайжруулах.
  3. Улсын бүртгэлийн өгөгдлийн сан хуулийн этгээдийг бүртгэхдээ монгол хэлний хэл зүйн дүрмээ дагах.
  4. Гадаад нэртэй компанийг галиглахдаа нэгдсэн стандарт, эсвэл гадаад үг хэллэг буулгах хэл зүйн дүрмээ яг таг баримтлах нь оновчтой юм.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс 6,000 гаруй тендэрийн мэдээлэлтэй ажилласан байна.

  1. API-аар мэдээлэл татаж авч болж байгаа ч хуудасны тоог 100-аар хязгаарласан нь үнэхээр хүндрэлтэй байсныг заавал хэлье. Тиймээс мэдээлэл татан авч байгаа хүмүүсийн стрессийг хамгийн бага түвшинд байлгах талаар бодолцоно уу.
  2. Шилэн дансны системд тендерийн өгөгдөлийг гараар бэлтгэж оруулах нь өгөгдлийн чанарыг газрын гав руу ортол доош чангаадаг гэвэл хэтрүүлсэн болохгүй байх. Энэ нь өгөгдлүүд хоорондоо зөрүүтэй, алдаа ихтэй байх нөхцлийг бий болгодог.
  3. Нэгэнт tender.gov.mn порталд тендерийн мэдээллийг үүсгэж, санал хүлээн авч, шийдвэр оруулдаг үйл явцаас үүссэн анхдагч өгөгдлийг шууд авч ашиглах хэрэгтэй. Харин тендерийг шалгаруулнаас хойшхи мэдээллийг (байгуулсан гэрээний дүн гэх мэт) системд оруулах, ялангуяа tender.gov.mn порталд байх нь зүйтэй бөгөөд эдгээр мэдээллийг шилэн дансны нэгдсэн порталд автоматаар оруулдаг болох эсхүл шилэн дансны порталаас tender.gov.mn өгөгдлийг харуулдаг, татаж авах боломжоор хангах нь илүү ухаалаг шийдэл байх болно.
  4. “Тендер шалгаруулалтыг явуулсан журам” талбарт нэг утгыг олон өөр хувилбараар бичсэн байна. Тиймээс зөв ангиллыг нь ашиглаж, өгөгдөл оруулахдаа сонголттой болгох нь цаашид ийм эрсдэлээс сэргийлнэ.

ХАСХОМ-н 73,794 мэдүүлгийн өгөгдөлтэй ажилласан ба үүнээс 534 нь төрийн өмчит гурван том компанид ханган нийлүүлэлт хийсэн компаниудыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байв.

  1. Төрийн албан хаагчдын эзэмшиж буй компанийн нэрийг Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сангаас сонгож оруулдаг байхаар маягтыг шинэчлэх. Өөрөөр хэлбэл, одоогийн гар аргаар шивж оруулдгийг болиулж, тохиргоотой болгох.
  2. Тухайн хуулийн этгээдийн регистрийн дугаарыг давхар сонгодог байх
  3. Хувь хэмжээ эзэмшдэг талбарт зөвхөн тоон утга оруулдаг байхаар хийхгүй бол “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг зүйрлэл яг бодитоор төрийн нээлттэй өгөгдлийн сангуудад таарч байна шүү.